Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал профессор Д.Уламбаяртай ярилцлаа.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Япон улсад албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Түүний айлчлал ямар онцлог ач холбогдолтой болов?
-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын гол онцлог нь 2017 оны 3 дугаар сард Токио хотноо гарын үсэг зурсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-т эхний шатны явцын иж бүрэн үнэлгээ хийсэн явдал боллоо. Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа анх удаа Япон улсад айлчилж буй У.Хүрэлсүхэд талархал илэрхийлж, Япон улс Монгол Улстай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцолсон бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсын зүгээс өнөөг хүртэл үзүүлж ирсэн өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа нь Монгол Улсын орчин үеийн хөгжлийн суурийг тавихад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж Монгол Улсын “гуравдагч хөрш” Япон улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч тус улсад гурван ч удаа айлчилсанд талархдагаа нотлов.
Ерөнхий сайд Ш.Абэгийн 2013 онд дэвшүүлсэн “Эрч”, “Эрч+” санаачилгуудыг Монголын тал өндрөөр үнэлдэг бөгөөд эдгээр санаачилгыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэсэн байна. Эрч санаачилга гэдэг нь Стратегийн түншлэлийг ардчилал, энхтайван, бие биедээ харилцан туслах гэсэн гурван үзэл санааны дагуу эрчимжүүлэн хөгжүүлэх тухай гэж ойлгож болох юм.
-2017-2021 онд Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ удаагийн айлчлалаар хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний үр дүнг тодорхойлсон юм байна. Судлаачийн хувьд энэ хөтөлбөрөөс ямар хүлээлттэй байна вэ?
-Хоёр улсын Ерөнхий сайд нар “Монгол, Японы Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, соёл, олон нийтийн солилцоо зэрэг өргөн хүрээнд харилцаа бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Ер нь стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрүүдэд ингэж явцын үнэлгээ, дүн шинжилгээ хийж байх хэрэгтэй юм. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг, олон улсын салбар дахь хамтын ажиллагаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл, иргэд хоорондын солилцоо гэсэн чиглэлээр нэлээд нарийвчлан хийжээ. Өөрөөр хэлбэл жил хагасын хугацааны ажлын тайлан гэж хэлж болохоор байна. Одоо 3 жил үлдэж байна. Хамгийн гол бүтээн байгуулалт нь нэгдүгээрт, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг хугацаа алдалгүй ашиглалтад оруулах, хоёрдугаарт, Монголын тал эдийн засгаа төрөлжүүлж, экспортоо хэрхэн нэмэгдүүлэх тухай асуудал болно.
-Токиод Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээхээр болсон байна. Манай бизнесийнхэнд том боломж авчирна гэж хараад байна л даа. Ер нь тус улсад худалдааны төлөөлөгчийн газартай болсноор хоёр улсын эдийн засагт ямар өөрчлөлт бий болох вэ?
-Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн сард ОХУ-ын Владивосток, БНХАУ-ын Бээжин, Япон улсын Токио хотод Худалдааны төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ нь Монгол Улсын дурдсан чиглэлд худалдаа-эдийн засаг, дэд бүтэц, ложистикийн чиглэлийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгааг харуулж байгаа хэрэг. Бээжин, Токио дахь Монголын ЭСЯ-нд худалдаа-эдийн засгийн атташе, зөвлөхийн аппарат ажилладаг. Миний ойлгож байгаагаар энэ нь ЭСЯ-наас тусдаа бие даасан бүтэц байх болов уу. Худалдааны Төлөөлөгчийн газар аж ахуйн нэгжүүдийг тухайн орныхоо худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хууль, эрх зүйн орчны талаарх тодорхой, бодит мэдээллээр хангах, бизнесийг нь дэмжих, эрх ашгийг нь хамгаалах, үзэсгэлэн, экспортод оролцоход нь дэмжлэг үзүүлэх, хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн түншлэлийн гэрээ, хэлэлцээрийг тайлбарлах, зөвлөх, бараа бүтээгдэхүүний татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийг бүрдүүлэх зэрэг чиглэлээр бие даан ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллагуудтай шууд харьцах болов уу.
-Ерөнхий сайдын айлчлалын үеэр худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцжээ. Японы хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөв ямар байна уу?
-Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтын ажиллагааны дэд хороо 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр анхдугаар хуралдаанаа амжилттай зохион байгуулсныг сайшааж, хэлэлцээрийн хүрээн дэх хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус дэд хороог тогтмол хуралдуулж байхаар санал нэгдэв. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Монголын тал эдийн засгаа төрөлжүүлж, экспортоо нэмэгдүүлэх шаардлага хэвээр байна. ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Японы Засгийн газраас Монгол Улсад олгож буй “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл” нь Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой удирдлага, ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой болж байна.
Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал нь Монгол, Японы хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн солилцоог өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээр байна. Монгол Улсын Засгийн газар шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулах гэрээний үүрэгт ажлыаа эрчимжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны менежмэнтэд шаардлагатай холбогдох бүх ажлуудаа бүрэн дуусгахаа нотолсон байна. Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх үлэмж нөөц бололцоо байгааг тэмдэглэж, энэ чиглэлд РРР-г эрчимжүүлэх, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарыг улам бүр хөгжүүлэх, ноолуурын салбарын чухлыг онцолж, дээрх чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтжээ. Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар нь гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болж байгаа бөгөөд тус төвөөр дамжуулж Монгол дахь Японы хөрөнгө оруулалтыг тэлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх ажээ. Гэхдээ хамгийн гол нь Монгол Улсын төр засаг, эдийн засгийн тогтвортой байдал, гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлага чухал билээ.
-Хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийсний дараа Хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны талаар юуг онцолмоор байна. Ажил хэрэг болох ямар, ямар санаачилгууд байна вэ?
-Давхардуулахгүйгээр тэмдэглэхэд, Япон улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэгийг сүүлийн 6 жилийн турш үзүүлж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлэсэн байна. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол, АНУ-ын хамтран зохион байгуулж буй “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилтад Япон улс үргэлжлүүлэн идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Япон улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохыг Монгол Улсын Засгийн газар цаашид ч тууштай дэмжих бол Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэх эрмэлзлийг Япон улс дэмжиж байгаагаа нотлов.
Солонгосын хойгт сүүлийн үед өрнөж буй нааштай үйл явцууд, түүний дотор АНУ-БНАСАУ болон БНСУ-БНАСАУ-ын хооронд болсон дээд түвшний уулзалтууд нь маргаантай асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд чиглэсэн алхам болсон хэмээн сайшаан тэмдэглэж, Зүүн хойд Азийн энхтайван, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг Монгол Улсын санаачилга, байр суурийг ойлгон хүлээн авч байгаагаа илэрхийлэв.
Японы тал “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай”-г цогцлоох чиглэлд гаргаж буй хүч чармайлтынхаа талаар мэдээлж, Монгол Улстай хөгжүүлж болохуйц хамтын ажиллагааны талаар цаашид хоёр улсын зөвлөлдөх уулзалт, Монгол Улс, АНУ, Япон улсын гурван талт хамтын ажиллагааны шинэ формат болон бусад механизмаар дамжуулан үргэлжлүүлэн санал солилцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн ахул Монголын тал Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцчилалд идэвхтэй оролцох сонирхолтой байдгаа нотолж, Япон улсын “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санаа нь тус бүс нутгийн улс орнуудыг хамарсан, интеграцчилалыг дэмжсэн, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааны санаачилга хэмээн ойлгож байгаагаа тэмдэглэсэн байна.