Шог зураач С.Цогтбаяр
“Япончууд нээрээ тасарчих юмаа. Нялх хүүхдийн памперст байгаа баас, шээснээс яаж бордоо гаргаж авахыг яриад уналаа шүү дээ…” хэмээн Ц.Оюунгэрэл Финляндаас жиргэж байна. Түүнийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд байсан гэдгээр нь хүмүүс мэднэ. Харин сүүлийн үед “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөний санаачлагч, манлайлагч гэдгээр нь бүр ч олон хүн андахгүй болоод байгаа. Энэ эмэгтэй Финляндад болсон Дэлхийн хуурай жорлонгийн зургадугаар хуралд оролцсон юм. Орон орны жорлонгийн шинэчлэгчид нялх хүүхдийн живхэн дэхийг хүртэл “онгичиж”, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеийн “ялгадас”-ыг ч анхаарлын гадна орхиогүйг түүний өөр нэг жиргээнээс харж болно.
“Сарын тэмдгийн аяга! (Menstrual cup) Амыг нь чимхээд, үтрээ рүү хийчихээр ороод тэлж онгойно. Цус дүүрэхээр нь татаж гаргаад, асгаад, аягаа угаачихна. Үүнийг 10-15 жил хэрэглэдэг гэнээ. Хог хаягдалгүйгээр сарын тэмдгийн ард гардаг болсон гэнэ, Европт” хэмээн мань жиргээч сонирхуулав. Мөнөөх аяганы зургийг ч бас нийтэлсэн болохоор хүүхнүүдийн ярианы сэдэв боллоо. Монголд уг аяга аль хэдийнэ орж ирсэн агаад “Био амьдрал” хэмээх дэлгүүрт борлогдож эхэлснийг ч нэг нь дуулгасан. Ариун цэврийн хэрэглэлээс харшилдаг эмэгтэйчүүдийн хувьд таатай сонголт байж болох уг аяга хэтэвчин дэх хэдийг ч хэмнэх бололтой дог. Хүүхдийн памперс, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн хаягдал нь байгальд хамгийн удаан задардаг гэдэг утгаараа дэлхий нийтийн асуудал болоод буй. Нялх хүүхдэдээ даавуун живх хэрэглэж, угааж цэвэрлэвэл сайн ээж гэгдэхээс гадна памперсны хог хаягдлыг багасгах дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах юм. Харин эмэгтэйчүүдийн хувьд аяга мэтхэн ашиглаад, асуудлаа шийдэж болох дог.
Олон улсын хуралд оролцож буй манай төлөөлөгч хуурай жорлонд сууж, соёлыг түгээхээ ч мартсангүй.
“Хуурай жорлонд гурван өдөр бие заслаа. Өтгөн нь хар сав руу, шингэн нь цагаан сав руу цуглана. Цэвэрлэгч жорлонд үртэс хийнэ. Өөр нэг ажилтан дүүрсэн савыг сугалж гаргаад, бордоошуулагч руу өтгөнийг хийнэ. Яг тэр мөчид өмхий. Өтгөн ялгадас нь бордоошуулагч машинд 24 цаг болсны дараа хөвөн шиг зөөлхөн шороо болно. Бие зассан хуурай жорлонгоосоо гаргаж авсан бордоог гараар барьж үзлээ. Яг л ойн хөвд шиг зөөлхөн хар шороо гардаг юм байна!” хэмээн Ц.Оюунгэрэл соёлыг гайхжээ. Жорлонгийн ялгадсыг хурааж, цуглуулдаг газарт очиж хар, цагаан савнууд өрөөстэйг нүдээрээ харж, зургаар баримтжуулжээ.
Финляндад хуурай жорлонгоос цуглуулсан шээсийг зургаан сар хадгалаад, цөөрөм үүсгэж, дотор нь ашигтай замаг ургуулж туршиж байна. Шээсэнд буй ашигтай бүхнийг шингээн ургасан замгаар түлшний тос, био материал хийж туршиж байгаа гэнэ шүү.
Орчин үед дэлхийн хүмүүс улам бүр хомсдож байгаа нөөц баялгийг ариг гамтай хэрэглэхэд анхаарч буй. Чандмань эрдэнэ усыг чадлынхаа хэрээр гамнахын тулд Европт ус татдаггүй, хуурай жорлонд шилжих хувьсгал өрнөж буй. Манайхан ч “Жорлонгоо өөрчилье” гэсэн дээрээ нэгмөсөн хуурай жорлонгийн хувьсгалд нэгдчихмээр байгаа юм. Үгүй бол монголчууд жорлондоо цэвэр ус татдаг дэлхийн сүүлчийн улсаар тодорч магадгүй нь. Европт 4500 еврогоор зарагддаг шатаагч жорлонд шээс, өтгөн, бага зэрэг угаагч ус ч хамтдаа шатаагддаг гэнэ. “Монголд бол машины үнэтэй юм байна” гэсэн чинь “Ус их үнэтэй болох үед энийг хэрэглэх нь хямд санагдах болно” гэж хариулсан байгаа юм даа.
Усны хомсдол эхнээсээ зарим хотод нүүрлэж эхэлсэн. Өмнөд Африкийн Кейптаун хот Улаанбаатартай төстэй. Өндөрлөг газарт байрладаг, гүний усаар ундаалдаг. Нуур цөөрөм байхгүй. Эдгээр нөхөд энэ жил усгүй болоод, иргэдээ жорлондоо ус татахыг хориглож, усаа картаар олгодог болсон гэнэ. Кейптаунд ус тасармагц хүмүүс айлуудын бассейнээс ус хулгайлж, энд тэндгүй жорлон бөглөрсөн дуудлага тасрахаа больжээ. Ус огт байхгүй болох үед ямар дэглэм тогтоох талаар хотоороо хэлэлцэж эхэлсэн. Уснаас болж дээрэм, аллага гарахаас байнга сэрэмжлүүлэхэд хүрчээ.
Мэдээж хотынхон хуурай жорлонд шилжиж эхэлсэн.
Уул шугамандаа бол манай гэр хорооллын хашаан дахь модон жорлонгууд ч ус хэрэглэдэггүй болохоор хуурай жорлонгийн ангилалд багтах байлгүй. Хөрсөнд бохир нэвчүүлдэггүй бас суултууртай болгочихвол хуурай жорлонгууд ч хашаанаас гэрт дэвших боломж бий. Америк инженерийн зохион бүтээсэн мушгиа шахагчтай хуурай жорлонгийн жишээ “Жорлонгоо өөрчилье” номд байдаг.
Вашингтоны их сургуулийн профессор, инженер Чак Хенри эхнэрийнхээ хамтаар аялж зугаалах дуртай. Ингэж явахдаа жорлонгийн асуудалтай нутгийнхныг ажил муутайгаасаа болоод ийм заваан амьдарч байна уу даа хэмээн дүгнэдэг байснаа таарч тохирсон жорлон байхгүйг анзаарсан гэнэ. Ингээд арваад жилийн өмнө тэд “Амин чухал дадал” (Critical Practices) хэмээх байгууллага бий болгож, цахилгаан дэд бүтцэд холбогдоогүй газарт ус хэрэглэхгүйгээр хүний ялгадсыг бордоошуулдаг тав тухтай суултууртай жорлон урлажээ. Жорлонг байшин дотор суурилуулж болохуйцаар зохион бүтээсэн. Харин ялгадсыг нь хоолойн тусламжтайгаар гадагшаа шахаж гаргах бөгөөд өтгөн, шингэнийг тусад нь саванд хуримтлуулах ажээ. Жорлонгоо зорилтот бүлгийн төлбөрийн чадварт нийцүүлэхийн тулд бүх эд анги нийлээд 150 долларт багтаасан гэнэ. Өтгөн ялгадас унах хэсэгт ус татахын оронд механик хөшүүрэг татах агаад энэ үед суултуурын дэргэд байх савнаас үртэс, хуурай элс, нунтаг өвс сүрэл гэх мэт хуурайшуулагч жигд татагдан ирж өтгөнийг хучих юм байна. Түүний дараа хөлөөрөө өөр нэг хөшүүрэг дээр гишгэнгүүт ялгадсыг хөмрөн зайлуулах учиртай. Ялгадас зайлуулагч энэхүү хөмрөгч татагдах бүрт хусуур давхар ажиллаж, жорлонгийн тосгуурыг цэвэрлэнэ. Зайлуулагдсан өтгөн ялгадас урт бүдүүн хоолой руу орох бөгөөд хоолойд байрлах мушгиа шахагч буюу энгийнээр тайлбарлавал махны машинд байдагтай адилхан могой араа нь хөл татуурга ажиллахад ялгадсыг тээвэрлэж, хоолойн нөгөө үзүүрт байх уут саванд хүргэнэ. Уут сав дүүрэнгүүт шинийг сольж тавьдаг. Зургаан сарын дараа уутан дахь түүхий эдийн бүх нян үхэж дуусаад, бүрэн ялзмагжиж бор шороо шиг өнгөтэй бордоо болдог байна. Уут савтай ялгадсыг бордоо бэлтгэдэг газарт өгч, түргэн ялзмагжуулах, халаах замаар нянг богино хугацаанд эрчимтэй устгаж, үүнээс ч богино хугацаанд бордоо үйлдвэрлэж болох юм. Харин жорлонгийн шээс цуглуулах хэсэг нь жирийн канистртай холбогддог. Шээс ч мөн ногооны талбай, мод зүлэгний бордоо болно. Алслагдмал, дэд бүтэц хөгжөөгүй газарт жорлондоо их мөнгө зарцуулж чадахгүй өрхүүдийг байгальд ээлтэй жорлонтой болгох тэдний санааг Билл ба Мелинда Гейтс нар олзуурхан дэмжиж, бүтээгдэхүүнээ сайжруулахад зориулж, 2011 онд тэтгэлэг олгожээ.
Жорлонгийн санхүүжилт огт байдаггүй ч бас биш юм аа.
Хятадад өрнөж буй жорлонгийн хувьсгалын тухай Дэлхийн хуурай жорлонгийн хурлын үеэр ч яригджээ. Урд хөршийнхөн маань Бээжингийн төвд смарт жорлон хийхдээ хагас сая доллар зарцуулсан гэнэ шүү. Өрхүүддээ зургаан төрлийн жорлонгийн стандарт баталж өгчээ. Билл ба Мелинда Гейтсийн сан Хятадын жорлонгийн хувьсгалд санхүүжилт өгч, жорлонгийн шинэ шийдлийн уралдааныг нь ивээн тэтгэсэн гэнэ шүү.
Монголын төлөөлөгч уг хурлын үеэр “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнийхөө тухай танилцуулаад, алга ташилтаар мялаалгасан байна. “Жорлонгийн асуудлыг хамгийн секси аргаар олны анхааралд оруулсан гэж Финляндад зарлагдсан гэнэ шүү. Дахин ярих урилга авч, Капитрон банкны “Эко жорлонгийн зээл”-ийн талаар танилцуулсан чинь нэг сонсогч “Капитрон банк Киргизэд салбартай юу” гэж лавласан гэнэ лээ.
Дарханд Германы Момо II төслийн хүрээнд гэр хорооллын иргэдийн жорлонгийн ялгадсыг тусгай саванд хураан авч, метан хий үйлдвэрлэх туршилт хийгдэж байсан ч хүйтнээс болоод зогссон. Харин америк жүжигчний үүсгэн байгуулсан “WeLove” төрийн бус байгууллага өвлийн хүйтэнд индианчуудын тэмцэл жагсаалын үеэр био-уутанд ялгадас цуглуулаад, чингэлэгт хадгалж байгаад, хавар нь ялзмагжуулсан ажээ.
Хөлдөөдөг жорлон ч бас байна. Цахилгаанд залгаж, жорлонгийнхоо “хөргөгчийг” ажиллуулдаг. Үнэргүй, ус хэрэглэхгүй, агааржуулагч шаардлагагүй гэнэ шүү. Био-задардаг уутанд өтгөн, шингэнээ хөлдөөгөөд, дүүрэхээр нь био бордоо үйлдвэрлэгч рүү хийчихнэ. Био задрал явагдаж сарын дараа шороо болчихно. Энэ мэт жишээ өвлийн улиралтай Монголын нөхцөлд ч жорлонгоо өөрчлөх урам зориг өгч байна. Хүний өтгөн шингэн ялгадас үнэндээ био түүхий эд учраас асуудал биш нөөц баялаг гэж тооцогддог болжээ.
Засгийн газрууд жорлонд мөнгө цутгасан ч амжилтад хүрээгүй жишээ бас бий. 1992 онд Эл Сальвадорийн Засгийн газар хэдэн мянган жорлон барихын тулд 10 сая ам.доллар зарцуулсан юм. Эдгээр нь хүний ялгадсыг бордоо болгох зориулалттай байв. Бордоо үйлдвэрлэхийн тулд ихээхэн ажиллагаа шаардагдах байсан ч Засгийн газар энэ төслөө хэрэгжүүлэхдээ орон нутгийн иргэддээ мэдээлэл хүргэж, саналыг нь асуугаагүй учраас иргэд нь жорлон яаж ажилладгийг ч ойлгоогүй өнгөрчээ. Төсөл дууссаны дараа Засгийн газраас жорлонгийн ашиглалтыг судлахад зарим газар үнэтэй жорлонг огт ашиглаагүй байв. Жорлонг төлөвлөхөд иргэдийг оролцуулбал тэдний хэрэгцээнд илүү нийцнэ.
Хан-Уул дүүргийн V хороонд амьдардаг Ц.Жаргалсүрэн гэдэг эмэгтэй “Жорлонгоо өөрчилье” сургалтын үеэр ярихдаа “Бид өнгөрсөн хугацаанд янз бүрийн жорлон судалсан. Бидний амьжиргааны түвшинд нийцсэн шийдэл хэрэгтэй” гэж ярьсан юм. “Жорлонгоо өөрчилье” сургалт зохион байгуулсан “Нутгийн шийдэл” ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл хэлэхдээ “Нэг айл, нэг хэсэг айл жорлонгоо өөрчилсөн ч жорлонгоо өөрчлөхөд мөнгө гаргах боломжгүй хэсэг нь үлдчихвэл хөрс бохирдсоор байх болно. Тийм учраас бүх айл хүлээж авахаар технологийг сонгох учиртай. Хүн төлбөр хямд, хүртээмжтэй жорлонг хүлээж авдаг. Жорлонгоо өөрчлөхийг хүсч байгаа гэр хорооллын айлууд олуулаа хамтарч, зохион байгуулалтад орвол амжилтанд хүрнэ” гэж зөвлөсөн. Мянган айлд жорлон барьж, үйлчилгээ үзүүлнэ гэвэл орон нутагт шинэ зах зээл бий болно шүү дээ.
Жорлонгоо өөрчлөхөд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Хуурай жорлонгийн хувьсгалд нэгдэцгээе!