2019 оны зун Хэмингуэйн Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан тухай өгүүлэх хоёр өгүүллийг олны хүртээл болгох гэж байна. Эдгээр өгүүлэл нь дахин хэвлэгдэж буй “Хонх яагаад дуугарна вэ” номонд багтах аж. “Сүрлэг хөшөө” болон Индейчүүдийн нутаг ба цагааны арми” гэх нэртэй эдгээр өгүүллүүдийг зохиолч 1950-иад оны дундуур бичсэн гэнэ.
Үүнээс гадна шинэ номонд “Цэцэрлэг рүү гарсан өрөө” гэх өгүүлэл ч багтсан бөгөөд энэ өгүүлэл 2018 оны наймдугаар сард “The Strand Magazine” сэтгүүлд нийтлэгдэж байсан аж. 1956 онд Эрнест Хемингуэй сурвалжлагчаар Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон тухайгаа дурссан таван өгүүлэл бичсэн байдаг юм. Эдгээр өгүүллүүд нь хүмүүсийг сэртхийлгэх болов уу гэж зохиолч үзэж байсан учир хэвлэлийн төлөөлөгч Чарльза Скрибнерт хандан нас барсных нь дараа нийтлэхийг захиж байсан гэдэг. Тэдний нэг болох “Уулзвар дээрх хар илжиг” өгүүлэл хэдэн жилийн өмнө хэвлэгдсэн бөгөөд сүүлчийн өгүүлэл болох “Хөөсөн нэр хүнд” өгүүлэл хэзээ нийтлэгдэх нь тодорхойгүй байгаа юм.
Эрнест Миллер Хэмингуэй (1899-1961) Америкийн алдарт зохиолч бөгөөд 1954 онд утга зохиолын салбар дахь Нобелийн шагнал хүртэж байжээ.Түүний зохиолууд, мөн адал явдлаар дүүрэн амьдрал Э.Хэмингуэйг алдартай болгосон юм. Зохиолууд нь олон хэл рүү хөрвүүлэгдэн хэвлэгдэн гарсан байдаг.
Хэмингуэй Дэлхийн хоёрдугаар дайнд цэргийн сурвалжлагчийн хувиар Герман болон Францын нутаг дэвсгэр дээгүүр Их Британийн бөмбөгдөгч онгоцныхонтой хамт нисч байсан аж. Нормандид газардсан холбоотнуудын талаар бичиж 1944 оны наймдугаар сард Америкийн цэргийн хамт Парис хотод орсон бөгөөд баатарлаг гавьяаг нь үнэлэн Хүрэн одоор шагнажээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд зохиолч сэтгэл санааны гүн хямралд орсноос үүдэн 1961 оны долдугаар сарын 2-нд амиа егүүтгэсэн билээ.