Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Улс төрийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн асан Р.Раштай ярилцлаа.
-Ардын намын талцал төрийн үйл ажиллагааг гацааж байна. Та энэ намын гишүүний хувьд болж байгаа процессын талаар ямар бодолтой байна вэ. Үүнээс гарах гарц нь юу вэ?
-Би ч улс төрөөс хөндийрөөд нэлээд жилийн нүүрийг үзэж байна л даа. Гэхдээ МАН-ын гишүүн, төрийн албыг хашиж байсан хүн болохоор сэтгэл зовж л сууна. Энэ төрийн ажил дээгүүрээ гацаанд орлоо гэдэг бол яах аргагүй манай намын доторх хагарал, үг хэлээ олохгүй байгаа явдалтай холбоотой. Нэг нь гүрийгээд суугаад байдаг. Нөгөөх нь чи яв гээд дайраад байдаг. Ер нь Монголын улс төрд бугласан идээ бээр шахагдаж, цэвэрших ёстой. Энэ үзэгдэлд эртнээс дүгнэлт хийгээд засч арилгаад ирсэн бол арай ч ийм байдалд хүрэхгүй байсан биз.
-Яавал хоёр тийшээ харсан МАН-ын лидерүүд учраа олох вэ?
-Тэд харилцан ухаалаг буулт хийх ёстой л доо. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг дээ. Тэгээд ч заавал тэндээ шигдээд байна гээд гүрийгээд байх нь зөв юм уу. Үнэхээр ажлаа хийж чадахгүй байгаа юм бол улсынхаа ажлыг бодоод буулт хийх л ёстой шүү дээ. Бие биенийгээ загнаад хэрэггүй. Нам доторх цэц булаалдсан тэмцлийг намжаах гарц нь энэ. Бид 90-ээд оны үед ямар байлаа даа. Нийгмийн өөрчлөлтийг зөв механизмаар эвтэйхэн даван туулж чадсан шүү дээ. Тэр туршлагаа өнөөдөр эргэж хармаар байна. Манай намын түүхэнд ч “Би, чи, баруун, зүүн” гэсэн үзэл 20, 30-аад онд гарч л байсан. Тэр болгонд хурлаа хийгээд, зөв улсуудаа гаргаж ирээд асуудлыг шийдэж байсан түүх Монголын нийгэмд ч, манай намын түүхэнд ч байгаа.
-1990-ээд онд та АИХ-ын депутат байсан байх аа. Тэр үеийн механизмыг ашиглах ёстой гэхээр хоёр танхимтай парламент байгуулах ёстой гэсэн үг үү?
-Улсын бага хурлыг байгуулаад, тэр хооронд хоёр танхимтай парламент ажиллаж байсан шүү дээ. Тэр үед туршлагатай, үнэнч шударга, жинхэнэ эх орноо гэсэн сэтгэлтэй шилдэг хүмүүсийг гаргаж ирж байлаа. Өнөөдөр ийм маягаар ажиллах хэрэгтэй байна.
Тэрнээс цээжээ балбасан биш, харин Ц.Балхаажав, Г.Очирбат, Б.Даш- Ёндон, Жанцан, Пүрэвням, Я.Долгоржав зэрэг мундаг эрдэмтэд хуульчдыг түлхүүхэн гаргаж ирээд, шударга тал руугаа явдаг улсуудаар бүрдүүлээд ажиллах юм бол аятайхан бичиг баримт гарч, зөв голдирол руугаа орно л доо. Нам дотор түймэр авалцаж байхад УИХ-д байгаа манай намын ахмад, хашир нөхөд ажигласан байдалтай чимээгүй суугаад л байх юм. Наад залуучууд нь хоорондоо би чи гэлцээд, тар няр гээд л үзэлцээд байдаг. Дуугарч байгаа хүмүүс нь дандаа улс төр талаас нь яриад байх юм. Улсын бодлого ярьж буй хүн бараг алга.
-УИХ-ын гишүүд, төрийн эрх баригчид хуулиа мөрдөж ажиллах ёстой улсууд биш бил үү. Гэтэл хуулиар хамгаалалтад байгаа юм шиг л аашлах юм?
-Үндсэн хуулиа өөрчилнө гэж олон жил ярилаа шүү дээ. “Уг нь Үндсэн хуульдаа байгаа юм биш. Тэрийг хэрэгжүүлэх арга механизмдаа байна” гээд л Үндсэн хууль батлалцсан хүний хувьд хэлээд явдаг байлаа. Одоо иймэрхүү байдлаас харахад Үндсэн хуульдаа яалт ч үгүй өөрчлөлт хийхгүй бол болохгүй байна л даа. 90-ээд оны эхэн үеийн жишгээр тэрийг хоёр танхимтай парламент байгуулах замаар шийдэж болно. Бага хурлаа байгуулъя. Одоогийн УИХ-ыг больё гэвэл больчихъё л доо. Өнөөдөр шууд сонгууль явуулна гэхэд зовлон байлгүй яахав . Монгол орон ямар нөхцөлд ажиллаж амьдарцгааж байгаа билээ. Гэхдээ шаардлага байвал хийж л таарна л даа.
-Эрх баригчид маань нэг нэгнийхээ идэж, уусныг сөргүүлээд л илчлээд байна. Ийм бэлэн мэдээлэл дээр шүүх прокурорынхон яагаад хөдлөхгүй байна вэ?
-Нэгэнт ил болчихсон процессыг хууль хяналтын байгууллага цэгцлэх л ёстой л доо. Үндсэн хууль дээр Төрийн гурван өндөрлөг, шүүх засаглал гээд байдаг. Тэгтэл шүүх, прокурор, АТГ нь хараат байна. Нэгэнт Төрийн өндөрлөг л юм бол өндөрлөгийнхөө ажлыг л хиймээр байгаа юм. Аль нэгнийх нь талд орохгүйгээр шударга ажилламаар байна. Дээр нь эв нэгдлийг хангагч Ерөнхийлөгч маань чимээгүй маягтай суугаад байх юм. УИХ-ыг тараая гэсэн ерөнхий үг хэлсэн байх.
-Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай гар нийлчихээд байгаа юм биш үү. Энэ ажлыг жинхэнэ зураглаж байгаа хүн л гэх юм байна шүү дээ?
-Улсууд тэгж яриад л байх юм. Цаагуураа яаж гар барилцсаныг нь харсан биш, мэдэхгүй юм даа.
-УИХ-ын даргыг ажлаа өгөхийг шахаж байгаа. Хэрэв Их хурал тарвал төрийн эргэлт болно биз дээ. Тэгээд ч дараагийн хүмүүс гарч ирээд өөрчлөгдөх үү?
-Ухаандаа одоогийн байгаагаасаа дээрдүүлнэ, олон жил үргэлжилсэн бохир юмнаасаа салъя гээд байгаа шүү дээ. Үүний цаана бас засгийн төлөөх өрсөлдөөн явж байгаа. Нэг нь Их хурлын дарга болчих санаатай хүн ч бий л биз. Зарим нь сайд болъё гээд цохиж явна. Ингэж болохгүй шүү дээ. Зөв бодлого л байх ёстой. Ер нь цаашид засаг нь парламентынхаа гадна баймаар байна. Манайх бол парламентын бүгд найрамдах улс байх нь гарцаагүй. Энэ бол улс орны язгуур эрх ашиг. Геополитиктой холбоотой.
-Нэг нэгнийгээ хэмлэж байгаа улс төрийн энэ нөхцөл байдлыг зарим хүн сайн цагийн эхлэл гэж бас хэлэх юм…
-Идээ бээр шахагдаж байна. Энэ утгаараа төр цэвэршинэ л дээ. Ашигт малтмалыг маань бүлэг эрх ашиг ухаж аваад гадагш нь гувчуулж, өнөөдөр ядуу ард түмэн ходоодоороо сонгууль хийдэг ийм л голдрил руу урсаад орчихсон. Үүнээс яаж гарах вэ гэдэгт эрдэмтэн мэргэд, ухаантай хүмүүсээ оролцуулсан яриа хэлэлцээний замд л орох хэрэгтэй байна. Өөрийнхөө эрх ашгийг урьд нь тавих биш, явцуу хэдэн хүний эрх ашгийг биш, явцуу бүлгийн эрх ашгийг биш, улс орны язгуур эрх ашгийг урдаа тавих ёстой.
Сүүлийн үед улс төр нэлээд бужигнаж ухаалаг сайхан ярианууд гарч байна. Энэ болгоныг шүүр шанагандаа тунгааж үзээд юм болгох хэрэгтэй байх даа. Монголчууд чинь баялаг түүхтэй, баян орон шүү дээ. Газар дороо ямар их баялагтай билээ. Бас ч гэж өнөөдөр ард түмэн амьдрах гээд үзээд байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх асуудал ярианаас цааш олигтой явж чадахгүй байна. Хачир дээрээ үндэсний үйлдвэр байгуулна, жижиг дунд үйлдвэр хөгжүүлнэ гээд байдаг мөртлөө түүнд зориулсан мөнгийг нь энэ хэдэн золигнууд хуваагаад идчихсэн байна. Тэд шившгээ дэлгэж байна. Тэгэхээр ард түмний уур хилэн буцлах нь аргагүй. Уг нь ухаалаг бодлогоор ажиллавал энэ нөхцөл байдлаас гарах гарцууд зөндөө бий. Юун түрүүнд мундаг дүгнэлт хийх хэрэгтэй байна. Мөн улс төрөөс төрийн бодлогыг яаж гаргаж ирэх вэ гэдэг ухаалаг гаргалгааг судалгааны үндсэн дээр хийх ёстой. Манайд мундаг эрдэмтэд олон байгааг дахин хэлье. Олон сайчууд байгаа. Даанч тэр ухаан гортигны гадна гарчихсан. Би намынхандаа хэлдэг юм. Улс орны хөгжилд түшиг тулгуур болох судалгаандаа энэ сайхан хүмүүсээ ашиглаж болдоггүй юм уу гэхээр “Тэгнэ ээ” л гэдэг. Тэгээд л таг.
-Сонирхолгүй байна л даа?
-Харин тийм. Явж, явж шинжлэх ухаанаас бодлого руу, бодлогоос практикт гэдэг шүү дээ. Гэтэл шинжлэх ухаан, судалгаагаа орхигдуулаад байгаа юм. Тэгээд л наана нь бодлогоо улс төрийн явцуу эрх ашгаар дүрсэлж ойлгоод яваад байдаг. УИХ-ын гишүүд чинь яг үнэндээ улс төрийн бодлоготнууд мөн юм уу. Зүгээр л улс төр хөөцөлдөгчид болчихоод байна. Жинхэнэ улстөрч гэдэг бол төрийн бодлоготон хүнийг л хэлнэ.
-МАН-ын бага хурлын шийдвэр ямар гарах бол гэж нийгэмд хүлээж байгаа. Гэтэл эд нар учраа олох янзгүй байх шиг. Хоёр тал нэг нэгдээ буулт хийж өгөхгүй бол цаашид ямар нөхцөл байдал үүсэх вэ?
-Одоогийн байдлаар тааж хэлэхэд хэцүү л байна Хөдөө орон нутгаас ирсэн төлөөлөгчидөө сайн сонсох ёстой. Тэд амьдралыг бараг илүү мэднэ.
-Бага хурлын гишүүдийн ихэнх нь намын даргын хүмүүс юм уу даа?
-Намын бодлого анхан шатны үүрээс гарч, шат, шатаар ахиж гардаг. Гэтэл манай нам ийм байхаа больжээ. Их хурлын төлөөлөгчдийг сонголоо гэхэд үүрийн хурлаа ч гишүүддээ зарлахаа больж. Гэнэтхэн хэрэгтэй хэрэгтэй хүмүүстээ хэлээд л, төлөөлөгчөө явуулдаг болсон. Дээрээс захиалгаар тэр, тэрийг сонгоорой гээд л хуруугаараа заадаг. Нөгөө намын шинэчлэл энээ тэрээ ч яалаа. Наад үүрийн дарга нар нь ч тэр дохио зангаагаар ажилладаг. Ийм утсан хүүхэлдэй шиг байж болохгүй л дээ.
-Энэ янзаараа цааш үргэлжилбэл 100 жилийнхээ ойгоор гудамжинд гарах нь л дээ?
-Би дээхнэ үед намын Удирдах зөвлөлийн Ахмадын хорооны хурал дээр намын дарга У.Хүрэлсүхэд хандаж хэлж байснаа санаж байна. Дөмөгхөн ажиллахгүй бол Ардын хувьсгалын 100 жилийн ойг бид гудамжинд, нөгөө арваннэгдүгээр сарын 7-нд Улаан талбайд хэдэн өвөгчүүл СССР-ийн туг бариад явдаг шиг болохыг үгүйсгэх аргагүй шүү дээ.Би муу ёрлож байгаа юм биш шүү. Уг нь Монгол Улсын түүхэнд Ардын хувьсгал жинхэнэ том өөрчлөлтийг авчирсан. Саяхан талийгаач болсон Дамдин дарга надад хэлж байсан юм. “Раш аа бид та нарт цэцэглэн хөгжсөн Монгол орныг гардуулж өгсөн шүү. Та нар өнөөдөр юу болгох гээд байна вэ” гэсэн нь одоо толгойд бодогдох юм. Би тэр үед УИХ-д хуралд суудаг байлаа. Шударга гээд ярьж байгаа хүн ч хоёр талтай. Жинхэнэ шударга хүн ч байгаа. Зүгээр нэг кино жүжигчин ч бий. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Ард түмэн одоо жаахан ухаажиж байгаа байх гэж ойлгож байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч овоо мэдээлж байна. Үнэндээ бид өнөөдөр мөнгөгүйдээ ингэж яваа юм биш. Мөнгө бол байгаа. Мөнгөө шударгаар л хэрэглэх ёстой. Уг нь бид мөнгөний хойноос гүйх биш, мөнгө бидний хойноос явах ёстой юм. Өнөөдрийн банк санхүүгийн зах зээл дээр шударга бус л мөнгө эргэлдээд байна.
-МАН-д У.Хүрэлсүх гэдэг хүний дарангуйлал ноёллоо гэж Д.Хаянхярваа гишүүн бүлгийн даргаасаа огцорсны дараа мэдэгдэж байсан. Үнэхээр танай нам тэр хүний дарангуйлалд орчихов уу?
-Эд нар нэг нэгнийхээ дээр гарах гээд л юу ч хамаагүй хэлцгээх болжээ. Нөгөө парламентын соёл энэ тэр гэж алга. Нэг нэгийгээ муухай харагдуулах гээд л бие биеэ доромжлоод байна. Үүнийг улс төрийн соёл гэх юм уу. Бие биеэсээ улс төрийн хожоо олох гэсэн байдал ажиглагдаад байна шүү дээ.
Ардчилсан нам ч, манай нам ч иймэрхүү л яриад байна л даа. “Их хуралд нэрийг чинь дэвшүүлэхгүй шүү” гэх юм. Энэ юу гэсэн үг юм бэ. Заавал дэвших ёстой юм уу. Зарим нь болохоор заавал дэвшинэ гэж амьдралынхаа зорилго болгочихсон байдаг юм байна л даа. Тэгж баяжих нүх сүв, зөөлөн дэвсгэрээ эрээд байдаг юм болов уу даа. Тэнд байгаа ахмад гишүүддээ шүүмжлэлтэй хандаж байгаа юм. “Болж өгвөл дахиад нэг гарч ирэх юм сан. Дахиад сайд болчих юм сан” гээд л ажиглалтын байдлаар хандаад байх шиг.Уг нь тэд ийм үед манлайлах ёстой улс.
-Ард түмэн энэ хоёр намаас үнэхээр залхсан, бас урам нь ч хугарсан. Дараагийн улс төрийн хүчин гарч ирлээ гэхэд эд нараас дээр байж чадах болов уу?
-Манайд олон намууд байна. Бүгд л бас л амбицад хөтлөгдсөн маягтай. Энэ олон намаар ч яах юм. Намууд зөв голдрилд орж хөгжиж бэхжиж чадахгүй байна. Ардчилсан нам ч чадахгүй байна.
Бид чинь жижигхэн улс, үндэстэн шүү дээ. Юм л болбол тэр тийм, энэ ийм гаралтай гээд л гоочилдог. Өөр өөрсдийгөө ингэж чичлээд байгааг буруу л гэж бодож байна. Хоёр аугаа том гүрний дунд оршиж байгаа шүү дээ. Иймд үндэсний явцуу үзэл бол дэмий. Цэдэнбал гуай, Самбуу дарга нар мундаг бодлого явуулж байсан юм билээ. Яаж зохицуулах уу гээд тарчилж л байж л дээ. Тэгж байж Монгол Улсыг бидэнд үлдээсэн. Гэтэл өнөөдөр төрийн үйл ажиллагаа гацаж, хамгийн чухал яам нь сайдгүй л сууж байна шүү дээ. Хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайруу цагийн байдалд хөдөөгийн малчид яажшуухан байгааг мэдэж байна уу, ер нь. Ялангуяа манай говь руу цас ороогүй, хуурай. Малчид суганы булчирхайгаа цочиртол ховоодоод хэдэн малаа ундалж байна. Жаахан ургасныг нь оготно идээд дөхүүлж байх шиг… Улс амьтны яриаг чагнаж байхад ийм байна. Гэтэл эрх баригчид асуудалд бодитойгоор хандахгүй, ёстой дэвээд л байх юм. Хий цэцэрхсэн юм бидэнд хэрэггүй гэдэг нь харагдаж байна. Ард түмэн хичнээн хүнд байгаа ч ухаарч байгаа байх. Ирэх сонгуулиар сэхээрлийг өгөх байлгүй дээ.
-Саяхан УБТЗ-ын Хамтын хурал болсон дуулдсан. Үр дүн нь ямар болсон бэ?
-Тэгсээн. Асуудлуудаа ярьж шийдэцгээсэн юм билээ. Харин Төмөр замын ерөнхий хороонд Монголын талаас сонгогдсон гишүүдийн хувьд Ахмад төмөр замчин хүний хувьд сэтгэл гонсгор байгаа.
-Яагаад?
-Дахиад л манайхан юмыг зөвхөн улс төрийн өнцгөөс харж, мэргэжлийн хүчин зүйлийг огт харгалзаагүй. Гэтэл нөгөө тал маань жинхэнэ мэргэжлийн мундагчууд байна шүү дээ. Бид тэгэхлээр тэдэнтэй юм ярихад жолдолгүй яахав.