Categories
мэдээ улс-төр

“Үдийн цай” хөтөлбөрийг өргөжүүлэх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгддсэн хуралдаанаар Б.Ундармаа нарын найман гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Гадны орнууд эрүүл хүүхэд, эрүүл иргэнтэй байхын тулд тэдгээрийн нас, хүйс, онцлог байдалд тохирсон хоол, шим тэжээлээр хангадаг байна. Монгол Улсын Засгийн газраас “Үдийн цай” хөтөлбөрийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2017 оны байдлаар уг хөтөлбөрт хот хөдөөгийн нийт 778 сургуулийн 288 мянга 177 сурагчид хамрагдаж байгаа юм. Анх нэг хүүхдийн үдийн цайг 300 төгрөгөөр тооцож баталсныг Засгийн газраас тодорхой хэмжээнд нэмэгдүүлж байгаа хэдий ч сургууль бүрийн удирдлага, зохион байгуулалтаас шалтгаалан хөтөлбөр оновчтой хэрэгжиж чадахгүй байгаа юм. Түүнчлэн үдийн цайнд өгч буй бүтээгдэхүүн хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаагаас шалтгаалан хүүхдүүд хоолны хордлогод орох тохиолдол олноор бүртгэгдэж байгаа юм. Иймд уг хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлж, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих, хооллох зөв дадал төлөвшүүлэх, аюулгүй хоол, хүнсээр хангахад чиглэсэн харилцааг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай хэмээн хууль санаачлагчид үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуулийн төслийг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөгийн зардал гарах, түүнийг нь ирэх оны төсөвт тусгасан эсэхийг Д.Тэрбишдагва гишүүн тодрууллаа.

2018-2019 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 820 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээр сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор ирэх оны төсөст 34.2 тэрбум төгрөгийн санхүүжилт суулгасныг хууль санаачлагч Б.Ундармаа хэллээ. Тэрбээр, “Ер нь бол нэг хүүхдийн үдийн цайны мөнгийг 600 төгрөгөөр бодож сургуулиудад олгодог. Гэтэл сургуулиуд өндөр үнээр хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг зэргээс шалтгаалаад хүүхдийн үдийн цайнд 250-300 төгрөгийн гурилан бүтээгдэхүүн очиж байна. Тиймээс эхний ээлжинд шинээр баригдаж байгаа болон өргөтгөл хийж буй сургуулиудад гал тогоо, хоолны танхим байгуулна. Цаашдаа “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлэх ажлыг 2019-2022 он хүртэл тодорхой үе шаттай зохион байгуулна” гэлээ.

Хүүхдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад ихээхэн бэрхшээл тулгарч буйг Б.Энх-Амгалан гишүүн дурьдаа. Өөрөөр хэлбэл, Малыг шүлхий болон бусад өвчнөөс сэргийлэх вакцинд хамруулдаг, махыг муудтгахгүй байх, хортон шавжаас хамгаалах зорилгоор элдэв цацлага цацах зэргээр химийн бодистой хольж байгаа тул хүүхдүүдийг эрүүл махаар хангах боломж хомс байна гэсэн санал хэлж байв.

Сургуулиудын гал тогоог шинэ тоног төхөөрөмжөөр хангахад хэдэн төгрөг зарцуулахыг Б.Бат-Эрдэнэ гишүүд тодруулсан. Орон нутгийн бүх сургууль дотуур байр, гал тогтоотой аж. Тиймээс орон нутгийн сургуулиудын гал тогоог хангахад дунджаар 15 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулаа. Харин нийслэлд байгаа зарим сургуульд хоолны танхим, гал тогоо байгуулах шаардлагатай гэв.

Мөн гишүүдийн зүгээс хуулийн төслийг ирэх оны төсөвтэй нягт уялдуулах шаардлагатай гэдгийг дурьдаж байлаа. Өөрөөр хэлбэл, хуулийг хэрэгжүүлэх хөрөнгийг төсөвт тусгаагүй тохиолдолд “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжих боломжгүй болно гэдгийг Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва гишүүн санууллаа. Мөн аймаг бүрийн хүүхдийг орон нутгийн онцлог, цаг уурын нөхцөл байдалд тохирсон хоолоор хангахад анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байв.

Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн 74.5 хувь хуулийн төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *