“Сэлэм” хэмээх хоч хүртсэн С.Бямбацогтод холбогдох хэрэг одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Тэрбээр сэлэм барьж, нэг өдөрт хоёр өөр газар танхайрчээ. С.Бямбацогт зэвсгийн чанартай эд зүйл ашиглан танхайрснаа “Тоглоомон сэлэм байсан” хэмээн мэдүүлэв. Харин шөнө нь тоглоомон гэх сэлмээрээ бусад руу дайран, өөрөө бэртэл авчихаад цагдаад гомдол гаргасан байна. Тоглоомон сэлэм нь жинхэнэ байсан байх нь.
Эргэн санавал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд хэсэг залуус танхайрчээ. Тэдний нэг нь сэлэм эргүүлж, бусдын амь нас эрүүл мэндэд халдахыг завдав. Тухайн үедээ иргэн С.Бямбацогтын барьж явсан сэлэм “Тоглоомон сэлэм” энэ нь жижиг танхайн хэрэг хэмээгээд өнгөрөөсөн.
Гэвч тэр орой С.Баярцогт хамт явсан хүмүүстэйгээ “Castle” баарны үүдэнд танхайраад зогсохгүй дараа нь Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд очиж үймээн тарьсан байна. Тоглоомын төв ажиллуулдаг нэгэн хүний бизнесийг нураана хэмээн цамнажээ. Тэдгээр залуус хотын төвөөс холдон, Хан-Уул дүүрэгт хүний хөлөөс зайдуухан газарт очин зодолдсон байдаг.
С.Бямбацогт өнөөх тоглоомон сэлмээ эргүүлэн дайрахад эсрэг тал нь аргагүй хамгаалалт хэрэглэж, сэлмийг нь булаацалдахад С.Бямбацогтын баруун мөрний ойролцоо зүсэгджээ. Тиймээс С.Бямбацогт аргагүй хамгаалалт хийж, биеэ хамгаалсан залууг “Намайг сэлмээр зүсч, гэмтэл учруулсан” хэмээн цагдаа шүүхэд гомдол гаргасан нь энэ аж.
Өөрөө барьж хүн рүү дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин жигтэй сэлэм юм. Энэ хэрэг прокурор шилжин, яллах дүгнэлт үйлдэн, удахгүй шүүн хэлэлцэх гэж байна.
С.Бямбацогт нэг өдөр хоёр өөр газар сэлэм эргүүлэн, үймээн самуун дэгдээснийхээ дараа хэсэг нөхдийн хамт хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ цагдаагийнханд гардуулав. Түүний “Castle” баарны гадаа танхайрсан асуудлуудыг нь шүүх, цагдаа хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй. Хэрэв шүүх С.Бямбацогтыг үнэхээр “Тоглоомон сэлэм”-дээ зүсүүлж гэмтсэнийг тогтоовол “Castle” баарны гадаа танхайрсан асуудал нь эргэн сөхөгдөх нь дамжиггүй. Ямартай ч хувирдаг ид шидтэй тэрхүү сэлэмний асуудлыг шүүгчид нэг мөр болгох нь.
С.Бямбацогтыг сэлэм эргүүлэн танхайрсан хэрэгт нь 2017 оны 11 сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр байрлах “Castle” баарны үүдэнд нийтийн хэв журмыг бүлэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль зөрчиж, бусдад хүч хэрэглэн, бусдын хөрөнгө өмчлөх эрхийг зөрчин, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан.
Мөн 11 сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн “Sunshine” байрны гадна сэтгэцэд нөлөөлөх бодис буюу метамфетамины агууламж бүхий хар тамхийг хууль бусаар хадгалсан. Түүнчлэн Баянзүрх дүүрэгт байрлах “Ривер бич” амралтын газрын урдах замд 11 сарын 12-ны өдөр бусадтай маргалдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Улсын их дэлгүүрийн баруун талд 11 сарын 12-ны өдөр нэгэн иргэнтэй маргалдаж, зодоон хийсэн. Мөн түүнээс шээсний шинжилгээ авахад тээвэрлэж явсан хар тамхины зүйл хэрэглэсэн болох нь тогтоогджээ.
С.Бямбацогт болон түүнтэй хамт танхайн хэрэг үйлдсэн нөхдөд нь холбогдох хэрэгт энэ оны аравдугаар сард прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Түүний ах болох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлгийн гишүүн С.Мөнхчулуун мэдээлэл цацагдсан даруйд хэвлэлийн бага хурал хийж, “Миний дүүгийн барьсан сэлэм Хэллоувэний баяраар хэрэглэдэг тоглоомон сэлэм байсан юм билээ” хэмээн хаацайлсан байдаг. Гэсэн ч түүний хэрэг ийнхүү шүүхийн шатандаа очиж, шүүхээр шийдэгдэх нь тодорхой болов.