Дэлхийн нүүдэлчдийн наадам өнөөдөр Бүгд найрамдах Киргиз улсад эхэлж байна. Нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлал, соёлыг сэргээх, хадгалж хамгаалах зорилгоор Киргизийн Засгийн газраас 2012 онд төсөл хэрэгжүүлж ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр 2014 оны есдүгээр сарын 9-нөөс 14-ний хооронд “Нүүдэлчдийн дэлхийн их наадам” буюу “World Nomad Games”-ийн тоглолтыг Иссик Күл мужийн Чолпон-Ата хотод анх зохион байгуулсан юм байна. Уг наадамд 19 орны 583 тамирчин 10 төрлийн спортын тэмцээнд оролцож, соёлын хөтөлбөрт нь 1200 хүн оролцсон байна. Энэхүү наадмын нэвтрүүлэг 230 сая хүн хүрч байжээ.
Нүүдэлчдийн их наадам хоёр дахь удаагаа 2016 оны есдүгээр сарын 3-наас 8-ны хооронд мөн Иссик Күл нуурын хөвөө Чолпон-Ата хотод болж 62 орны 1200 тамирчин 26 төрлийн тэмцээнд оролцсон бөгөөд 500 сая хүнд уг наамдын талаархи мэдээ, сурвалжлага хүрчээ. Тэгвэл өнөөдөр Чолпон-Ата хотод нээлтээ хийж буй гурав дахь удаагийн Дэлхийн нүүдэлчдийн их наадамд 77 орны 3000 тамирчин угсаатны спортын 37 төрлөөр хүч, авхаалж самбаагаа сорихоор болжээ. Энэ жилийн тэмцээнийг нийт 5 байршилд зохион байгуулах юм байна.
Дэлхийн нүүдэлчдийн наадамд манай улсаас хэвлэл мэдээллийн салбарынхан болон “Монгол комтюмс” компанийнхан оролцож байгаа ажээ.