Өнгөрөгч сарын эхээр турк гаралтай Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги Истамбул дахь ерөнхий консулын газарт бусдад зэрлэгээр алуулсан. Сэтгүүлч Жамаль Хашогги гэрлэлтээ цуцлуулах асуудлаар консулын газарт очсон байдаг. Түүний араб хэлээр хүмүүстэй ярьж тамлуулсны эцэст амиа алдсан бичлэг олдсон талаар Туркийн сонинууд мэдээлсэн. Сэтгүүлчийн цогцсыг хэдэн хэсэг болгон мөчилж хайрцагт хийн дипломат дугаартай машинаар гарган консулын байрны ойролцоо булсан гэдгийг эх сурвалжууд нотолж байсан юм. Уг нотолгоо үнэн болж хэд хоногийн өмнө Жамаль Хашоггигийн цогцсыг Истамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын тэргүүнийх нь байрладаг орд харшаас олсон хэмээн мэдээлж байна.
Турк гаралтай уг сэтгүүлчийн аллагад Саудын Арабын хаан ширээ залгамжлах ханхүү Мухаммед бен Сальман Аль Сауд холбогдож байгаа. Сэжигтнээр нэрлэгдээд буй нэр бүхий этгээдүүдийн нэг нь ханхүүгийн бие хамгаалагч, бусад нь Саудын Арабын тусгай албаны нөхөд гэнэ. Хэрэг болох үеэр эдгээр хүмүүс Турк дэх Ерөнхий консулын газарт байсан нь тус аллага ханхүүтэй холбоотой гэх таамгийг бататгаад байгаа юм. Энэ тухай “The New York Times” тэргүүтэй дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүд мэдээлж байв. Юуны учир сэтгүүлчийг зэрлэгээр хөнөөх болов гэхээр ханхүүгийн нууц, но-той мэдээлүүдийг Жамаль Хашогги мэддэг байжээ. Түүний хувьд “Вашингтон пост” сонины ажилтан бөгөөд тус сонинд мэдээ материалаа тогтмол гаргадаг сэтгүүлч байжээ. Энэ нь Арабын угсаа залгамжлах ханхүүгийн “гарт” зэрлэг балмадаар амиа алдах учир шалтгаан болсон байна. Арабын ханхүү өөрийнх нь тухай сөрөг мэдээлэл бичдэгт нь зэвүүрхэж, цаашид но-той мэдээллийг нь дэлгэх вий гэж айсандаа ийнхүү сэтгүүлчийг алж мөчилж булжээ.
Үндсэндээ юм бичих чадвартай, түүнийгээ нийтлэх цаанаа сонинтой байсан нь хаант угсаанд хамгийн том айдсыг төрүүлсэн байна. Алж булахаас өөр арга олдоогүй бололтой. Дэлхий нийтийг цочроож буй турк сэтгүүлчийн аллагаас үүдээд бодоход Монголын улстөрч, мөнгөтэй төгрөгтэй, эрх мэдэлтэй нөхдүүд сэтгүүлчдэд ямар дээрэнгүй ханддаг билээ. Эрх баригчдын но-г ард түмэнд дэлгэн үзүүлж, хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх эрхээ эдэлснийхээ төлөө, мөн хардаж сэрдэж үнэн мөнийг олохыг эрмэлзсэнийх нь төлөө шүүхээр далайлган цагдан хорьж, дааж давшгүй мөнгө нэхэж дарамт шахалт үзүүлэн эрхэндээ оруулах гэж зүтгэдэг. Аль ч нам эвсэл засгийн эрхэнд гарна ялгаагүй, төрийн зүгээс хэвлэл мэдээллийг боомилох гэсэн явуулга, ил далд оролдлогыг цаг тухай бүрт хийдэг. Хамгийн гол нь сонин хэвлэлийг эдийн засгаар нь сөхрүүлж улмаар амыг нь барих гэсэн хуулийг эрх баригчдын зүгээс удаа дараа санаачилсаар ирсэн.
Ардчилсан засгийн үед нэр бүхий гишүүдийн санаачилсан “Хэвлэл мэдээллийн тухай хууль” байна. Өнөөгийн Ардын намын засгийн үед хэвлэл мэдээллийн байгууллага болоод сэтгүүлчдийн халаас руу “хорин сая, хоёр сая” гээд хар савраараа айшиггүйгээр дайрч байгаа Зөрчлийн тухай хууль байна. “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” гэж мэргэжлийн редакцитай Монголын өдөр тутмын сонинууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд тэмцсэн ч үр дүнд хүрээгүй.
Сэтгүүлч хүн мэргэжлийн ажил үүргийнхээ дагуу тодорхой эх сурвалжаас авсан мэдээ мэдээллээ олон нийтэд хүргэснийхээ төлөө хэрэгтэн болдог буруу жишиг Монголын нийгэмд хэдийнэ тогтсон. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал хэвлэлийн мэдээг олон нийтэд хүргэсний төлөө “Өдрийн сонин”-ыг шүүхэд өгч 30 сая төгрөг нэхэмжилсэн. Мөн “Уулс заамар” гэдэг компани шүүх хурал болоогүй байхад “Өнөөдөр” сонины дансыг хаах хүсэлтийг гаргаж байсан. Ингэж мөнгөтэй төгрөгтэй нөхдүүд сонины редакци руу халдаж, аманд орсон мөнгөө нэхэмжилж, дур зоргоороо авирладаг.
2013 оны арванхоёрдугаар сард“Ерөнхий сайдын охин мэргэжлийн покерчин” хэмээх нийтлэлээс үүдэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гомдлын дагуу “Тэргүүн” сонины сэтгүүлчдэд Чингэлтэй дүүргийн шүүхээс 20 гаруй сая төгрөгийн торгуулийн ял ногдуулж, торгох ялаас зайлсхийвэл гурван жил хүртэлх хугацаатайгаар хорих ялаар шийтгэх шийдвэр гарч байлаа. Дээрх хэргийг иргэний журмаар шийдэх боломжтой, сэтгүүлчид эрүүгийн хуулиар ял тулгасан, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаагдахад хүргэх хэмжээний торгууль ногдуулсан нь эдийн засгийн цензур хэмээн “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас эсэргүүцэж байв. Мөн “Ноёд” группээс гаргасан сэрэмжлүүлгийг мэдээлснийхээ төлөө Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн сэтгүүлч С.Баттулгыг хоёр удаа олон хоногоор цагдан хорих хууль бус шийдвэр гаргаж байсан. Улсын их хурлын гишүүн Д.Муратын ёс зүйгүй үйлдлийг түүний өөрөө сайн дураараа бусдад тараасан баримтад үндэслэж, шүүмжилж үзэл бодлоо илэрхийлсний төлөө сэтгүүлч Д.Майцэцэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн гээд эрх баригчдын сонин хэвлэл рүү дайрч давшилсан, сэтгүүлчдийг шоронд өгсөн тохиолдлууд олон бий.
Цаанаа сонинтой сэтгүүлч гэдэг хамгийн хүчтэй байдаг. Цаанаа сонинтой гэхээр манайханд эн түрүүн улстөрчид, мөнгөтэй нөхдүүд сонины нууц эзэд гэсэн ойлголт шуудхан бууна. Тэр бол тийм ч анхаарал хандуулах сүрхий асуудал биш л дээ. Хамгийн гол нь юм бичээд түүнийг нь шууд нийтэлдэг мэргэжлийн редакци бүхий сонинтой байна гэдэг юунаас ч хүчирхэг. Хэн бугайд ч дийлдэхгүй агуу зэвсэгтэй байна гэсэн үг. Энэ нь ардаа но-той хүмүүст хамгийн том аюул байж таарна. Нэг л өдөр дэлхий нийтээр үнэнийг дэлгэхээс эрх мэдэлтнүүд, хөрөнгө мөнгөтэй, гол нь но-той хүмүүс үхтлээ айдаг. Тэгээд үнэнийг нь мэдээлэх магадлалтай сэтгүүлчийг алж булж байж санаа нь амарч байна. Үүний ойрын жишээ бол турк гаралтай Саудын Арабын сэтгүүлчийн аймшигт үхэл юм. Мэдээллийн хямрал дэлхий дахинд нүүрлэсэн энэ үед томоохон улс орнууд өдөр тутмын сониныг мэдээллийн албан ёсны эх сурвалжаа болгох болсон. Түүний тодорхой жишээ Оросын холбооны улс.
Тус улсын хууль шүүхийн байгууллагууд сошиал дахь мэдээллийн сувгууд дээр гарсан мэдээ материал нийтлэлүүдийг албан ёсны эх сурвалж баримт нотолгоо гэж үзэхгүй. Иргэн хуулийн этгээд нь хууль шүүхийн байгууллагад хандахдаа зөвхөн цаасан хэвлэл сонинд гарсныг баримт хэрэг үүсгэх нотолгоо болгоно гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.
“Нью-Йорк таймс”, “Вашингтон пост”, Японы “Asahi Shimbun”, Хятадын “China Daily”, Английн “Daily Mail”, Францын “Le Monde” гэхчлэн олон сониныг мэдээллийн сувгууд албан ёсны эх сурвалжаа болгосоор ирсэн нь ч үүнтэй холбоотой. Сонин бол урж тасдаад шатаачихгүй л юм бол тухайн улс үндэстний түүхийн баримт болж үлддэг. Мэргэжлийн редакцитай нэр хүнд бүхий сонинд хэзээ ч худлаа мэдээлэл гарах ёсгүй. Тухайн редакци уншигч захиалагчдынхаа итгэлийг алдах вий, худлаа мэдээлэл олон нийтэд хүргэх вий гэж дээд зэргээр болгоомжилдог. Худлаа мэдээлэл түгээж уншигчаа хуурахгүй гэх алтан зарчмыг мөрдлөг болгодог. Аливаа асуудалд ултай суурьтай ханддаг эрхмүүд сошиал ертөнцийн шуугианд авталгүй сонины редакцид ханддаг нь ийм учиртай.
Цахим жиргээчид бараг өрөөнөөсөө толгойгоо цухуйлгалгүй, ямар ч хүч хөдөлмөр зарцуулалгүй мэдээлэлд ханддаг бол мэргэжлийн редакцитай сонины сэтгүүлч дэлхийн өнцөг булан бүрт, хамгийн халуун цэгт редакцийн томилолт аван очиж газар дээр нь сурвалжлага бэлддэг. Асар том зөрүү бий л дээ. Сонины сэтгүүлчийг алж байж санаа нь амарна гэдэг бол сонинд итгэх хүн төрөлхтний итгэл ямар өндөр байгаагийн баталгаа юм. Түүхэнд судар мэт үлддэг сонины сэтгүүлчид асар их нэр хүндтэй, басхүү асар их аюултай гэдгийг дэлхийг цочроосон аллагууд харуулсаар байна.