Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Ерөнхий ассамблейн 10 дугаар хуралдааныг ОХУ-ын Нэгдсэн Орос намаас Москва хотноо 10 сарын 24-27-ны хооронд зохион байгуулав. Азийн 35, Латин Америк, Африк тивээс тус бүр нэг улсын 70 намын төлөөлөгч оролцсон энэ удаагийн Ерөнхий ассамблейн хуралдаан “Олон улсын хурцадмал байдлыг намжаах, экстремизмтэй тэмцэхэд улс төрийн намуудыг үүрэг”, “Улсууд хоорондын эдийн засаг, улс төр, нийгмийн харилцааг хөгжүүлэхэд улс төрийн намуудын хамтын ажиллагааны ач холбогдол” гэсэн хоёр үндсэн сэдвээр явагдлаа. Хуралд МАН-ыг төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ц.Мөнхцэцэг, Хэвлэл мэдээллийн газрын дарга А.Энхзул нар оролцлоо.
Ерөнхий ассамблейн 10 дугаар хуралдааны Эмэгтэйчүүдийн 5 дугаар салбар хуралдаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ц.Мөнхцэцэг “МАН-аас эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах талаар явуулж буй бодлого”, Хэвлэл мэдээллийн 4 дүгээр салбар хуралдаанд Хэвлэл мэдээллийн газрын дарга А.Энхзул “Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Ерөнхий ассамблейн 10 дугаар хуралдаанаас олон улсын түгшүүрт байдал, терроризм, экстремизмтэй тэмцэхэд улс төрийн намуудын хамтын ажиллагаа онцгой үүрэгтэй гэдгийг онцолж Москвагийн тунхаглал хэмээх баримт бичгийг батлан гаргалаа. Москвагийн тунхаглалд “Аливаа маргаан зөрчлийг НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн дагуу энхийн аргаар шийдвэрлэхийг эн тэргүүний зарчим болгон баримтлах, хурцадмал асуудыг намжаах, урьдчилан сэргийлэхэд нийгмийн сүлжээ болон интернет онцгой үүрэгтэй хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг улсын дотоодод болон олон улсын тавцанд ханган баталгаажуулахын зэрэгцээ терроризм, эксремист үзэл суртлыг нийгмийн сүлжээгээр дамжин тараахаас урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах, улс орнуудын эдийн засаг, улс төр, нийгмийн салбар дахь харилцаа холбоог бэхжүүлэхэд улс төрийн намууд хоорондын итгэлцэл, харилцан ойлголцол чухал үүрэгтэй” гэж заасан байна.