Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, олон улсын стандартад хүрч, улс орныхоо нүүр царай, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал”-ыг “Гарааны ветбиотек” болон “Ай Түүлс” компанийн хамт олон хүртлээ.
Шинжлэх Ухааны ажилтны өдрийг тохиолдуулан шинэ бүтээл, оновчтой санааг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэмтэн, баг хамт олонд олгодог уг шагналыг өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх“Үндэсний инновацийн шагнал” гардуулав. “Гарааны ветбиотек” компани малын арьсаар хурдан тархаж хачиг, шимэгч хорхойг устган, цусыг цэвэршүүлж, эрүүлжүүлдэг “Делтамон Пу-Рон” бүтээл, “Ай Түүлс” компани мэдээллийн эх үүсвэрийн аюулгүй байдлыг найдвартай хамгаалах үүрэгтэй “Дата төвийн бүтээгдэхүүн, үйлчилгээ”-г шинээр нэвтрүүлээд буй юм.
Манай эрдэмтэн, судлаачдын бүтээл туурвил амжилт, ололтоор дүүрэн байж, дэлхийн түвшний чансаатай олон арван бүтээл туурвин, эх орныхоо хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр оруулахуйц шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргасныг Ерөнхий сайд шагнал гардуулах үеэр онцоллоо. Мөн шинэ мэдлэг, технологийг зах зээлд нэвтрүүлсэн, шинийг санаачлагч, зохион бүтээгч, аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, санаачлагыг дэмжих, олон нийт, залуу үед үлгэр дууриалал болгох, бизнес эрхлэгчдийг шинэ амжилтад уриалж, шинэ технологи, инновацийг хөгжүүлэхэд Засгийн газраас өгч буй энэ шагнал чухал ач холбогдолтой юм гэв.
Монгол Улсын Засгийн газар улс орны ирээдүйн хөгжлийн гарц бол шинжлэх ухаанд суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх явдал хэмээн үзэж, үйл ажиллагааны хөтөлбөртөө шинжлэх ухаан, инновацид зарцуулах төсвийн санхүүжилтийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг мөн дурьдсан юм.