Нийгмийн даатгалын шимтгэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг хувиар нэмэгдэнэ. Ингэхдээ ажил олгогчийн төлдөг хувь 0.5 хувиар, ажилтнаас төлдөг шимтгэл мөн 0.5 хувиар тус тус нэмэгдэж бодогдох юм.
800 мянган төгрөгийн үндсэн цалинтай ажилтны төлөх даатгалын шимтгэл хэрхэн нэмэгдэхээр жишээ авъя. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар өссөн. Үргэлжлүүлэн ирэх оны эхний өдрөөс дахин 1 хувиар нэмэгдэхдээ ажил олгогчоос 800 мянган төгрөгийн цалингийн 12.5 хувийг буюу 100 мянган төгрөгийг НДС-д шимтгэх бол ажилтан өөрөө 11.5 хувь буюу 92 мянган төгрөг НДШ-д төлнө. Ингээд нийгмийн даатгалын шимтгэл төлөөд үлдсэн мөнгөний 10 хувийг ХХОАТ-т төлж, гар дээр 547 200 төгрөг авах нь. Энэ нь одоо гар дээр авч байгаа цалингийн хэмжээнээс 7200 төгрөгөөр багасна гэсэн үг юм. Шимтгэлийг ийнхүү 2020 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа нь Нийгмийн даатгалын сан болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхээ больсонтой шууд холбоотой. 2008 онд 100 гаруй мянган хүн тэтгэвэр авч байсан бол 10 жилийн хугацаанд энэ тоо 410 мянга болтлоо өссөн. Тодруулбал, 1960-аад оны хүн амын ид өсөлтийн үед төрсөн иргэдийн тэтгэвэр тогтоолгох нас ирсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгал болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхээ больжээ.
Ер нь жилд дунджаар 30 мянган хүн шинээр тэтгэвэрт гарч байна. Гэтэл Нийгмийн даатгалын санд жилд дунджаар 2 их наяд төгрөгийн орлого төвлөрдгийн 1.4 их наядыг нь тэтгэвэрт зарцуулдаг байна. Сангуудыг дампууруулчихгүйн тулд шимтгэлийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэлээ.
Төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас баталсан. Бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг бид дагаж байна. Ингэж байж энэ цаг үед тэтгэвэр авч байгаа иргэдэд олгох мөнгөний эх үүсвэрийг тасалчихгүй байна, цаашлаад ажилтны ирээдүйд тогтоолгох тэтгэврийн хэмжээ ч өндөр тогтоно гэж үзэж байна. Одоогоор нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 2.7 иргэний шимтгэлээр нэг хүний тэтгэврийг олгож байна.