Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Хүрэлбаатар: ОУВС-тай цалин, тэтгэврийг цаашид инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ гэдэг дээр тохиролцсон

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Засгийн газар нефтийн онцгой албан татварыг тэглэсэн. Гэсэн ч сүүлийн үед шатахуун импортлогчид үндэслэлгүйгээр хэд хэдэн удаа бензин, дизель түлшний үнээ нэмчихлээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ч гэсэн үндэслэлгүй нэмсэн гэдгийг хэлээд байгаа. Сангийн яаман дээр харин шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор ажлын хэсэг гарч судалж байгаа гэсэн. Ямар шалтгааны улмаас шатахууны үнэ нэмэгдсэн юм бэ?

-Олон улсын түүхий эдийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнийг судалж байна. Цаашдын хандлага ямар байх вэ, ямар хүчин зүйлсийн нөлөөлөл байна вэ гэдгийг судалж байгаа. Сангийн яамны зүгээс ирээдүйд газрын тосны үнэ өсвөл зах зээлийн ямар арга хэргэслээр үнийг тогтворжуулж болох вэ гэдгийг судалж байгаа юм. “Hedge” гэж арга бий. Үнэ гайгүй байхад “hedge” хийчихвэл улс орон даяар үнэ өсөхгүй байдаг тийм арга л даа. Энэ аргыг бид нэлээд сайн судалж үзэж байна. Татварын тухайд Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглэсэн.

-Одоо тэгэхээр татаас өгнө гэж ойлгох уу. Яг яана гэсэн үг юм бэ. Он гараад ОХУ-д нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа учраас манайд ч гэсэн нэмэгдэнэ гээд байгаа?

-Та дөрвөн сарын дараа болох үйл явдлыг асууж байна. Үүнийг бид судалж байгаа. Нефть импортолж байгаа компаниудад татаас олгохгүй. Ам.долларын ханш 2000 төгрөгт хүрсэн байхад 1400 төгрөгөөр бодож нефть импортолдог компанид өгдөг, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хийдэг. Тэр нь эцэстээ валютын нөөцийг шавхаад дууссан буруу бодлого өнгөрсөн жилүүдэд явж ирсэн. Энэ асуудал дахин давтагдахгүй. Харин зах зээл дээр “hedge” хийхээс эхлээд олон арга байдаг.

-“Hedge” гэдэг нь яг ямар арга хэрэгсэл юм бэ?

-Үнийг өнөөгийн байгаа түвшинд тогтворжуулдаг. Түүнээс гарах эрсдлийг дунд нь тодорхой нэг хөрөнгө оруулагч үүрдэг. Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд байнга хэлбэлздэг. Улс төрийн мэдрэмж шаардсан зүйл гэж ойлгож болно. Бидэнд буучихвал яах вэ гэдэг ганц л эрсдэл бий. Энэ цаг үед цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж, бензиний хэрэглээ буурах хандлагатай болчихсон. Тиймээс нефтийн бүтээгдэхүүний үнэ тогтворгүй байгаад байна. Өнөөдөр нефтийн бүтээгдэхүүний ханшийн савлагаа зах зээл биш, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж байгаа л даа.

-Улс төрийн нөхцөл байдал гэдэг нь…

-Тодорхой орнуудад тавьсан хориг, хоёр орны хоорондын асуудал, геополитиктой холбоотой байдаг ч юмуу иймэрхүү зүйлс нөлөөлөхөөс биш ерөнхийдөө бензиний үнэд нөлөөлөх хандлага нь тодорхой болчихсон. Техник, технологийн хандлага нь газрын тосны үнэ буухад нөлөөтэй ч улс гүрнүүдийн хоорондох нөхцөл байдлаас шалтгаалж үнэ өөрчлөгдөөд байгаа.

-Татвар тэглэснээс хойш нэмэгдсэн шатахууны үнэ цаашид буух боломжтой юу?

-Энэ бүгдийг судалж байна. Газрын тосны компаниудын зардлын бүтцийг асуудал хариуцсан яам нь судалж байгаа байлгүй. Манайх санхүүгийн арга системийг нь судалж байгаа юм.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгдүгээр сарын нэгнээс нэмнэ гэчихлээ. Төрийн албан хаагч тэр дундаа багш, эмч нарын цалин есдүгээр сард нэмэгдэнэ гээд Засгийн газар мэдээлэл хийсний дараа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихлээ. Инфляцид хэр нөлөөлөх бол. Сургаар нь үнэ нэмдэг хандлага байна, манайд. Дараа нь албан ёсоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цалин нэмэгдэхээр дахин нэмэгдэнэ шүү дээ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цалинг нэмээгүй байгаа шүү дээ. Цалин есдүгээр сарын нэгнээс нэмэгдээд явна. Үнэ нэмэгдэж байгаа асуудлыг нарийн судлах ёстой. Монголбанкныхан тооцоогоо хийгээд оны төгсгөлд долоо руу бууна гээд хэвлэлийнхэнд мэдээлсэн байна лээ. Мэргэжлийн байгууллагын мэдэгдэлд би итгэж байгаа.

-ОУВС хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон цалин нэмэхийг дэмжих үү. Тэдэнтэй тохиролцоонд хүрсэн гэж ойлгох уу?

-Сая ирсэн ОУВС-гийн ажлын хэсгийнхэнтэй бид ярилцаад цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ гэдэг дээр тохиролцсон. 2012-2013 онд цалин, тэтгэвэр нэмээгүй. 2014 онд нэг удаа нэмчихээд түүнээс хойш нэмэлгүй явсаар 2018 онд урамшуулал олгосон байх жишээтэй. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр цалин, тэтгэвэр нэмэхгүй гээд орхичихоод байхад нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байдаг байхгүй юу. Үүнтэй нь зэрэгцээд хэсэг бүлэг хүмүүс гарч ирээд улс төр хийдэг. Тиймээс тэднийг улс төр хийх нөхцөлгүй болгохын тулд инфляцийн түвшинтэй уялдуулаад цалин, тэтгэврийг нэмээд байвал энэ асуудал үүсэхгүй. Өөрөөр хэлбэл ханшийн уналт явагдаж байхад цалин, тэтгэврийг хатуу барьчихаар цаана нь асуудал хуримтлагддаг тул цаашид инфляцийн түвшинтэй уялдуулаад нэмж байя гэдэг дээр бид харилцан ойлголцсон.

Төр өөрөө инфляцийн түвшинтэй уялдуулж төрийн албан хаагчид гэлтгүй цалин авч байгаа хүмүүсийн цалин, орлого, амьжиргаанд нь нөлөөлдөг үнийн өсөлтийг сайтар ажиглаж үүнтэй уялдуулаад инфляцийн түвшингээс хэтрүүлэхгүй нэмэгдүүлээд явах нь зөв.

-Ирэх онд цалин, тэтгэвэр нэмэх үү?

-ОУВС-тай ярилцаад инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмнэ гээд тохиролцоонд хүрсэн талаар дээр хэлсэн. Цаашид инфляцийн түвшинтэй уялдуулан цалин тэтгэвэр нэмэгдээд явах учиртай.

-Цалин, тэтгэвэр нэмнэ гэхээр чихэнд наалдацтай сайхан л сонсогдож байна. Гэхдээ манай эдийн засгийн нөхцөл байдал энэ ачааг даах уу. Ард түмэнд таалагдах гэж байна гээд гаднаас зээл авчих юм биш биз л гэж хардаад байгаа юм?

-Зөв л дөө. Зээл авалгүй бид цалин, тэтгэврээ нэмэгдүүлэх учиртай. Зарим хүн нүүрс, зэсийн үнэ өндөр байгаа учраас одоо ийм болсон мэт ярьдаг. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эдийн засаг мэдэхгүй хүмүүс л ийм зүйл ярьж байгаа. Өнгөрсөн хугацаанд хамгийн гол нь Засгийн газар мөнгөтэй хэрнээ арилжааны банкуудад байршуулчихаад өндөр хүүтэй авч байсан шүү дээ. Тэгэхээр арилжааны банкууд Засгийн газарт өөрийн болон Засгийн газрын өөрийнх нь мөнгийг өгчихнө. Эргүүлээд тэд хүү аваад сууж байдаг байсан. Үүнийг зогсоочихсон. Тэгэхээр өөрт байгаа мөнгөөрөө иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгохоос өөр аргагүй болчихож байгаа юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд зээл авна гэдэг нь эргээд эдийн засгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт руу явна аа л гэсэн үг. Ингэж иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж байна. Эдийн засгийн өсөлт одоо 6.3 хувьтай байгаа. Оны эцэст найм орчим хувийн өсөлт гарах байх.

Нэг аюул бий. Эдийн засаг идэвхжээд эхлэхээр халалт явагддаг. Эдийн засгийн өсөлт өндөр гарчихаар үл хөдлөх хөрөнгийн үнэ хэд дахин нэмэгдсэн гашуун туршлага байгаа шүү дээ. Засгийн газрын зүгээс эдийн засгийн халалтыг буулгах, эдийн засагт халалт үүсэхгүй байх тал дээр анхаарах учиртай. Эдийн засаг өсөлттэй хэрнээ үнийн өсөлт тэнд явагдахгүй байх тал дээр Засгийн газар анхаарах шаардлагатай. Үүнийгээ бид давхар бодож байгаа.

-Хүүхдийн мөнгө асуудалтай байна. Нийт хүүхдийн 80 хувьд нь олгоно гэсэн. Гэтэл үлдсэн 20 хувьд нь ажилгүй хүмүүсийн хүүхдүүд хүртэл байна гэх юм. Нэг айлын хоёр хүүхдийн нэг нь хүүхдийн мөнгө аваад нөгөөх нь авахгүй байна гээд байгаа. Засгийн газар дээр ярьсан уу?

-Хүүхдийн мөнгийг нэг талд нь гаргаад цэгцлээд явах УИХ-ын тогтоол шийдвэр гарчихсан. Хүүхдийн мөнгө авъя гэсэн хүсэлт гаргаж буй хүн бүрт хүүхдийн мөнгө олгоё гэсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас судалгаа хийгээд явж байгаа.

-Өнгөрөгч долдугаар сард Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор Арбитрийн шүүхийн шийдвэр манай талд хохиролтой гарсан талаар гишүүд ярьж байна. Засгийн газар үүнийг судалж байгаа юу?

-Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал яригдаад Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсэгт нь миний бие багтсан. Өнөөдөр (өчигдөр) анхны хуралдаа орчихоод байж байна.

-Арбитрийн шийдвэр яг юу гэж гарсан юм бэ. Үнэхээр тийм хохиролтой шийдвэр гарчихсан юм уу. 100 сая ам.долларыг Монголын Засгийн газар төлөх юм уу?

-Тэрийг нь мэдэхгүй. Өнөөдөр (өчигдөр) ажлын хэсэг хуралдаад Эрдэнэт үйлдвэрээс тэр материалыг нь өгөх хүсэлт тавиад явж байна. Эхний ээлжинд ирсэн материалыг нь судалж үзээд энэ асуултад чинь дараа хариулт өгье.

-Эрдэнэтийн энэ асуудлаар давж заалдах боломж байгаа юу?

-Эхлээд материалтай танилцаадахъя. Тааж ярих утгагүй.

-Засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгчтэй холбон яригддаг “Майдар” төслийг хэрэгжүүлэхийг дэмжлээ. Ерөнхий сайд Ерөнхийлөгчид өрөө төллөө гэдэг зүйл яриад байна. Та харин өөрийн цахим хуудаснаа өөр зүйл бичсэн байсан?

-Тийм шүүмжлэлүүд байна лээ. Засгийн газрын хуралдаан дээр “Майдар” төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн тал дээр баталгаа гаргасан, Засгийн газрын баталгаа гаргаж өгөх тухай, Засгийн газар зээл авах тухай ямар нэгэн асуудал яригдаагүй. Яригдах ч учиргүй. Учир нь “Майдар” төслийг хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлнэ. Тэд өөрсдөө хөрөнгөө гаргаад хэрэгжүүлэх учиртай.

Харин Засгийн газрын хуралдаанд Х.Баделхан сайд нэг асуудал оруулсан. Газрын тухай хуулиар үндэсний хэмжээний бүтээн байгуулалтад зориулагдсан газрыг Засгийн газрын тусгай хэрэгцээнд авна гэдэг заалт байдаг. “Майдар” төсөл үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын төсөл юм гэдэг Ерөнхийлөгчийн зарлиг бий. Тэр дагуу Засгийн газар Газрын тухай хуульд нийцүүлэн шийдвэрээ гаргасан. Манайхан шинэ нисэх буудал баригдана гээд яригдаад эхлэнгүүт тэр хавьд нь газрыг замбараагүй олгочихдог. Иймэрхүү асуудлуудыг цэгцлээд явах учиртай.

-Нэг хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Өнөө л цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ хангамжийн талаарх гомдол саналууд байсаар байна. Ерөнхий сайд нэг ч хүүхэд гэртээ цоожлогдохгүй, нэг ч сургууль гурван ээлжээр хичээллэхгүй гээд 127 цэцэрлэг, 93 сургуулийг Засгийн газар энэ онд барина гэж ам бардам мэдэгдсэн. Начир дээрээ 3-4 сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орж байна. Засгийн газрын ам, ажил хоёрын зөрүү их байгаа юм биш үү?

-Бид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Манайд барилга барьдаг хугацаа богино. Ямар нэгэн хөрөнгө оруулалт зайлшгүй хоёр жилийн хугацаанд хийгддэг. Цэцэрлэг, сургуулийн барилгыг хоёр жилийн хугацаанд барьдаг. Таны асуусан энэ бүх ажлыг 2018 онд эхлүүлсэн. 2019 оны есдүгээр сарын нэгэн гэхэд хийгдээд дууссан байх учиртай. Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд БСШУС-ын яаманд маш тодорхой үүрэг өгсөн.

-Сүүлийн үед Засгийн газрын гишүүдтэй холбоотой АТГ-ын мэдээлэл, янз бүрийн дайралтууд гарч байна. Нэг кабинетийн гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа бол?

-Би ч гэсэн байнга дайруулж байдаг хүн л дээ. Ийм л замаар явах учиртай юм байлгүй. Янз бүрийн зүйл гарч ирсэн бол шалгадаг газар нь шалгаад явах учиртай. Энэ бүхнээс гадуур амьдаръя гэвэл эрдмийн ажил хийгээд явж болно. Хүнд янз бүрийн сонголт бий. Нэгэнт улс төрд орж ирээд явж байгаа бол сайн, муугаар хэлэгдээд явж таарна. Түүн дээрээ тайлбараа зөв өгөөд явах учиртай. Дуудсан өдөр нь очиж олон юм гоншигоноод байлгүй тайлбар мэдүүлгээ өгөөд яв л даа. Энд тэнд очиж худлаа сенсацилж мэдээлэл хийх шаардлагагүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *