Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын газарт гаргасан өргөдөл гомдлоо хянах програм нэвтэрчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газарт жилд 800 гаруй, өдөрт дунджаар 3-4 өргөдөл гомдол ирдэг бөгөөд иргэд хянаж дуусах хуулийн хугацааг хүртэл өгсөн өргөдлөө хэрхэн шийдэгдсэнийг мэдэхгүй хүлээхээс өөр аргагүй байдаг хэмээн шүүмжлэлтэй ханддаг. Үүнийг шийдвэрлэх үүднээс Нийгмийн даатгалын ерөнхий газраас шинэ програмыг хэрэглээнд нэвтрүүлжээ.

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явцыг хянах програмыг ийнхүү хэрэглээнд нэвтрүүлснээр тухайн иргэн эсвэл байгууллагын ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийн явцыг нарийвчлан харах боломжтой болсон байна. Тодруулбал тус бичиг ямар нэгжийн хэн гэдэг албан тушаалтанд цохогдсон болох нь өргөдөл гаргагчид шууд харагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд тодруулах утас, мэйл зэрэг нь тодорхой харагдаж байх аж.

Мөн албан бичгийг шийдвэрлэсэн тохиолдолд иргэний бүртгүүлсэн гар утсанд нь мэдээлэл илгээнэ. Мессежээр ирүүлсэн холбоосын дагуу https://app.ndaatgal.mn:811/urgudul/Home/Index нэвтэрч, регистр болон утасны дугаараа оруулан хариугаа лавлах боломжтой. Ингэснээр төрийн үйлчилгээний эргэх холбоог сайжруулж өргөдөл, гомдол шийдвэрлэлийн явцыг хурдасгахад бодит нөлөө үзүүлэх юм.

Тус програм нь энэ сарын нэгнээс эхлэн ашиглагдаж эхэлсэн бөгөөд өргөдөл, гомдол, албан бичиг илгээгч нь өөрийн регистрийн дугаар болон утасны дугаараа заавал дурдах ёстой аж. Энэхүү програмыг албан байгууллага ашиглах бол итгэмжлэгдсэн төлөөллийнхөө мэдээллийг дээрхтэй адилаар албан бичигтээ оруулах шаардлагатай юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *