Төрийн албаны машинуудад тусгай тэмдэглэгээг өнөөдрөөс нааж эхэлжээ.
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд унахыг хориглож тодорхой арга хэмжээ авч эхлэхээр болсноо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. “Төрийн албаны машиныг зөвхөн албан хэрэгцээнд ашиглах ёстой. Уг наалт нь дээрээ хяналтын утасны дугаартай байх юм. Хэрвээ тэр машин баар, рестораны гадаа эсвэл аль нэг газар дүрэм, журам зөрчсөн үйлдэл гаргавал, сургуульд хүүхэд хүргээд ч юм уу хувийн байдлаар ашиглаж байвал иргэд утасдаад мэдэгдэнэ гэсэн үг. Бүх машинд GPS хяналтыг бий болгоно. Ингэснээр тэр машинууд хаана явж байгааг хянах боломжтой. Тэгээд иргэнээс ирсэн мэдээлэл үнэн бодитой эсэхийг түүгээрээ баталгаажуулна. Хэрэв тухайн автомашиныг албан хэрэгцээнээс гадуур ашиглаж байгаа нь тогтоогдвол хариуцлага тооцно. Зөвхөн ажлын цагаар төрийн албаны машин үйлчлэх ёстой. Ажлын бус цагаар явж байвал заавал “Ийм ажилд явж байна” гээд бүртгэгдсэн байх ёстой. Бүртгэлээс гадуур хувийн ажлаа хөөцөлдөж байх юм бол тухайн албан тушаалтан хариуцлага хүлээнэ” гэдгийг Г.Занданшатар дарга онцолсон юм.