Нийслэлийн Өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн нэгдүгээр амбулатори, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлыг 2018 онд иж бүрэн хийж ашиглалтад хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг ийнхүү иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оны намраас эхлүүлсэн. Улмаар 2016 онд Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэг, 2017 онд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.
Эмнэлгийн байгууллагын гадна зам талбайн авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, ойн төгөл бүхий амралтын орчин, яаралтай түргэн тусламжийн автомашин, нисдэг тэрэгний стандартын зогсоолуудыг бий болгож байгаа юм. Мөн эмнэлэг орчим хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлж, иргэд түгжрэлгүй, аюулгүй, эрүүл орчинд эмнэлгийн үйлчилгээ авах, үйлчлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлж чадсан.
2019 онд Налайх, Багануур, Багахангай дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын төв нэгдүгээр эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний төв, Сэтгэц судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулахаар төлөвлөн ажлын зураг төслийг боловсруулж байгаа аж.