Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас хойшлуулснаар, өнөөдөр буюу аравдугаар сарын 6-нд 14:00 цагаас “Алдар” спорт хорооны зааланд зохион байгуулах гэж байна.
Нээлтийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, Б.Бат-Өлзий, О.Хангай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглохоор бүртгүүлсэн ажээ.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн жилийн намрын нээлтийн барилдаанд Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын харцага Ш.Уламбаяр, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, О.Хангай тэргүүтэй 240 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Хилчин СХ-ны бөх, Улсын шинэ залуу харцага О.Хангай найм даван түрүүлж байв.