-Анхан шатны эмч, мэргэжилтнүүдэд БЗДХ-ын чиглэлээр сургалт хийлээ-
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ-ийн Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албатай хамтран “Глобал” сангийн санхүүжилтээр “БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эрт илрүүлэг оношилгоо эмчилгээ, хавьтал илрүүлгийн чиглэлээр анхан шатны эмч, мэргэжилтнийг чадавхижуулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ
2017 оны байдлаар зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын 6902 тохиолдол бүртгэгдсэн
Энэ сарын 2-ноос эхэлсэн есөн удаагийн сургалтад дүүргийн эрүүл мэндийн төвийн ХДХВ/ДОХ, БЗДХ-ын кабинетын зохицуулагч, тархвар судлаач, өрхийн эрүүл мэндийн төвийн 240 гаруй эмч, мэргэжилтнийг хамруулсан байна.
Манай улсад бэлгийн замаар дамжих халдвар нийт халдварт өвчний дотор дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Мөн бэлгийн замаар дамжих халдвар сүүлийн таван жилд тасралтгүй нэмэгдэж байна. Тодруулбал, 2017 оны байдлаар зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын 6902 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25.7 хувийг эзэлжээ. Харин өвчлөлийн 25.6 хувийг заг хүйтэн, 45.2 хувийг тэмбүү, 29.2 хувийг трихомониаз тус, тус эзэлж байна.
Одоогийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 266 тохиолдол бүртгэгдсэн. Улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүгийн өвчлөл 59 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 17 тохиолдлоор нэмэгдсэн байна. Үүнээс нийслэл хотод нийт 41 тохиолдол бүртгэгджээ.
Бэлгийн замаар дамжих халдвар тасралтгүй нэмэгдэж байгаа нь дээрх тоо баримтаас харагдах бөгөөд халдварыг эрт илрүүлэх, халдвар тархалтыг бууруулах, мөн хянах эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай гэж үзжээ.
БЗДХ, тэмбүү, ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг тогтоон барих үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрсдэлтэй хүн амыг шинжилгээнд бүрэн хамруулахаас гадна тэдний хувьд халдвар авсан эсэхээ мэдэх, эмчилгээнд эрт хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, халдвар дамжих эрсдлийг бууруулах, хавьтал илрүүлэх нь нэн чухал ач холбогдолтой гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.