Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ өвөл утааг хэдэн хувиар багасгана гэж төлөвлөж байна вэ?

Нийслэлчүүд утаанаас салахын түүс болоод удаж байна. “Улаанбаатар хэзээ утаагүй хот болох вэ” гэсэн хүлээлт хүн бүрийн мөрөөдөл боллоо. Нийгмийн захиалгат энэ хүсэл хэзээ нэг биеллээ олох юм бол доо. Энэ өвөл утаа багасах болов уу. Уг нь төр засгаас утааг дор нь байхгүй болгочих юм шиг гоё, гоё ажлуудыг нэрлэж, хэрэгжүүлдэг. Зарцуулсан мөнгөн дүн нь замбараагүй их тоо. Сүүлийн арван жилийн судалгаанаас харахад нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад нэг их наяд орчим төгрөгийг зориулсан байх юм. Улсын төсвийн урсгал зардлаас 114 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 55 тэрбум, гадаадын зээл тусламжаас 520 орчим тэрбум, цэвэр агаарын сангаас 117 тэрбум төгрөгийг тус тус утаанд цацжээ.

Дээр нь Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ч хөрөнгө мөнгө төсөвлөсөн байдаг. Энэ хооронд утааг бизнес болгож ашиглагчид ч мундаагүй. Засгийн газрын тусгай сан гэж байсан “Цэвэр агаар” сангийнхан дарга, цэргүүдтэйгээ нийлээд утаанд төсөвлөсөн хөрөнгийг өөр тийш нь гулгуулж хувьдаа завшсан тухай хэвлэлүүд бишгүй л бичиж байв. Энэ дуулиант хэрэгт тус сангийнхнаас гадна Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн охин, Сангийн яам, БОАЖЯ, Үндэсний статистикийн хороо болон Мэргэжлийн хяналтын байцаагч гээд нийт 11 хүн холбогдож ял шийтгэлээ авцгаасан. Бас “Нүүрс” хөтөлбөр нэрээр улсад их хэмжээний хохирол учруулсан Л.Гансүх нарын хүмүүс байна. Гэр хорооллын иргэдийг хямд өртөгтэй нүүрсээр хангаж, хаймер, дугуй, элдэв хог түлдэг байдлыг болиулна гэж энэ хөтөлбөрийг санаачилсан эрхмүүд улсын мөнгөөр гараа угааж, торны цаана сууцгаасан. Өөр нэг дуулиант хэрэг бол утаагүй түлш үйлдвэрлэхэд зориулсан 14 тэрбум төгрөгийн асуудал. Энэ хөрөнгийг “Аморе Интернэйншл” компани “ДЦС-2”-ыг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр барина гэж аваад салхинд хийсгэчихсэн. Барьсан үйлдвэрийнх нь технологи зөрчихлөө гээд балгас болж хувирсан.

Манай улс утаанаас салах гэж өчнөөн жил ноцолдлоо. Утаагүй зуух, яндангийн шүүлтүүр, үүдний таамбар, эсгий туурга тарааж, эрчим хүчний шөнийн тарифыг тэглэв. Гэвч үр дүн алга. Яахав, мэргэжилтнүүдийн хувьд агаар дахь хүнд металл, нарийн ширхэгтэй тоосонцорын хэмжээ бага зэрэг буурсан тухай статистик дүн танилцуулдаг л даа. Харин амьдрал дээр утаанаас болж жилд 5000 гаруй урагийн зүрх эхийнхээ хэвлийд зогсч байгаа гэсэн сэтгэл түгшээсэн тоог эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байсан.

Тэгвэл агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэн өнөө жил Улаанбаатарын утааг 50 хувь багасгана гэж ам гарсан. Ийм сүрхий тоог бид арван жилийн өмнөөс сонссоор ирсэн. Ямар ч тооцоо судалгаагүйгээр амандаа орсон тоог хэлж, ард иргэдээ хуурч байхын оронд агаарын бохирдлоосоо салах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлмээр байна. Утааг бууруулах бодит боломжоо судалж, энэ жил ийм, ийм ажлыг хийнэ гээд төлөвлөөд явах ёстой. Хамгийн гол нь утаанаас салах гэсэн дээрх бүтэлгүй оролдлогуудыг л давтахгүй байх хэрэгтэй.

“Энэ өвөл чанга болно, нүүрс түлээгээ сайн базаагаарай” гэсээр иргэд өвөлдөө бэлдээд эхэлчихэж. Ирэх жилээс нийслэлчүүд түүхий нүүрс хэрэглэхээ болино. Засгийн газрын энэ шийдвэр амжилттай хэрэгжиж чадвал аргаарын бохирдол буурахад бодитой нөлөө үзүүлэх байх. Өнгөрсөн онд гэхэд агаарын бохирдолд улсын төсвөөс таван тэрбумыг, Нийслэлээс гурван тэрбум 150 саяыг, “Улаанбаатар цэвэр агаар” сангаас 2.6 сая ам.доллар төсөвлөсөн. Харин энэ жил хэдий хэмжээний мөнгө төсөвлөх нь ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр тодорхой болно. Ямартаа ч Засгийн газраас 120 мянган өрхөд утааг бүрэн шатаадаг, агаарт хаягдал багатай янданд нь голын хотол, зуухны хүхээг, төхөөрөмж суурилуулахаар хөрөнгө мөнгийг шийдээд захиалсан гэсэн. Ер нь нийслэлийн агаарын бохирдолтой тэмцье гэвэл утаа ихээр гаргаж байгаа яндангуудыг хянах л арга байгаа. Хотын төв хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа гуталчин, барилга, байгууламжийн манаач, дугуй засварчид хамгийн их утаа гаргадаг. Тэд голдуу гутал, машины дугуй, хаймар, хог зэргийг түлдэг. Бас Зуун айлд үйл ажиллагаа явуулдаг чулуун хавтангийн үйлдвэрүүд хамгийн их хортой утаа гаргадаг гэсэн иргэдийн гомдол байдаг шүү дээ. Тиймээс эхний ээлжинд ядаж эдгээр газруудынхаа янданд хяналт тавих хэрэгтэй. Энэ ажлыг хийхийн тулд хяналтын эргүүл яагаад гаргаж болохгүй гэж. Ингэж ажиллавал агаарын бохирдлоосоо бүрмөсөн салж чаддаггүй юм аа гэхэд тодорхой хэмжээгээр үр дүн үзүүлж л таараа. Иргэн бүр агаарын бохирдлыг бууруулах үүргээ ухамсартайгаар биелүүлэхэд нь төрийн оролцоо юу юунаас чухал. Хяналт сайн байвал иргэд муу зуршлаасаа сална. Тэгэхгүй бол утаанд баахан мөнгө төсөвлөж ажил хэрэг болгочихоод хяналтаа тавьж чадахгүй байх юм бол Улаанбаатарын өвөл улам л зовлон болно.

Ер нь утаанаас бүрмөсөн салах арга бол яндангийн тоог байхгүй болгох гэдгийг дэлхийн том, том хотуудын туршлага харуулдаг. Өнөөдөр зах зээлд 40 мянга гаруй орон сууцны илүүдэлтэй байгаа. Гэр хорооллоос ийм хэмжээний яндан алга болчихвол Улаанбаатар цэлмээд л ирнэ. Энэ бол нийслэлчүүд утаанаасаа салах хамгийн хурдан арга. Гэхдээ гэр хороолол дахь яндангийн тоог өнөө жил цөөрүүлчихээд хойтон нь тэр хэрээр гозойлгоод байвал утаанаас хэзээ ч салж чадахгүй. Том зургаараа, урт хугацаандаа гэр хорооллын зах замбараагүй байдлыг цэгцэлж, тэнд төвлөрлийг бий болгоё гэвэл газар доорх инженерийн байгууламж, дэд бүтцийг нь шийдэх ёстой. Үүний дараа тэнд хороолол, хотхонууд аяндаа сүндэрлэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *