Монголчууд улстөрждөг ард түмэн гэдэг нь сошиал сүлжээнээс тод харагддаг болоод удаж байна. Ялангуяа залуу үеийн төлөөллүүд маань асаалттай танк шиг л өдөр, шөнөгүй цахим сүлжээнд идэвхтэй байдаг боллоо. Хайран сайхан нойроо умартан фэйсбүүк, твиттерээр сэлгүүцэх нь сэтгэцийн нэгэн төрлийн дон гэдгийг эмч нар хэлж байна. Нойр бол хүний амьд явах гол хүчин зүйл. Олон цагаар унтахгүй байх нь огт хоол идэхгүй байснаас ч илүү амь насанд аюултай байдаг аж. Амьдрал дээр бол дутуу нойртой хүний ажлын бүтээмж тааруу байдаг даа. Аливааг ойлгох, сэтгэн бодохоос эхлээд тархи мэдээлэл боловсруулах чадамж нь хүртэл буурдаг байна. Тиймээс шөнийн нойр бол хамгийн чухал. Нойргүйдлээс болж төр, хувийн хэвшлийн байгууллага төдийгүй улс орон эдийн засгаараа хэрхэн хохирч байдгийг эрдэмтдийн судалгаанаас харж болно. Дутуу нойрноос болж АНУ-ын эдийн засаг жил бүр 411 тэрбум ам.долларын, Япон 138 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг байх жишээтэй.
Сонирхуулахад, Японы нэгэн компани шөнө нь сайн унтаж амарсан ажилтнуудаа урамшуулдаг болжээ. Ажлын өдрүүдэд хоногт зургаан цаг унтсан ажилтан оноо цуглуулж, жилд 570 ам.доллартай тэнцэх үнийн дүнтэй ваучераар компанийнхаа цайны газарт үнэгүй үйлчлүүлэх юм байна. Тэдний унтаж амарч байгааг ухаалаг бугуйн цаг ч юм уу, тусгай аппликэйшн ашиглан хянадаг гэнэ. Энэ урамшууллыг хэрэгжүүлж эхэлснээр ажилтнуудынх нь уур амьсгал улам халуун дулаан болж иржээ. Компанийн удирдлагууд ажил хэргээ шуурхай явуулж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд ийм санаачилга гаргасан нь үр дүнгээ өгөөд эхэлсэн байна.
Улс орныхоо ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө санаа зовнидог хэн бүхэн төдийгүй, хувь хүнийхээ амжилт, амбиц, ашиг орлогоо ахиулж, гялалзъя гэвэл шөнөдөө бүтэн нойроо авч байгаарай. Ер нь хүн нойроо авч байх үед хоолны дуршилыг зохицуулдаг даавар ялгардаг гэнэ. Хэдий чинээ сайн унтаж амарна, тэр хэрээр биеийн дархлаа сайжирдаг гэсэн үг. Харин нойр дутуу байх нь жин нэмэх, стресстэхэд асар их нөлөөлдөг юм байна шүү.