Categories
мэдээ нийгэм

Шүүгчийн ёс зүйн сургалтад Монголын бүх шүүгч оролцож байна

Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сантай хамтран зохион байгуулж буй Шүүгчийн ёс зүйн сургалтад Монголын бүх шүүгч оролцож байгаа юм. Нийслэл дэх шүүгчдэд зориулсан сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ.

Энэ удаагийн сургалт нь шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, нийтийн алба, нийгмийн харилцаа, хувийн амьдралд баримтлах ёс зүй, олон улсын стандарт, төвийг сахих зарчим, ашиг сонирхлын зөрчил, зан төлөв зэрэг сэдвээр үргэлжилж байгаа юм.

Шүүгчийн ёс зүйн талаарх суурь мэдлэгийг гүнзгийрүүлж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чадвар, хандлага төлөвшүүлэх зорилготой уг сургалтыг өнгөрсөн сарын 22-30-нд орон нутагт есөн бүсэд зохион байгуулсан бөгөөд 271 шүүгч оролцсон юм. Харин нийслэл дэх “Шүүгчийн ёс зүйн сургалт” энэ сарын 7-ыг хүртэл 5 ээлжээр үргэлжлэх болох бөгөөд 209 шүүгч оролцоно.

Сургалтын нээлтийн үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж “Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор шүүхийн сургалтын дизайн батлагдана. Энэ төлөвлөгөөгөөр шүүгчийн ёс зүй, хүний эрхийн сургалт үндсэн, бусад нь сонголтын шинжтэй байх юм. Өөрөөр хэлбэл, шүүгчид хүний эрх болон ёс зүйн сургалтад заавал хамрагдана.

Энэ удаагийн сургалтад Монголын бүх шүүгч оролцож байгаагаараа түүхэн ач холбогдолтой” хэмээсэн юм.

Азийн сангийн Дэд суурин төлөөлөгч Диана Фернандез “Шүүх засаглалыг шинэчлэхэд Азийн сан олон жил хамтран ажиллаж байна. Шүүхийн тухай багц хуулийн төсөл батлагдахаас эхлээд шүүгчийн сонгон шалгаруулалтын программ боловсруулж, шинэчлэх болон авлигын эсрэг гэмт хэргийг шийдвэрлэх, шүүгчийн ёс зүйн сургалт зэрэг олон чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллаж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *