Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Я.Баярсайхан: Хохирогчгүй, хохиролгүй зохиомол хэрэг үүсгэн төрийн албан хаагчийг хэлмэгдүүлж байна

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, “Факт консалтинг” ХХК-ийн захирал, хуульч, өмгөөлөгч Я.Баярсайхантай ярилцлаа.

-Та манай сонинд ямар шалтгаанаар хандах болов?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн бол гэм буруутайд тооцохгүй” гэж заасан байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд хууль

хяналтын байгууллагууд хэн нэгнийг шүүхээр гэм буруутайд тооцоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр олон нийтэд зарлаж, нийгэмд сенсаци үүсгэж байна. Үүний цаана тус хэрэгт холбогдох хохирогч, холбогдогч, тэдгээрийн ар гэрийнхэн, найз нөхөд гээд олон хүн сэтгэл санаа эд материалаараа хохирч байдаг юм.

-Та жишээ, тайлбар хэлэх үү?

-Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Авлигатай тэмцэх газар хөндлөнгөөс оролцсон хэрэг гарсан. Ямар нэгэн хохиролгүй, хохирогчгүй асуудалд Эрүүгийн хэрэг үүсгэн, прокуророор хянуулан анхан шатны шүүхэд шилжүүлж, давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзэн хэлмэгдүүлж байгаа асуудал юм.

-Энэ талаар тодруулахгүй юу?

-Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Ноён шаг” ХХК-иас 84050685 төгрөгийг гаргуулж “Рокмон” ХХК-д олгохоор шийдвэр гаргасан хэрэг байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээрзүйлийн 4 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авна”гэдгийг маш тодорхой хуульчилж өгсөн байдаг. Тухайн хэрэгт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь төлбөр төлөгч “Ноён шаг” ХХК-ийн хүсэлтийн дагуу Шийдвэр гүйцэтгэлийн хэлтсээс нь материалыг татаж хянахад Баянзүрх дүүргийн 160 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Ингэхдээ “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд (төлөөлөгчид), бусад хүн, хуулийн этгээдийн төлөөллийг дуудан ирүүлэх”, “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, бусад хүн, хуулийн этгээдээс гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай баримт бичиг, лавлагаа тодорхойлолт гаргуулан авах”, “Төлбөр төлөгч болон бусад этгээдээс төлбөр төлөгчийн хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулан авах, түүнийг төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэх”, “Төлбөр төлөгчийн үйл ажиллагаанд холбогдох санхүүгийн болон бусад баримт бичигт үзлэг хийх”, т “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх” зэрэг шат дараалсан ажиллагаануудаас нэгийг нь ч хийхгүйгээр шууд банкин дахь дансны гүйлгээнд хаалт хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан процессын дарааллыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Хамгийн гол нь дээрх хууль зөрчиж хийгдсэн дансны хаалтыг чөлөөлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн хуулийн дагуу ажиллагааг явуулах шийдвэрийг дэд дарга, дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хамтын шийдвэрийн үндсэн дээр гаргасан байтал нэг хүнийг сугалж аваад та гарын үсэг зурж бусдад давуу байдал олгосон гэж буруутгасан.

-Бусдад давуу байдал олгох гэдэг чинь хамаарал бүхий этгээддээ ямар нэгэн эдийн болон эдийн бус ашиг олж авсан байхыг хэлэх үү?

-Дээрх хуулийн заалтад “хамаарал бүхий этгээд” гэсэн ойлголтыг хамааруулаагүй харин “албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх ойлголтыг хамааруулж ашиг олсон байхыг шаарддаггүй. Энэ хуулийн заалтын давуу байдал олгосон гэдгийг юу гэж ойлгох юм бэ. Тухайн үед төлбөр төлөгч “Ноён шаг” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2017 оны долдугаар сарын 6-ны өдрийн албан тоотоор “төлбөрийг зургаан сарын хугацаанд сар бүр 14 сая төгрөгөөр тогтмол төлж байх баталгаа, ажилчид нь илүү цагаар ажиллуулсны болон ээлжийн амралтын мөнгөө авахаар ажлын байранд нь маргаан гарч, үл ойлголцол үүссэн тул дансаа сэргээлгэх хүсэлт ирүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 45.4 “Төлбөр авагч, эсхүл төлбөр төлөгч иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг гүйцэтгэх тохиромжтой хугацааны талаар санал гаргаж болно” гэж заасан тул “Ноён шаг” компанийн албан тоотыг Шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн даргадаа “Нягтлаад холбогдох арга хэмжээг шуурхай авч, хариу өгөх” гэсэн цохолт хийж өгсөн. Гэтэл одоо хэргийн материалд “энэ асуудлыг шуурхай шийдэж хариу өг”гэж илт гуйвуулан яллах дүгнэлт, шүүхийн тогтоолд бичсэн байна. Би дээр давуу байдал олгосон гэдгийг юу гэж ойлгох юм бэ гэсэн. Өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж явах хуулиа зөрчиж шат дараалсан арга хэмжээг авахгүйгээр шууд төлбөр төлөгчийн дансыг хаасан шийдвэр гүйцэтгэгчийг төлбөр авагчид давуу байдал олгосон гэх үү, хууль зөрчсөн үйл ажиллагааг зөвтгөсөн албаны даргыг албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байдал олгосон гэх үү.

-Таны ярьж байгаагаар АТГ, Прокурор, Анхан шатны шүүхээс баримтгүйгээр асуудалд хандсан гэж ойлголоо?

-Шүүхийн тогтоол болон шүүгчийн захирамжаар тодорхой данс, хөрөнгийг битүүмжлэхээр заасан шийдвэр ирсэн бол шийдвэр гүйцэтгэгч нэн даруй хаах үүрэгтэй байдаг боловч зөвхөн нэг компанийн хүсэлтээр шууд данс хааж тэдэнд давуу байдал олгосон нь энэхүү маргааны гол эхлэл болсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлд Хөрөнгийн мэдүүлэг гаргуулах тухай “Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсний дараа төлбөр төлөгчөөс түүний хөрөнгийн тухай бичгээр мэдүүлэг авах бөгөөд мэдүүлэг гаргахын өмнө мэдүүлгийг худал гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулна”, “Төлбөр төлөгч хөрөнгийн тухай мэдүүлэг авах талаар мэдэгдсэнээс хойш долоо хоногийн дотор үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэсэн заалтуудыг огт хэрэгжүүлээгүй. Энэ нь материал татаж хянахад илэрч, мэдэгдэл хүргүүлсэн ямар ч баримт гүйцэтгэх баримт бичигт байгаагүй зөрчлийн талаар тухайн үед нь манай үйлчлүүлэгч ахлах шийдвэр гүйцэтгэгчид сануулсан байсан.

-Таны үйлчлүүлэгч давуу байдал олгосон гээд байгаа төлбөр төлөгч, төлбөр авагч нарыг таньдаг юм уу?

-Манай үйлчлүүлэгч аль ч талыг нь урьд өмнө нь танихгүй. Талуудаас гаргасан аливаа хүсэлт гомдлуудтай нь тухай бүрт нь танилцаад, холбогдох арга хэмжээ авахыг доод шатны алба хаагчдадаа үүрэг болгож байсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32,33 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, тэдгээрийн эрх, үүргийг тодорхой зааж, талууд хэдийд ч гүйцэтгэлийн хувийн хэрэгтэй танилцах, хуулбарлан авах, санал гаргах эрх нээлттэй байдаг. Тухайлбал, төлбөр авагч “Р” ХХК-иас 2017 оны наймдугаар сарын 23 нд “Ноён шаг” ХХК төлбөр төлөх графикт заасан долоо, наймдугаар сарын 28 сая төгрөгөө төлөөгүй тул дансны зарлагын гүйлгээг түдгэлзүүлж өгөх хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид “Нягтлаад материалыг танилцуулах” гэж цохон тухайн өдөрт нь материалыг нь татаж хянаад шийдвэр гүйцэтгэгчид төлбөр төлөх хугацаатай мэдэгдлүүдийг өгсөн. Гүйцэтгэх захирал С.Б-г төлбөртэй этгээдийн бүртгэлд оруулах арга хэмжээг авсан. Ажиллагаанууд бүрэн хийгдсэний дараа 2017 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 1/24093 тоотоор төлбөр төлөгч “НШ” ХХК-ийн зарлагын гүйлгээг зогсоож, хасалт хийсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлэх албан тоотыг хүргүүлж, талуудын өр төлбөрийн асуудал дуусаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь тогтоолоор хаагдсан байхад манай үйлчлүүлэгчийг чи буруугүй ч байсан буруутан байх ёстой гэж үзээд байгаад л асуудлын гол болчихоод байна.

-Нэг нь мөнгөө авчихсан, нөгөө нь мөнгөө өгөөд дуусчихсан юм байна шүү дээ.Одоо таны үйлчлүүлэгч ямар буруутай юм бэ?

-Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвтгөж явуулсанаараа “хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй” гэсэн үндэслэлээр аль нэг талаас гаргасан гомдлоор иргэний шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, дээрх өр төлбөрийн асуудал дуусаагүй байх эрсдэлээс урьдчилан сэргийлж, хуулийн дагуу та ажлаа хийжээ гэж л буруутгахгүй юм бол өөр буруутгах зүйл байхгүй. Дээр нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн хэлэлцүүлгийн бүх шатанд цагаатгах талын нотлох баримтуудыг үнэлээгүй юм.

-Таны үйлчлүүлэгч ямар ажил эрхэлж байсан хүн бэ?

-Миний үйлчлүүлэгч өөрөө хууль эрх зүйн дээд боловсролтой, Тагнуулын Ерөнхий газарт ажилтанаас газар, хэлтсийн дарга, Авлигатай тэмцэх газрын тамгын хэлтсийн дарга, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Улсын Ерөнхий гүйцэтгэгч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга зэрэг хууль хяналтын хамгийн хариуцлагатай салбаруудад Төрийн албаны тухай хуулийн дагуу шилжин томилогдож, сэлгэгдэн тасралтгүй 20 гаруй жил ажиллаж байна. Ийм хүнийг хэн нэгний захиалгаар ингэж хэлмэгдүүлж байгаа юм чинь өнөөгийн хууль хяналтынхан жирийн иргэдийг яаж хохироодог нь тодорхой харагдаж байгаа юм.

-Ер нь цаашид яах ёстой гэж та бодож байна?

-Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна, Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна, халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэдгийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилго нь “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж заасан боловч өнөөдрийг хүртэл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бусдад давуу байдал олгосон хэмээн хохирогчгүй, хохиролгүй зохиомол эрүүгийн хэрэг үүсгэн бүх шатандаа дээрээсээ захиалгатай хүн хэмээн албан үүргээ хуулийн дагуу гүйцэтгэсэн төрийн албан хаагчийг гэмт хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлж байгаа нь Монгол Улсад хууль хэрхэн хэрэгжиж байгааг харуулсан тод жишээ болж байна. Түүхийн аль ч цаг үед Шударга ёсыг хууль хяналтын байгууллага болон шүүх засаглал л тогтоох ёстой. Шударга ёс гэдэг уг нь үнэний хэмжүүр билээ. Шударга ёсыг нийгэмд тогтоохын тулд нийтээрээ тэмцэж, нийгмээ шинэчлэхгүй бол төрийн болон хүчний байгууллагуудын улстөржилт хэрээс хэтэрч, дээрээс захиалгатай хүн хэмээн хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндэд дэндүү бүдүүлгээр халдах нөхцөл аль хэдийнэ бүрдсэн байна. Монголчууд 1937-39 онд хэдэн мянгаар нь гэмгүй олон хүмүүсээ хэлмэгдүүлж, буудуулж гашуун зовлон амсаж байсан боловч өнөөдөр орчин цагийн хэлмэгдүүлэлт аль хэдийнэ Монгол Улсад нүүрлэсэн байна гэдгийг олон нийтэд хүргэх нь өмгөөлөгч миний үүрэг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *