Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн үзлэгт орох иргэд дөрвөн эмнэлгээс нэгийг сонгож үйлчлүүлнэ

ЭМД-ын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамрагдахын тулд иргэдхамгийн түрүүнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандах ёстой. Ингэснээр үзлэгт хамрагдах эрхээ нээлгэх код авах бөгөөд хувийн хэвшлийн Буянтай, Нүүдэлчин, Саран-Элит, Цээнэ гэсэн дөрвөн эмнэлгийн аль нэгийг нь сонгож үйлчлүүлэх юм.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн тухайд амбулаторитой давхцуулахгүйгээр албан ёсны орон тоо гаргаж үзлэгийг зохицуулах эмчийг бэлтгэжээ. Үзлэгт хамрагдаж байгаа иргэд заавал эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх ёстой ажээ.

Иргэдийг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулах энэ ажилд аймгийн эрүүл мэндийн даатгалын сангаас 220 сая төгрөг төсөвлөгджээ.

Дарханчууд та бүхэн энэхүү үзлэгтээ бүрэн хамрагдахыг уриалж байна. Үзлэг, оношилгооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн газраас авах боломжтой гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл хэвлэлийн хурлын мэдээлэв.

Тус шинжилгээнд хэрхэн ямар дараах дарааллаар оролцох аж.
1. Дархан Нэгдсэн эмнэлгийн сургалтын хаалгаар 4 давхарт очно.
Энд цахим программ дээр асуумж бөглөж, биеийн ерөнхий үзлэг хийлгэнэ.
2. Өөрийн насны ангиллаар 6 төрлийн багцаас болон багц дахь үзлэг шинжилгээг хийлгэх эмнэлэг, эмчээ сонгоно. Үүнд: Буянтай, Нүүдэлчин, Саран-Элит, Цээнэ эмнэлэг
3. Багц дахь үзлэгүүдээ хийлгэж дуусмагц, нэгдсэн эмнэлэгт буцаж очоод үзлэгийн бүртгэлээ хаалгана.
Дашрамд Нэгдсэн эмнэлэнгийн бүртгэлийн хэсэгт дээрхи 4 эмнэлгийн болон үзлэг хийх эмчийн нэрс, танилцуулга мэдээлэл бүрэн тавигдсан бөгөөд танд тодорхой зааварчилгаа өгнө.
Хувийн эмнэлэг тус бүрт цахим бүртгэл хийгдэж, таны үзлэгийн тухай мэдээллийг онлайн тэмдэглэл хөтлөн оруулж байна.

Монгол Улсын иргэдийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар ЭМД-ын сангаас санхүүжүүлэн Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд иргэдийг үнэ төлбөргүй хамруулахаар болсон аж.

Ингэхдээ иргэдийг 18-34, 35-45, 46-64 болон 65-аас дээш гэсэн үндсэн 4 насны ангиллаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.

18-34 насныхан биеийн ерөнхий үзлэг болон бэлгийн замын халдварт өвчний илрүүлэг, рентген зураг авахуулах бол 35-45 болон 46-64 насныхан мөн биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, өөх тосны солилцоо, цусанд сахар, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдрын илрүүлэг эрэгтэйчүүд түрүү булчирхайн үзлэг зэрэг 6 төрлийн үзлэг оношилгоонд хамрагдах боломжтой ажээ.

Харин 46-64 болон 65-аас дээш насны иргэдийн тухайд 2 төрлийн багц шинжилгээнээс сонголтоо хийх боломжтой бөгөөд 2 дугаар багцад ходоодны дуран болон нүдний үзлэг багтаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *