Улсын Драмын эрдмийн театрын уран бүтээлчид 87 дахь жилийн үзвэрээ маргааш буюу энэ сарын 15-нд Кен Людвигийн “Оддын өвчин” жүжгээр нээх гэж байна. Шинэ уран бүтээлээр нээлтээ хийж байгаа УДЭТ-ынхан үйл ажиллагааныхаа нээлтийн өдөр даалгавраас давсан орлогоо өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болсон Засгийн газрын тогтоолыг сонссон байна. Ингэснээр тус театрын хувьд цаашдын уран бүтээлээ хийх санхүүгийн бүрэн боломж нээгдэж, үзэгчиддээ шинэ болоод чанартай уран бүтээлүүдээ хүргэж байх боломж нь улам нэмэгдэж байгаа юм.
К.Людвиг бол манай үзэгчдэд шинэ танил биш. Учир нь 2009 онд түүний бичсэн “Гол дүрийн амрагууд” жүжгийг одоогийн УДЭТ-ын уран сайхны удирдагч,УГЗ, найруулагч Н.Ганхуяг тавьж байсан.
Тэгвэл “Оддын өвчин” жүжгийн найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин ажиллажээ. Харин гол дүрийг залуу жүжигчин Э.Тодгэрэл, Г.Алтангэрэл, О.Номуун, Н.Баярмаа, Б.Золжаргал гэсэн залуу уран бүтээлчид бүтээж байна.
УДЭТ-ын уран сайхны удирдагч Н.Ганхуяг “Бид шинэ жил, шинэ оны босгон дээр үзэгчиддээ инээд, хайр, ухаарал хосолсон бүтээлээр бэлэг барих болсондоо баяртай байна.Энэ жүжиг залуу уран бүтээлчдээс өндөр ур чадвар шаардсан бүтээл. Бид залуу жүжигчиддээ итгэл хүлээлгэсэн. Мөн найруулагч маань модерн, авангард урсгалыг барьж авсан нь содон шийдэл байх болно” гэв.
Жүжгийн ерөнхий найруулагч соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин “Уран бүтээлч, найруулагч хүний хувьд энэ бүтээлийг тавих хүсэл, эмзэглэлээс гадна нийгмийн шаардлага байсан. Өнөөдөр бид оддын өвчин гэдэг далд ухамсартай болжээ. Хүн өвдсөнөө мэддэггүй юм байна. Үүнийгээ хэвийн мэт хүлээж аваад сурчихаж. Өвчин нь даамжрахаар хийрхэл болдог. Энэ өвчнөөс аврах эм нь хайр энэрэл юм гэдгийг бүтээлдээ тусгахыг хүслээ. Жүжгийн гол дүр Макс бол урлагт донтчихсон нэгэн. Манай уран бүтээлчид энэ жүжигт тоглосноор, жүжигчин хүн энэ бүтээлээс өөртөө олон асуулт тавих байх” гэлээ.
Жил болгон Монголын театрын урлагийн үндэслэгч, анхдагчид болсон ахмад уран бүтээлчдийнхээ тэгш ойн баярыг хийдэг уламжлалынхаа дагуу энэ жил ч бас 10 гаруй уран бүтээлчдийнхээ тэгш ойн баярыг угтсан олон ажил хийхээр төлөвлөсөн. Мөн гадны найруулагчдын арга барилаар шинэ уран бүтээл туурвих төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа ч мөн тус театрынхан энэ үеэр дуулгалаа. Энэ жилийн 11 дүгээр сарын байдлаар хагас жилийн төлөвлөгөөгөө биелүүлээд байгаагийн дээр, давуулсан орлогоо өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болсноо дуулсан театрын уран бүтээлчдийн хувьд цаашид шинэ уран бүтээл хийх жүжгийн зохиолчдыг бэлтгэх сургалтаас эхлээд олон ажил хүлээж байгаа аж.
УДЭТ-ын энэ жилийн уран бүтээлийн бодлого нь хүүхдийн уран бүтээл рүү чиглэгдэнэ. Тэр тусмаа ардын уламжлал, ёс заншлыг агуулсан уран бүтээлийг голчилж, орчин цагийн хүүхдүүдийг сошиал хэрэглээнээс нь театрын тайз руу чиглүүлэхэд түлхүү анхаарч ажиллах болно гэдгээ театрын удирдлагууд нь хэллээ.