УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Ганболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх үүрэгтэй. Мөн Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана хэмээн хуульд заасан байдаг. Засгийн газраас санаачилсан хууль, бусад асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцох ёстой. Чуулганы дэгийн тухай хуульд зааснаар УИХ, Засгийн газрын гишүүн буюу давхар дээлтэй гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдааныг таслах эрхгүй. Засгийн газрын гишүүд Засгийн газрын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа учраас энэ асуудлыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар тарна” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Олонхын бүлэг ингэж талцаж хуваагдаж байсан тохиолдол Монголын парламентын түүхэнд байгаагүй. Өнөөдөр бид сандал суудлын төлөө хэрүүл хийх эрхгүй. Гэтэл нөгөө хэсэг маань өөрсдийнх нь талд Ерөнхий сайд байгаа гэж үзэж байгаа учраас асуудлыг хүч түрэн шийдвэрлэхээр дайрч байна. Уг нь бидэнд ярилцвал ойлголцохгүй зүйл байхгүй. УИХ-ын даргыг зөөлчлөөд байгаа юм шиг хандаж байна. УИХ-ын даргын сандлыг аливаа гэмт хэрэг, асуудлаа хаацайлах зөөлөн сэнтий гэж хараад байх шиг байна” гэв.