Categories
мэдээ спорт

“Талын түмэн адуу”-ны баяр болно

Морьтон Монголынхоо малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, таниулан сурталчлах “Талын түмэн адуу” арга хэмжээ түүхэн аялал жуулчлалын бүс болох Хэнтий аймагт ирэх сарын 02-04-нд болно.

БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэй “Мөнх харилцаа” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн талын түмэн адуун төвөргөөнд улс, аймгийн зэрэг цолтой уяачид, залуу адуучид авхаалж самбаагаа сорих юм. Мөн ӨМӨЗО-оос адуучид дахин ирж оролцох аж.

Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс энэхүү арга хэмжээг 5 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэн гадаад дотоодын жуулчдын томоохон урсгал бий болгох, өвөл цагийн адуу маллах эртний, нүүдэлчин өв уламжлалыг хадгалан авч үлдэх, орон нутагтаа адуучдын авьяас, чадварыг алдаршуулах ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

Хэнтий аймаг нь Монгол Улсын төдийгүй дэлхийн хэмжээний түүхт газар нутаг учир аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, байгалийн адал явдалт аялал, түүх соёлын аяллын төрлүүдийг нэгэн зэрэг хөгжүүлэх боломжтой нутаг юм.

Энэ удаагийн Талын түмэн адуун төвөргөөний хөтөлбөрт Адуучдын Хээрийн цайллага, адуун туувар, “Торгон тар” богино зайн бооцоот уралдаан, Нутаг усандаа алдартай хурдан адууны танилцуулга, Адууны зүс нэршлийн танилцуулга, Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа, Морьтон хүүхдийн парад, Хэнтийн Брэнд хүнсний үзэсгэлэн худалдаа, Уран уургач шалгаруулах “Шургуу 2018” тэмцээн, Эмнэг булгиулах тэмцээн, Малчдын өвөлжөөтэй танилцах аялал, Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт, Тожил хийцийн адууны тоноглол, дархан урлалын үзэсгэлэн, Талын түмэн адуу фото зургийн үзэсгэлэн, Баяр наадмын зочдод зориулсан урлагийн тоглолт зэрэг багтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *