Categories
мэдээ улс-төр

Гамшгийн түвшинг шар, улбар шар, улаан өнгөөр тэмдэглэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, гамшгийн зэрэглэлийг тогтоох журмыг батлав.

Гамшгийн зэрэглэлийг орон нутгийн /шар/, бүс нутгийн /улбар шар/, улсын хэмжээний /улаан/ гэж тогтоох юм байна. Ингэхдээ гамшигт нэрвэгдсэн болон амь насаа алдсан хүний тоо, хамарсан нутаг дэвсгэрийн хэмжээ, хор уршгийг арилгахад оролцсон хүн хэрэгсэл зэргийг харгалзан үзнэ.

Тухайлбал хоёр хүртэл аймаг, дүүргийг хамарсан гамшигт 10-100 хүртэл хүн нэрвэгдэж 10 хүртэл хүн амиа алдсан бол зэрэглэлийг орон нутгийн гэх бөгөөд түвшинг шар өнгөөр тэмдэглэх юм.

Гурав ба түүнээс дээш аймаг, дүүргийг хамарч 100-аас дээш хүн нэрвэгдэн, 10-аас дээш хүн амь насаа алдсан бол бүс нутгийн буюу улбар шар, хоёр ба түүнээс дээш бүс нутаг, нийслэлийг хамарч 100-аас дээш хүн нэрвэгдэн, 10-аас дээш хүн амь насаа алдсан бол улсын хэмжээний гэж үзэн улаан өнгөөр тэмдэглэхээр боллоо.

Товч мэдээ

-Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 11 дүгээр сарын 08-ны пүрэв гарагт тохиож байна. Үүнтэй холбогдуулан 11 дүгээр сарын 09-ний баасан гарагийн ажлын өдрийг 11 дүгээр сарын 17-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр болов.

-Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яаманд, 30 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшихээр холбогдох журамд өөрчлөлт оруулав.

-Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-Зорчигчийн хоол бэлтгэх зориулалттай катерингийн барилгыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлийн концессын гэрээг “Скайкатеринг” компанитай байгуулахыг зөвшөөрөв. Төрөөс санхүүгийн дэмжлэг, баталгаа гаргахгүй юм байна.

-“Монголын үндэсний маркетингийн холбоо”-ны саналыг үндэслэн жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг “Монголын маркетеруудын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *