ӨРГҮЙ УЛААНБААТАР
Анх 2016 онд 100 орчим тэрбум төгрөгийн өртэй хотыг нйислэлийн удирдлагын шинэ баг хүлээн авсан юм. Үүнд концессийн гэсэн тодотголтой бүх өр, аж ахуйн нэгж байгууллагын өрөөс эхлээд нийслэл хоттой хамаатай бүх төрлийн өр багтаж байв.
Хэдийгээр нийслэлийн эдийн засаг хүнд байсан ч хотын удирдлагын баг өмнөө тавьсан зорилтоо биелүүлэн, төсвийн орлогоо давуулан биелүүлж, бүх өрийг төлж дуусгахын төлөө чармайн ажиллаж эргэн төлөлтийг бүрэн хийв.
Нийслэл хотын удирдлага эдийн засаг санхүүгийн хүндрэлээс гарахын төлөө ийнхүү ажилласны үр дүнд 2018 он гэхэд эдгээр өрийг бүрэн барагдуулж, Улаанбаатар хот өргүй хот болж чадлаа.
- УЛААНБААТАР ХОТ 60 ЖИЛИЙН ДАРАА ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖУУДАА ЦОГЦООР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА
Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь ажиллаж амьдарч байгаа их хотын дэд бүтцийн хөгжлийн тулгуур баганын нэг бол автозамын салбар. 2018 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, гадаадын зээл тусламж, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 63 төсөл, арга хэмжээ хэрэгжих юм. Нийтдээ 43.5 км авто зам, 3050 урт метр гүүр барих төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээ хэрэгжинэ.
БНХАУ-ын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2017 онд эхэлсэн “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц”, “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах”, “Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр гүүр болон Сонсголонгийн 289.4 урт метр гүүр шинээр барих” томоохон төслүүдийн гол бүтээн байгуулалт 2018 оны хавар зэрэгцэн эхэлж барилгын ажил графикт хугацаандаа чанарын өндөр үзүүлэлттэй явж байна. Мөн Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх авто замыг нийслэл хот өөрийн хөрөнгөөр шинэчлэхээр төлөвлөж байгаагийн зэрэгцээ ус зайлуулах төхөөрөмж хийх ажилд онцгой анхааран ажиллаж байна.
Эдгээр нь Монголд анх удаа найман урсгалтай, дугуйн болон явган хүний замтай давхар гүүрүүд гэдгээрээ онцлог бөгөөд авто зам, гүүрүүдийн хувьд хувьсгал гэж хэлэхээр ажлууд юм.
- СЕРВИС ЦЕНТР
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого, шинэ төлөвлөлтийн ажлыг эхлүүлж, бүрэн утгаараа хэрэгжиж эхэллээ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага,нийслэлийн гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, НИТХ-ын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт тусгасан үндэслэлүүдээр “Гэр хорооллын дэд бүтцийн төв” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Нийслэл хотын гэр хорооллын чиглэлд авах арга хэмжээг төвийн, дундын, захын гэсэн гурван бүсэд хувааж хөгжүүлэхээр тусгасан. Төвийн бүсийн гэр хорооллыг төвлөрсөн шугам сүлжээнд холбосон өндөр давхар орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ. Дундын бүсийн гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв төслөөр хөгжүүлнэ. Захын бүсийн гэр хороолол буюу уулын орой хэсгээр байгаа бүсийг технологийн бүс гэж зарлан айл бүр дээр технологийн шинэ шийдэл нэвтрүүлэх юм. Дундын бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 28.8 хувь буюу 2794 га талбайг хамардаг бөгөөд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх Сервис центр буюу “Дэд бүтцийн төв” төслийг газар дахин зохион байгуулах төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Улаанбаатар хотын төвөөс алслагдсан, төвлөрсөн дулаан, бохирын систем очих боломжгүй газруудад иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн Сервис центр байгуулах шинэ бодлого гарган ажиллаж нийт 11 байршилд судалгаа хийснээс 2018 оны 11 дүгээр сард Сервис центр байгуулж дуусгах хоёр байршил сонгосон. Эдгээр нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороон дахь байршил юм. Үлдсэн гурван байршил болох Хан-Уул дүүргийн 9 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна.
- ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Хоногт 160-190 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд ашиглалтад оруулжээ. Гэвч лаг боловсруулах байгууламжгүй учир хоногт 1000-1200 шоо метр нойтон лагийг ил талбайд хатаадаг. Эндээс 900 мянган шоо метр лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр ирсэн.
Үе үеийн Төр, засгийн үед ярьсаар ирсэн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил 54 жилийн дараа буюу энэ онд шийдлээ бүрэн олов. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарах ажлыг эхлүүлж, лагийг халдваргүйжүүлэх, үнэр дарах төслийн хүрээнд биологийн задралыг бий болгож, өвчин үүсгэгч нянг устган халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалт бүхий хэт авиан тоног төхөөрөмжийг суурилуулж тохируулгын ажил хийж эхэлсэн. Уг төхөөрөмж нь ХБНГУ-ын “Ультрасоник” компанийн “Тюбэреактор” загварын сүүлийн үеийн бүтээгдэхүүн юм. Мөн бохир усны цэвэршүүлэлтийн хувийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тунгаагуур, био цөөрөм барих, лагийг хуурайшуулж, хатаах, шатаах технологи бүхий төхөөрөмж суурилуулах ажил эхлүүлсэн билээ.
Хамгийн гол нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн 2018 оны наймдугаар сард Монгол Улсад Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Хятадын талаас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулах “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийг хийлээ.
БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл” нь 300 сая ам.долларын өртөгтэй юм. Хоногт 250 мянган шоо метр бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашигласан, байгаль орчинд ээлтэй, лагийг бүрэн боловсруулж эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэгцээгээ хангах зэрэг олон давуу талтай бөгөөд ажил 1.6 орчим жил үргэлжилнэ.
- ЭМНЭЛГҮҮДИЙН ГАДНА ТАЛБАЙГ ТОХИЖУУЛАВ
Улаанбаатарт байгаа эрүүл мэндийн салбарт хамааралтай гадна талбайн газрыг бизнесийн зорилгоор юм уу, орон сууц барих зорилгоор хувь хүн, компаниудад зарахгүй гэсэн зорилт тавин хэрэгжүүлж байна. Эдгээр талбайг иргэд эмнэлгийн үйлчилгээ авахад зориулсан автомашины зогсоолтой, илүү тохилог орчин болгоно гэсэн зорилт тавьж, Хавдар судлалын төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн гадна талбай, нийт дөрвөн эмнэлгийн гадна талыг тохижуулав. Гэмтлийн эмнэлгийг 3 гарцтай байхаар шийдэж, онгоц буух талбай, 350 машины зогсоолтой болгож заслаа. Эдгээр эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 60 орчим хувь нь нийслэлчүүд байдаг.
2018 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэл өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Халдварт өвчин судлалын Үндэсний төв, Хан-Уул дүүргийн нэгдүгээр амбулатори, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг бүх дүүргийн эмнэлэг, төрөхүүдийн гадна талын талбайг тохижуулж дуусгаад байна. Зөвхөн зогсоол төдийгүй явган хүний зам, сандал суудал, ногоон байгууламжууд зэргийг иж бүрнээр нь тохижууллаа. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэдийн аятай тухтай байдал бүрдэх юм. Үүнийг эрүүл мэндийн салбарт зориулж байгаа Засаг даргын онцгой бодлого гэж хэлж болно.
- БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, ХОТ ТОХИЖИЛТ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан билээ. Уг ажлын хүрээнд Нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, байгаль орчинд ээлтэй төслүүдийг хэрэгжүүлэх, хотын ногоон хөгжлийг хангах зорилгоор олон ажил хэрэгжүүлж байна. Үүнээс дурдвал, авто замын түгжрэлийг бууруулах, залуусыг спортод уриалж, амьдралын эрүүл хэв маягийг тогтоох зорилготой “UВike” төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж иргэдийн талархлыг хүлээгээд байгаа бөгөөд ирэх жилээс нэмж “UB scooter” төслийг хэрэгжүүлэхээр болов.
Ногоон байгууламж нэмэгдүүлэх, иргэдийнхээ амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дүүрэг бүрт бичил цэцэрлэг байгуулах “UB garden” төслийг мөн нэрлэж болно. “Жишиг гудамж” бий болгож, Б.Цэрэндоржийн гудамжны тохижилт, Дуурийн театрын өмнөх талбай зэрэг гол талбай, гудамжийг цогцоор нь тохижууллаа. 13-р хороололд Жишиг гудамж байгуулахын тулд 150 авто машины зогсоол байгуулж, 159 шилмүүст мод тарьж, нийтийн тээврийн зогсоолыг шинэчиллээ. Нийслэлийн 9 дүүргийн 16 байршилд орон сууц, гэр хорооллын дунд спорт тоглоомын газар байгууллаа. Гэр хорооллын долоон гудамжийг тохижууллаа. Их тойруугийн гудамжийг жишиг гудамж болголоо.
- БОЛОВСРОЛ
Боловсролын салбарт 2018 онд томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болж байна. Энэ жил Улаанбаатар хотод улсын төсвөөс 106.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 18.880 суудал бүхий 34 сургууль болон сургуулийн өргөтгөлийн барилга, 5 сургуулийн спорт заалны барилга, “Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн 9.345 ор бүхий 52 цэцэрлэгийн барилга, бага сургууль цэцэрлэгийн гурван цогцолбор барилгыг тус тус барьж байна.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургууль, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 4 сургууль барилгыг барихаар ажиллаж байна. Нийслэлийн төсвөөр 2018 онд 1310 ор бүхий 7 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна.
Нийслэл хотод улсын төсөв, нийслэл, гадаадын хөрөнгө оруулалтаар 100 гаруй шинэ сургууль, цэцэрлэгийн барилгын ажил өрнүүлж байна. Энэ ажлыг эхлүүлэхэд хүндрэлтэй асуудал нь “газар чөлөөлөлт” байв. Нийслэлийн газрын алба энэ ажлыг 93 хувьтай хийж гүйцэтгэснээр боловсролын салбарын бүтээн байгуулалтыг хийх нөхцөл бүрдлээ. Энэ 2018-2019 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 26 сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа юм.
Харин 2019-2020 оны хичээлийн жилд Монгол улсын Засгийн газрын зорилтын хүрээнд нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулиуд 2 ээлжинд бүрэн шилжинэ. Мөн сургуулийн өмнөх насны хүүхдийн 85 хувь нь цэцэрлэгээр хангагдах төлөвтэй байна.
- ГАЗРЫН РЕФОРМ, ШИНЭЧЛЭЛ
Нийслэлийн зүгээс газрын харилцааны шинэтгэлийн хүрээнд цахим биржийн үйл ажиллагааг нэвтрүүлэв. Ингэснээр иргэд цахим биржээр дуудлага худалдаа зохион байгуулж, зах зээлийн үнийн мэдээлэл цуглуулах, уг мэдээллээр иргэд болон хуулийн этгээдийг хангах юм. Мөн нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны газартай холбоотой бүх мэдээллийг агуулсан альбом буюу газар ашиглалтын зурагтай болно.
Газрын реформ, шинэчлэлийн ажлын хүрээнд 2018 оны эхний найман сарын байдлаар авч үзэхэд 2003 оноос хойш нийслэл хотод 196868 иргэнд 10529.2 га газар өмчилсөн байна.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс “Явган хүний зам” арга хэмжээ эхлүүлсэн. Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам, явган хүний гарц хааж барилга барьсан аж ахуйн нэгж байгууллагуудад хугацаатай мэдэгдэл хүргүүлж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд албадан чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар иргэдээс 40 гаруй байршилд явган хүний зам гаргуулахаар санал ирүүлж, уг саналын дагуу хугацаатай мэдэгдэх хуудсыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлээд байна.
Газар эзэмшил, ашиглалтын чиглэлээр Орон сууцны хорооллын барилгуудын дунд болон сургууль, цэцэрлэгийн орчмын газарт барилга барих ажлыг хотын даргын захирамжаар бүрэн цуцалж, газар эзэмших, ашиглах эрх олгохыг зогсоов. Ингэснээр 16.8 га газрыг хүчингүй болгож, сургууль цэцэрлэг, оршин суугчдад буцаан олголоо.
СӨХ-дод нийтдээ 40.8 га газрыг олгож, тоглоомын талбай, тохижилт хийх боломжтой болголоо. Иргэд болон сургууль, цэцэрлэг, эмнэлэгүүдэд эргүүлэн олгосон газрын хэмжээ 57 га талбайд хүрч байгаа нь 50 ширхэг хөл бөмбөгийн талбайтай дүйж байгаа юм.
Газрын тухай хуульд нийцүүлэн газар эзэмших эрхийн хугацааг өөрчлөлт орох хэлбэрээс нь үл хамааран 15 жилээр олгодог болсноор гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдэх, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн ажлууд идэвхжих, тогтвортой харилцаа үүсгэх, газар ашиглалтын үйл ажиллагааг сайжруулах болсон тул газар эзэмшигч, ашиглагч, хөрөнгө оруулагчид таатай хүлээн авч байна.
- ШИНЭ ЯАРМАГ
Нийслэлийн шинэ төлөвлөлтийн бүсүүдэд засаг захиргаа, худалдаа үйлчилгээ, соёл боловсрол, орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий ”Их тойруу”, “Яармаг” гэсэн хотын хоёр төв, Баянхошуу, Сэлбэ, Шинэ хот, Сонсголон, Гурвалжин, Амгалан гэсэн хотынзургаан дэд төв байхаар төлөвлөгдөөд байна.
Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгож, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Яармагт байгуулах шинэ төвд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нэг дор шилжүүлэн байршуулах судалгаа төлөвлөлтийг хийж, барилгажилтын төсөл боловсруулж НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гардан хийж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд Нийслэл хотын захиргааг Яармаг тийш шилжүүлэх ажил эхэлж, барилгын суурийг тавилаа. 2019 онд Хотын захиргаа Яармаг руу нүүж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээ нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсдгэдэг байсан байдал арилах юм. Нэг сая 300 гаруй мянган хүн амтай метрополис хотын захиргаа нийслэлийн баруун өмнө зүгт шилжин байрласнаар наад зах нь 30 мянга гаруй иргэн ажил, алба хөөцөлдөхөөр хотын төв рүү зүглэхээ больж, 3500 ажлын байр Яармагт төвлөрнө.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар дагуул хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэросити зэрэг дагуул хотуудыг хөгжүүлэн хотын төвлөрлийг арилгана.
- ХӨГЖЛИЙН АЛТАН ГУРВАЛЖИН
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалт 2018 оны 5 дугаар сарын 21-нд болсон юм. Уулзалтын гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан Төвийн бүсэд зэрэгцэн орших Төв, Сэлэнгэ, Булган аймаг, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлага, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар манлайлсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршиж байгаа билээ. Энэхүү “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд санаачилсан бөгөөд Монгол улсад жишиг болсон бүс нутгийн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх эн тэргүүний зорилт тавиад байна.
Олон улсын хөгжлийн туршлага, чиг хандлагаар томоохон хот, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг хөгжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх улмаар хотуудын таталцал, нөлөөллийн бүс дэх Төв, Сэлэнгэ, Булган аймгуудтай хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан аймаг, орон нутгийн зах зээлийн боломж, нөөцийг нэмэгдүүлэн тогтвортой хөгжлийг хангах талаар санал боловсруулж, хамтран хэрэгжүүлэх зорилго дэвшүүлж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн наймдугаар сард дээрх аймгуудтай байгуулсан Санамж бичгийн хэрэгжилт ямар байгаа, хэрхэн ажил хэрэг болж буйг газар дээр нь очиж үзэхээр Төв аймгийн Жаргалант сум, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаад ирлээ. Ажлын эхний үр дүн гарч Төв, Сэлэнгэ аймгийнхан нийслэлчүүдийг хэн нэг ченжийн гар дамжуулалгүйгээр ургацын талбайгаас нь шууд нийлүүлсэн төмс, хүнсний ногоо, малчдын гар дээрээс шууд нийлүүлсэн сүү, цагаан идээгээр хангана гэдгээ илэрхийлжээ.
- ШҮД, ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО
Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг Шүд, эрүү нүүрний төв 3 жил орчим түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан бол хэдхэн хоногийн өмнө шинэ байртай болж төвхнөлөө. Ингэснээр нийслэлчүүдэд орчин үеийн шаардлага стандартад нийцсэн, эмнэлгийн тоноглол бүхий тав тухтай орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг болов.
Энэ жилийн хувьд эрүүл мэндийн салбарт 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангайн 40 ортой эмнэлэг, Туул тосгоны эмнэлгийг барьж, Үндэсний оношлогоо эмчилгээний төв, АШУҮИС-ийн дэргэдэх эмчилгээний төвийн барилгыг барьж дуусгахаар ажилаж байна.
“ЖиСиАй капитал” байгууллагын дэмжлэгтэйгээр “Дүнжингарав” цус цуглуулах шинэ төвийг байгууллаа. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн шугамаар дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн үзлэгийн кабинет, хэвтүүлэн эмчлэх тасагт 200 ширхэг агаар цэвэршүүлэгчийг байрлуулав.
Үүний зэрэгцээ, Засгийн газраас нийслэлийн агаар бохирдол ихтэй гэр хорооллын бүсэд байрладаг сургууль, цэцэрлэгийн анги танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд 230 ширхэг агаар цэвэршүүлэгчийг нэмж өгөөд байна. Мөн тус хөтөлбөрийн дагуу цаашид 365 ширхэг агаар цэвэршүүлэгчийг нэмж өгөхөөр төлөвлөжээ.
Дүүргүүдийн эмнэлэгт мухар олгой зэрэг зарим төрлийн мэс засал хийдэг болж, төвлөрсөн эмнэлгүүдийн ачаалыг зохих хэмжээгээр бууруулаад байна.
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ
Нийслэлээс үзүүлж байгаа 55 үйлчилгээг цахимжуулах гэж байна. Нийслэлийн хороодод төрийн үйлчилгээг хүргэх ажлыг энэ онд эхлүүлж байгаа юм. Улаанбаатар хотод нэг цэгийн үйлчилгээний супермаркет 4 бий. Одоо иргэдийн хамгийн их авдаг 7 төрлийн үйлчилгээг хороодод хүргэж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Ардчиллын боловсрол төв хамтран нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандсан иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх, байгууллагуудын үйл ажиллагааг иргэдээр үнэлүүлэх “CHECK MY SERVICE” гар утасны аппликэйшныг иргэдийн хэрэглээнд нэвтрүүллээ.
Мөн нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг сайжруулах, иргэдэд ямар нэгэн саад, бэрхшээлгүй хүргэх зорилгоор тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn системийг шинэчлэн хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Улаанбаатар Хотын Банк, Метатек компани хамтран “ГЭРЭГЭ” цахим төлбөрийн машиныг анх удаа хэрэглээнд нэвтрүүлж, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт нээлтээ хийлээ. Эхний ээлжид Тээврийн Хэрэгслийн татвар болон, Торгуулийг төлөх боломжтой болж байгаа юм. Цаашдаа 30 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.
- НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ
Нийслэл хотод амьдарна гэдэг бол иргэд нь нийслэлийн стандартад нийцсэн үйлчилгээ авна гэсэн үг юм. Улаанбаатарыг удирдана гэдэг нь хотоо дэлхийн хотуудын стандартад хүргэнэ гэсэн үг. Хотын даргын хийх ажил бол энэ. Бага тойруугаас Багахангай, төв талбайгаас захын хороолол хүртэл нийслэл хотын 4700 ам дөрвөлжин км нутаг дэвсгэрт нэг л стандарт үйлчлэх ёстой. Үүнийг Нэг хот, нэг стандарт гэж байгаа юм.
Үүнийг нийслэлийн 1.4 сая иргэн бүрт нэг стандарт хэмээн томъёолон ойлгож болно. Үүний зэрэгцээ Олон удаагийн парламент дамжин хүлээгдэж байсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.
Өдгөө 1.4 сая хүн амьдарч ажиллаж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж буй хотын хувьд уг хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байгаа юм. Сүүлийн удаа 1994 онд уг хуулийг шинэчилсэн. Гэвч тухайн үед Улаанбаатарын суурин хүн амын тоо 589 мянга байсан бол өдгөө 1.4 сая болж, 30 мянган хүн амтай хороо ч ажиллаж байна. Автомашин 20337 бүртгэлтэй байсан бол өнөөдрийн байдлаар 400 гаруй мянга болсон гэх зэргээр нийслэл хотод эрх зүйн шинэ зохицуулалт зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм.
- АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжиж “Сити тур” автобус явж байна.
Бүргэдийн баяр нь эдүгээ Монгол Улсын аялал жуулчлалын эвентүүдийн хамгийн сонирхолтой баярын нэг болоод байна. Энэхүү баярыг нийслэл хотод зохион байгуулдаг болсон нь гадаадын жуулчдын анхаарлыг ч татдаг боллоо.
Олон Улсын-Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээнийг жил бүр зохион байгуулж байна. Үүнд оролцдог гадаадын иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.
Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор“UB Food Festival”-ийг зохион байгуулдаг боллоо. Тус арга хэмжээний үеэр энэ жил анх удаа Нийслэлийн нэрийн “Улаанбаатар шөл” болон “Улаанбаатар хуурга” шалгаруулах тэмцээн зохион байгуулсан юм.
“UB Food Festival”-д оролцогч байгууллагууд төрөл бүрийн хоол зууш, амттан бэлтгэн хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?”, “Аавтайгаа хамт”, Зайрмагны баяр, Айрагны баяр зэрэг уралдаан, хөгжөөнт тоглоом, урлаг соёлын хөтөлбөрүүд, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүд зохиогдог нь жуулчдын сонирхлыг татсан үйл явдлын тоонд орж байна.
Залууст өв соёлоо сурталчлах, гадаадын жуулчдыг татах зорилгоор Соёл, шашны томоохон зан үйл болох Даншиг наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран Хүй долоон худагт жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэж байна.
- “ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ГААС 87 ИРГЭН БАЙРТАЙ БОЛЛОО
Хот иргэдээ орон сууцтай болгохыг дэмжиж сан байгуулав. Сан байгуулагдсанаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус сангийн дэмжлэгтэйгээр 87 иргэн орон сууцанд ороод байна.