Өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын 87 жилийн ой тохиож байна. 1931 оны 11-р сарын 12-ны энэ өдөр МУ-ын засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50-р тогтоол гарч “УЛСЫН ТӨВ ТЕАТР” байгуулагдсанаар Сүхбаатарын болон Хөдөлмөрын гавьяаны улаан тугийн одонт Д.Нацагдоржийн нэрэмжит мэргэжлийн урлагийн ууган байгууллага “УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР-“ын үндэс суурь тавигдсан түүхтэй.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн анхдагч байгууллага Улсын драмын эрдмийн театр үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн түүхэн хөгжлийнхөө 87 жилийн туршид улс эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолоо хамгаалах их тэмцлийн манлайд байж ардчилал тэгш эрх чөлөөт амьдралыг цогцлоон байгуулах бүхий л үеийн туршид нийгмийн амьдралын тод илэрхийлэл байж, хүн ардаа соён гэгээрэл өөд хөтөлсөөр ирсэн. Тус театрын тайзнаа дэлхийн сонгодог, үндэсний орчин үеийн болон хүүхдийн олон зуун бүтээлийг авьяаслаг уран бүтээлчид бүтээн туурвиж, үзэгч олны хүртээл болгож ирсэн. Өдгөө ч шилдэг бүтээлүүдээр урын сангаа баяжуулсаар байна. Дэлхийн сонгодог болон үндэсний жүжгийн өдрүүд, орчин үеийн хүүхдийн жүжгийн өдрүүд, орон нутгийн аялан тоглолт, хот орчмын аялан тоглолтын хүрээнд 200 гаруй удаагийн тоглолтоор 80000 гаруй үзэгчдэд драмын урлагыг түгээсээр байна.
Театр гэдэг хүмүүний оюун санааны хөтөч нь байж, зүрх сэтгэл дотоод мөн чанараа нээн таних мэдрэмж, амьдрал хийгээд оршин буй цаг хугацаа нийгмээ тольдон харах боломж бололцоог өгч байдаг хамгийн үнэнч шударга, мэргэн зөвлөгч оюун санаа зүрх сэтгэлийн ариун сүм болсон орон зай билээ.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр 2018-2019 оны Үзвэрийн жилийн нээлтээ энэ сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “ОДДЫН ӨВЧИН” инээдмийн жүжгээр нээж, театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчиддээ хайр, ухаарал, инээд баясал бэлэглэхэд бэлэн болоод байна.