Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг 50 нас хүрч буйг нь тохиолдуулан өнөөдөр (2018.12.21) авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв.
Д.Тогтохсүрэн нь хуульч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Тэрбээр 1991-1996 онд онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга, 2000-2008 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2016 онд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон. Улмаар 2018 оноос Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байгаа. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хорооны гишүүнээр ажилладаг гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.