“XXI зууны Азийн шинэ чиг хандлага” сэдэвт Зүүн Ази судлалын олон улсын аравдугаар хурал болж өнгөрлөө. Энэ үеэр МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Баттулгаас тодруулга авлаа.
-Осакагийн Эдийн засаг, хууль зүйн их сургууль, Бээжингийн их сургуулийн Ази судлалын төвтэйхамтран Зүүн Ази судлалын олон улсын аравдугаар хурлыг Монголд амжилттай зохион байгууллаа. Хурал нь хоёр жилд нэг удаа Зүүн Азийн аль нэг их сургууль дээр болдог. Энэ удаа 19 улсын 29 их сургуулийн дөч гаруй эрдэмтэн оролцсон. Хурлаар улс төр, олон улсын харилцаа, эдийн засаг, худалдаа, соёлгэх зэрэг олон салбарын эрдэмтэд 50 гаруй илтгэлийг гурван салбар хуралдаанаар хэлэлцсэн юм. Үүнээс гадна Бээжингийн их сургууль, Осакагийн Эдийн засаг, хууль зүйн сургууль, МУИС үндсэн гурван илтгэлийг тавьсан. Хурлаар Зүүн хойд Азийн улс төрийн үйл явц, мөргөлдөөнтэй байгаа бүс нутгууд, хөдөлмөрийн зах зээлийн төлөө шилжин суурьшиж байгаа үндэстнүүд, үндэсний цөөнх, олон улсын хэмжээний эдийн засаг худалдаа зэрэг асуудлуудын эерэг, сөрөг талуудын талаар эрдэмтэдтэйгээ ярилцлаа.
-Зүүн хойд Азийн шинэ чиг хандлага гэж юуг хэлж байгаа вэ?
-Зүүн Азид өвөрмөц байдал бий болж байна. Яагаад гэвэлБНХАУ, ОХУ гэх мэт том гүрнүүдийн бодлого олон хэрэглээний интеграцийг бий болгосон. Мөн улс хоорондоо, бүс нутаг хоорондоо өрсөлдөх болсноор соёл иргэншлийн хувьд ойлголцох шаардлага бий болж байна. Ялангуяа уг процесс Зүүн хойд Азид түлхүү ажиглагддаг. Иймээс дэлхий дахин Зүүн хойд Азид анхаарлаа хандуулж эхэллээ. Харин манай улс ямар байх ёстой вэ гэдгийн уг хурлаар хэлэлцлээ.
-Монгол ямар байх ёстой гэж?
-Зүүн хойд Азийн интеграцийн үед Монгол Улсын хувьд гадаадын улс орнуудын их сургуулиуд болон олон улс судлалтай хамтарч ажиллах боломжуудыг нээх хэрэгтэй. Үүгээр эдийн засгаа чадавхижуулж, өөрийн орны тусгаар тогтнол орон зайн аюулгүй байдлыг хангах зэрэг олон бололцоо нээгдэнэ.
-Манай улс одоо ямар чиг хандлагатай байгаа вэ?
-Монгол Улс үүнтэй холбоотой улс төр, эдийн засаг , олон улсын харилцаа гээд бүх талын эрдэмтэд өмнө нь ямар бодлого явуулав, ямар хамтын ажиллагаа хийв гэх мэт эргэж харах шаардлагатай асуудлуудаар олон хэлэлцүүлэг хийж байна.Үүнд тулгуурлан уг хурлыг хийсэн. Өнгөрсөн хугацаанд ололттой талуудаа улам бэхжүүлэх, алдаатай зүйлээ засах шаардлагатай гэж үзэж байна. Хүн аз жаргалтай амьдрах, хөгжлийг зөв тодорхойлох, богино хугацаанд амжилт гаргах зэрэг асуудал дээр Зүүн хойд Ази яаж ажиллаж байгааг судлах ёстой. Үүнд Монгол Улс хувь нэмрээ оруулах нь чухал юм. Мөн хэрхэн үр ашиг хүртэх вэ гэдгийг манай эрдэмтэд ярилцаж байна. Ардчилсан нийгэмд орсноос хойш хийсэн бодлогуудыг зангидаж түүнийг нэг чиглэлд оруулж, дараа нь алдаагаа засаж шинэ дэвшилтэт шат руу ахих хэрэгтэй. Энэ асуудлыг дангаараа шийдэх боломжгүй учир олон улсад төвлөрч ажиллах шаардлагатай. Олон улсад хийж байгаа худалдааны экспорт, импортын тэнцэрийг ойртуулснаар орон зай аюулгүй байдлаа бэхжүүлэх гээд өөрийн оронд ашигтай алхмуудыг хийх хэрэгтэй байна гэв.
Хуралд уригдан ирсэн Тайваний Бизнесийн удирдлагын сургуулийн захирал М.Массоуд хэлэхдээ “Зүүн Азийн улсуудын эдийн засаг, соёл гээд бүх салбарууд илүү нягт болж байгаа. Америк болон хөгжингүй орнуудын эдийн засгийг хумьж Азийн орнууд нийлээд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжтой гэж харж байна.Харин Монгол Улс одоо илүү хөгжих боломжтой үе нь. Хурлаас харахад Монголын эрдэмтэд бусад улсад болох уулзалт, цуглаанд очих нь бага байдаг. Тиймээс эх орноо сурталчлах тал дээр илүү ажлаасай. Монгол гэдэг улс байгаа шүү гэдгийг дэлхийд таниулах хэрэгтэй” гэлээ.
С.ОЮУНЖАРГАЛ