Categories
мэдээ нийгэм

Чех улсын тусламжтайгаар өвлийн спортын ордон барина

Бүгд Найрамдах Чех Улсын тусламжтайгаар өвлийн спортын ордон байгуулах талаар өнгөрсөн онд санал тавьжээ. Тодруулбал, Прага хотноо өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын VII хуралдаанаар Монголын талаас тавьсан санал юм. Тухайн үед Чехийн тал дээрх асуудлыг судлан үзэж, эргээд хариу өгөхөөр болсон байна.

Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын орлогч Олдржих Заяычек уулзах үеэр өвлийн спортын ордон байгуулж өгөх талаар мэдэгджээ. Тус улсын зүгээс техник эдийн засгийн үндэслэлийг хийж, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэж өгөхөө дуулгасан байна.

Энэ үеэр БСШУС-ны сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газрын зүгээс тавьсан хүсэлтийг нааштайгаар шийдэхээр болж, элчин сайд захидал илгээсэнд талархал илэрхийлмээр байна. Иргэдийн маань хүсэн хүлээж байсан нэгэн асуудал биеллээ олох нь. Хоёр орны хамтын ажиллагаа ч цаашдаа үргэлжилж, өргөжин гэдэгт итгэлтэй байгаа” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *