ЖДҮ-ийн зээлийн үймээн Монголыг хөмрөхөө алдаж байна. Зээлдэгсэдийн дунд нэр нь яваа улстөрчдөөс хамгийн их дургүйцэл, зэвүүцэл төрүүлж байгаа нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг. Өөрийн хариуцаж гарын үсэг зурж шийддэг зээлээс өөрийн хамаарал бүхий “Тээвэр ачлал” компанидаа нэг тэрбум 400 сая төгрөг, “Намуу дэвжих” компанидаа нэг тэрбум 600 саяын зээл авчээ. Энэ бол жинхэнэ ашиг сонирхлын зөрчилтэй увайгүй үйлдэл. Тиймээс ч прокуророос түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт УИХ-д ирүүлжээ. МАН-ын бүлэг ч түүнийг явуулахаар тохирчих шиг боллоо. Иргэд нийтээрээ ЖДҮ-ийн зээлийн асуудал дээр уурсан бухимдав. Баабарын хэлсэнчлэн ЖДҮ-ийн мөнгө бол “Ард түмний тэмдэг тавьсан мөнгө”.
ЖДҮ-ийн зээлд хамрагдаагүй, эсгий таавчиг, талхны цех, дугуй нөхөх цех байгуулахад арваад сая төгрөг хэрэг болдог юм билээ. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан дээр ийм төслүүд хэдэн мянгаараа овоорчихсон байдаг. Энийгээ бүтээж байсан удаагүй, зээл авч чадаагүй гашуун дурсамж нь улстөрчдийн энэ олон зуун саяар авсныг харахаар сэдэрчихлээ. “Надад өгөөгүй байж яагаад эдэнд ийм ихээр өгдөг юм” гэж уурсаж байгаа хэрэг. Сүүлдээ ЖДҮ-ийг зээл биш, халамжийн мөнгө шиг бодоод эхэллээ. Тэгвэл “Бурхан мөнгөтэй хүнд мөнгө өгдөг” гэдэг үг мэдэх үү. Энэ ЖДҮ-ийн зээл мөнгөтэй хүмүүст очсон. “Ж.Энхбаяр зээл авчихаж, алъя, хядъя, нүд хорсоод байна” гэлцэх юм. Ж.Энхбаяр махны чиглэлийн үхэр үржүүлдэг фермтэй байж. Бодвол арваад хүнд ажил олгож тэжээж таараа. Тэгвэл ЖДҮ-ийн зээлээрээ дахиад нэг ферм байгуулна. Хорин хүн ажилтай болно. Магад тэрнээс ч олон хүнийг тэжээнэ. Авсан зээлээ эргүүлээд төлчихнө. Ер нь бол авсан зээлээ төлчихсөн гэж өөрөө хэлнэ лээ. Ямар ч байсан авмагцаа машин тэрэгхэнд үрчихгүй. Тэгж доош орох хүн биш. Харин надад өгсөнгүй гэж уурсаад байгаа хүмүүс ЖДҮ-ийн зээл авбал хамгийн их үрэх байх. Нэг жишээ авъя. Зүгээр л жишээ шүү. ЖДҮ-ийг хамгийн их эсэргүүцэж бичээд, шүүмжилж байгаа хүмүүсийн нэг “Аанхаа” гэж жиргээчийг энэ жишээнд хэлье. Би энэ хүнийг танихгүй. Математикийн багш хүн шиг байна лээ. Сүрхий ухаалаг юм жиргээд байдаг. Ер нь шударга байрын залуу шиг жиргээнээс нь уншигддаг. Монголын өнөөгийн гайгүй сэхээтэн залуусын нэг, хоосонгүй толгой гэж дүгнэдэг. Тиймдээ ч тавин мянга гаруй хүн жиргээг нь унших гээд дагадаг биз. Би ч сэхээтэн, аж ахуй мэдэхгүй. Сэхээтнүүд бид зүгээр л ярьдаг. Яг үйлдвэрлэл явуулж мэддэггүй. Аанхаа ч над шиг ийм байж мэднэ. Тэгээд л жишээ болгоод энд нэр дурдлаа. Жишээнд нэр дурдаж байгаадаа Аанхаагаас уучлалт хүсье. Аанхаа тэрбум төгрөгийн зээл ЖДҮ-ийн сангаас авчихлаа гэж бодъё. Аанхаа зээлээ авмагц хамгийн түрүүнд ланд 200 авна. Болж өгвөл Яармаг руу байраа томсгоод орчихно, 9911…. дугаар авчихна. Үйлдвэрлэл явуулах газраасаа гадна бас гайгүйхэн үнэтэй ганган оффис түрээсэлчихнэ дээ. Тэр оффистоо хэдэн найзаа дуудаад дэмий яриад л сууна. Өнөөдүүл нь “Захирал аа, захирал аа” гэж дуудаад мөн чиг сайхан байх биз. Мөнгөтэй болсон юм чинь өсч төрсөн сумынхаа наадам, ой зэргийг ивээн тэтгэчихэд хотойхгүй. Тэрбумтай болчихсон хүн шүү дээ. За тэгээд халаас зузаан хүнд хамаатан садан, найз нөхөд мундах биш. Бараг танихгүй шахуу хамаатан, уулзаагүй удсан найз нөхдөөс эхлээд мөнгөний үнэрээр нь л олж ирээд алгаа тосох нь тосч, хормойгоо дэвсэх нь дэвсээд, хошуу цорвойлгон зовлон тоочихоор эр хүн болсон хойно яаж үгүй гэхэв. Зарим нь ч зээл нэрээр авна. Зарим нь зүгээр гуйна. Өгөөд явуулна. Үлдсэн мөнгөөрөө төслийнхөө аж ахуйг хийх гэж үзнэ. Улсаас зээл авсан хүн тэгэхгүй гээд ч яахав. Харин тэрбум байтугай төслийг бол хийгүй сайхан биччихэж бол барах ч, сэхээтэн улс бид аж ахуй мэдэхгүй юм чинь шууд өөрөө ханцуй шамлаад хийчихэж чадахгүй. Нэг их тэнгэрийн цалин нэхсэн танил нөхрийг “Чи минь хариуцаад аж ахуйг минь өөд татаадах” гээд гүйцэтгэх захирлаар тавина. Эхний хагас жил өнөөх томилсон захирал өдөр шөнөгүй утасдаж, “Дарга аа одоо ингэж байна, ингэх гэж байна” гэж тайлан тавьж саймшраад сүйд болно л доо.
Монголд иймэрхүү дүр зураг зөндөө байдаг болохоор гайхах зүйл байхгүй. Хагас жилээс гүйцэтгэх захирал эзнээ залгасан ч утсаа авахгүй алга болно. Жаахан олсон ашиг байвал тэрүүгээр байр аваад, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд үлдсэнээр нь Солонгос руу ажил хийхээр юм уу, Европ руу баруун зууд мөргөх гэж байгаа аятай яваад өгсөн байна. Ийм юм болохыг банк мэдэлгүй яахав. Аж ахуйтай улсуудад зээл өгдөг нь ийм учиртай юм аа. Тэгээд л мөнгөтэй хүнд мөнгө өгвөл үрэн таран хийчихгүй, юм болгоод буцаагаад зээлээ төлнө гэж өгдөг. Мөнгөтэй хүнийг банкныхан өөрсдөө эргүүлдэж зээл аваач гээд гуйгаад байдаг нь ийм л учиртай. Мөнгөгүй хүн бол мянга уран донгодоод, түмэн сайхан мөрөөдөл шингэсэн төсөл барьж гүйгээд бардаггүй.
УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг зээл авсан гэж шаагьж байгаа. Х.Болорчулуун гишүүн тэр мөнгийг бидэн шиг байр машин, болгочихгүй. Гурилын үйлдвэрээ гайгүйхэн шиг томруулаад үйлдвэрлэлээ сайжруулаад явна. Зээл авсан нь тодорхой бол өгөх нь тодорхой. Харин Аанхаа бид хоёр бол яах байсныг дээр хэлсэн. Би аж ахуйн ажил мэдэхгүй, эргүүлж төлнө гэдгийг аягүй бол таг мартчихна. Ядах нь ээ талаар нь баахан тансаглачихаар үлдсэнээр нь босгосон бизнес ашиг өгөөд сүйд болох нь юу л бол. Учрал гишүүний аав Н.Ням-Осор шиг овсгоотой эр бол авсан зээлээрээ дахиад нэг сургууль байгуулчихна. Я.Содбаатар гишүүн нэг шинэ эмнэлэг барьчихна. Манай шүүмжлэгчид яг над шиг юу гэж л тэрбумыг сэвхийтэл юм болгоод байв гэж. Бидний ялгаа эндээ л байгаа юм.
Нэр дурдагдаад байгаа улстөрчид, бизнесмэнүүдийг эхнэртээ, хүүдээ, хамаатандаа зээл авахад нөлөөлсөн гэж яллаад байна. Үндсэн хуульд хүн бүр хуулийн этгээд гээд заачихсан байдаг. Ингэж хамаатан садантай юутай, хээтэй нь нялзааж байгаа нь хууль бус. Мөнгөтэй хүн мөнгөөр мөнгө бий болгодог. Мөнгө барьж үзээгүй мань мэт нь мөнгийг элсэнд ус асгах аятай л алга хийж орхино. Харин зээл олгоход гарын үсэг зурдаг Б.Батзориг сайдын хувьд бол өөртөө тийм ихийг авах бол муухай хэрэг л дээ. Бусдаар бол нийтээрээ үзэн ядаад байх юм алга.
Б.ДОНРОВ