Categories
энтертаймент-ертөнц

“Хурд” хамтлагийн 25 жилийн ойн тоглолт болно

“Хурд” хамтлаг нь 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүрчээ. Анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны гуравдугаар сард Улсын Циркт амжилттай тоглосоноор, Монголын хөгжиж буй “РОК” хөгжмийн түүхэнд цоо шинэ эрэлхийлэл, шинэ стиль хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж, Монголын ард түмнийг, тэр дундаа амьд хөгжим сонирхогч рокер залуусыг байлдан дагуулж байв. Хурд хамтлаг 1998 онд Монголд анх удаа “UNPLUGGED” концерт тоглож мөн сонгодог оркестр хөгжимтэй хамтран “Симфони Хурд” концертийг 2001 онд бүрэн хэмжээний тоглолт хийж байсан

“Хурд” хамтлаг тэртээх 1993 онд анхлан байгуулагдсан цагаасаа “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн юм.

Мөн 1999 оноос эхлэн гадаад орнуудад аялан тоглолт хийж АНУ, Хятад, ӨМӨЗО, ОХУ, Солонгос, Япон, Герман, Англи, Швейцарь, Бельги, Чех, Унгар, Австри зэрэг орнуудаар айлчлан тоглож тус орнуудад ажиллаж амьдарч буй Монголчууддаа уран бүтээлээ толилуулж иржээ. 2013 онд хамтлагийн 20 жилийн ойн хүрээнд Монголын урлагийн түүхэнд анх удаа “Алтан Пянз” хэвлүүлсэн бөгөөд тус пянзыг АНУ-ын “Erika records” студид хэвлүүлжээ. Энэхүү пянзанд “Хурд” хамтлагийн өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг 9 дуу багтсан юм.

Энэ жил “Хурд” хамтлагийн 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус ойн жил дээр “Цэргийн Бодол” /1978 он/ дууны 40 жилийн ой давхцаж буйгаараа онцлогтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *