Categories
мэдээ цаг-үе

Төрийн наадамд азарга түрүүлгэсэн сумын алдарт уяач Б.Баттөрийнх

Төрийн наадамд хурдан хүлэг сойж түрүү магнай болгоно гэдэг тэр бүр аавын хүүд заяах хув тохиол биш л дээ. Тэр дундаа адуун сүргийн манлай хурдан азарганы уралдаанд торгон жолоо өргүүлнэ гэдэг том хувь заяа. Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмын хурдан азарганы уралдаанд эх орны өнцөг булан бүрээс шигшигдэж цугларсан алтан тууртууд Хүй Мандалын ногоон дэнжид тоос өргөхөд Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, сумын алдарт уяач Баянжаргалын Баттөрийн “Бидэрт” халиун азарга тод магнай болж, торгон жолоо өргүүлж нутаг орныхоо нэрийг улс даяар цуурайтуулсан.

Малчин ардын адуу улсын наадам битгий хэл, аймгийн наадамд ч айраг амсах нь ховордсон өнөө цагт 27 настай залуу азарга сойж төрийн наадамд торгон жолоо өргүүлсэн нь хурдан морь сонирхогч хэн бүхний баяр бахдалыг төрүүлж, олны ярианы гол сэдэв болоод байна. Наадмын талаарх хууч яриа хараахан татарч амжаагүй энэ үед сумын алдарт уяач Б.Баттөртэй уулзахаар Төв аймгийн Угтаалцайдам сумыг зорилоо. Улаанбаатараас гарч 150 орчим километр давхиад сумын төвд очиж зорьж яваа айлаа захын хүнээс сураглахад сумын төвийн зүүн урд дэнжид байрлах айлуудын зүг заасан юм.

Б.Баттөрийн хот айл

Угтаалцайдам сумын төвөөс урагшаагаа хоёр километр орчим зайд Б.Баттөрийнх зусч байна. Эднийх шинэхэн таван ханатай хоёр гэр эгнүүлээд барьчихжээ. Наадмын дараа намрын ажилдаа ханцуй шамлан орохоор зэхэж байгаа бололтой. Хөх өнгийн портер болон ногоон падыг ажилд тоноглоод орхичихож. Гэрүүдийн урд төрийн наадмын түрүү “Бидэрт” халиун азаргаа саравчинд нь уячихсан байгаа нь хариулт уяаг нь хийж байгаа бололтой. 60 орчим насны хөх фудволктой эр бидэнтэй мэнд мэдэлцэж угтсан нь Баттөрийн аав Г.Баянжаргал гуай ажээ.

Гэрт ороход эднийхэн халуун ам бүлээрээ цуглачихсан байна.

Хоймортоо хурдан халиун азарганыхаа медалиудыг туузанд хадаад өлгөчихсөн байх юм. Хоёр талаар нь сураар гоёмсог зангидсан хазаар, чөдрийг гэрийн унинаас өлгөж өгсөн нь нүдэнд туслаа. Гэрийн эзэгтэй дээр үеийн бараг л айл бүхэнд байдаг төмөр улаан халуун савнаас цай аягалсан нь эгэл жирийн малчин монгол айлд саатсаныг сануулах шиг.

Б.Баттөрийг гэрийнхэн нь Улаанаа гэж дуудах юм. Улаанаагийн хүүхэд нас Уушги хайрхан, Сонинхангай, Номгон зэрэг уулсын өвөр бэлд орших Угтаалцайдам сумын төвд өнгөрчээ. “Хүүхэд байхдаа сумандаа хурдан улаан, хээр адуугаараа алдартай Дагва ахынхаа морьдийг унаж, арай жаахан томдоод ирэхээсээ эмнэг адууг нь сургаж, уяа сойлгынх нь ажилд тусалж эрийн цээнд хүрсэн дээ” гэж сумын алдарт уяач бага насаа дурссан юм. Угтаалцайдам сумандаа дунд сургуулиа дүүргэсэн Баттөр Улаанбаатар хотыг зорьж “Газарчин” дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын инженерийн ангид элсч уурхайчин болохоор сэтгэл шулуудсан байна. Өвөл нь хичээл сургуульдаа анхаарчхаад, зуны дэлгэр цагт нутагтаа ирж морь малынхаа дэргэд өнждөг байжээ.

“Аав, ээж маань хурдан мориноос хол улс. Миний өвөө Гунаажав гэж Завхан, Говь-Алтай аймгуудын наадамд их морь түрүүлгэж байсан, хурдан, жороо моринд үнэ хайрладаггүй хүн байлаа. Сайхан хүлэгт гар татдаггүй занг нь би яг дуурайсан даа. Оюутан байхдаа нийслэлийн алдарт уяач Баатарцогт ахаас шарга хязааланг нь Булганы Гурванбулагийн наадамд айрагдаад байхад нь худалдаж авч байсан. Монгол Улсын алдарт уяач С.Ганхуягийн хурдан хүрэн буурал азарганы төл шарга хязааланг ах маань моринд хайртай сэтгэлийг минь ойлгож 2.5 саяд хямдхан өгч байсан” гэв.

Дөрвөн жилийн хугацаанд амжилттай суралцаж сургуулиа онц дүнтэй, улаан дипломтой төгссөн залуухан боловсон хүчинг “Шивээ-Овоо” компани урилгаар ажиллуулжээ. Б.Баттөр Монголын томоохон уул уурхайн компаниудын нэгэнд ажиллаж цалин, хөлс хангалттай авч байсан ч говийн амьдралд нэг л дассангүй. Наадам дөхсөн өдрүүдэд худалдаж авсан шарга хязаалан нь зүүдлэгдэхэд ажлаа өгөөд нутгийн зүг хүлгийн жолоо залсан байна.

“Дээд сургууль төгсөж сайхан ажил, мэргэжилтэй болсон хүү маань чимээгүй байж байгаад нэг өдөр ороод ирсэн. Ажлыг нь асуухад нэг их юм дуугараагүй. Би ч хүүгээ дуртай юмаа хийхэд хориг тавиагүй. Хүн ер нь дур сонирхолтой зүйлийнхээ төлөө тууштай явахад амжилтад хүрдэг учиртай” гэж Г.Баянжаргал гуай хэлсэн юм.

Сумын наадам тулчихсан үед шарга хязаалангаа уясан нь мултраад уралдуулж чадаагүй байна. Харин Сүхбаатарын Халзан сумын аймгийн алдарт уяач Сүхдоржийн Гомбосүрэн адуу зарж явахад нь туранхайвтар эмнэг халиун шүдлэнг байдсан гүүгээр сольж авчээ. Өнөө жилийн төрийн наадмын түрүү “Бидэрт” халиун азарга ингэж л Б.Баттөрийн уяанд ирсэн түүхтэй.

“Сүхдоржийн Гомбосүрэн гэж Сүхбаатарын Халзан сумандаа олон хурдан адуугаараа алдартай мундаг уяач ах бий. Бид ч худ ургийн улс л даа. Адуу зарж явахад нь ахаасаа халиун шүдлэн үрээ авч сургаж уяж эхэлсэн дээ” гэж сумын алдарт уяач Б.Баттөр ярих.

Хүлэг эзнээ олбол хурдалдаг гэж үг бий. Дээгүүрээ энэ цагийн бас л домог болсон хүлэг Тэргүүн хонгортой холбоотой халиун үрээгээ хязаалан насанд нь Угтаалцайдам сумын иргэн Ю.Ганпүрэвийн мянгат малчны наадамд уралдуулсан нь аман хүзүүдэж уяач, хүлэг хоёрын өм нээгджээ. Тэр жилдээ ойр орчмын сумдын том жижиг хэд хэдэн наадамд уралдаж айраг түрүү авсан байна. Харин соёолон насанд халхын хурдан хүлгүүдтэй шандсыг нь сорьж, нутаг орныхоо нэрийг зарлуулахаар 24 настай залуухан уяач Баттөр “Дүнжингарав” наадмыг зорьсон аж.

“Ойр хавийн сумдад дийлж уралдаад байхад нь Дүнжингаравт очиж үзье гэж зориг гаргаад сумаасаа гарч байлаа. Зорьсон газраа ч саадгүй сайхан явж хүрсэн. Соёолон эргээд газрын талд хүрч байхад “Угтаалцайдам сумын уяач Баттөрийн халиун соёолон 17-руу орж ирлээ” гэж тайлбарлагч зарлахад нь л зорилго биелчихлээ гэж их баярлаж билээ. Гэтэл дайрч явсаар байгаад айргийн дөрөвт хурдалж их баярлуулсан даа. Хожим нь эрлийзүүдийг ялгаж хасахад халиун маань түрүү соёолонгоор тодорч байсан даа. Халиун бид хоёр том довноос анх удаагаа айраг амссан нь тэр” гэж уяач Баттөр уяач Дүнжингарав уралдаанд түрүүлж байсан тухайгаа хуучилсан.

Төрийн наадмын түрүү “Бидэрт” халиунтайгаа

Дүнжингаравт дийлж уралдсан халиун соёолон морь сонирхогчдын анхаарлыг гойд татаж, хурдан моринд хайртай хэн бүхэн гар таталгүй үнэ хаялцаж байсан гэдэг. Харин Баттөр уяачид хурдан хүлгээ арилжих бодол байсангүй. “Дүнжингарав түрүүлсний дараахан ойр тойрны моринд хайртай ах дүүс зараач гэж олон ч удаа хэлж байсан. Би ч адуугаа таньчихаад уяаных нь эв олж хараахан амжаагүй байсан болохоор тэр бүгдэд татгалзсан хариу хэлж байсан” гэж ярилаа. Дүнжингаравт түрүүлсэн зун нь халиун азарга ханиад хүрч сайн давхиж чадаагүй байна.

2016 онд улсын их баяр наадамд анх удаагаа сойж Цагаан хөтөл хүртэл эхний 20 дотор давхиж байхад нь ханиад нь гүйцэд эдгээгүй азаргаа аваад үлдчихсэн байна. Нутагтаа ирсэн даруйдаа эмчилгээ хийгээд долдугаар сарын сүүлчээр Зүүн бүсийн хурд наадамд уралдахаар Хэнтий аймгийг зорьжээ.

“Зүүн бүсийн хурд болоход хүү маань унаач хүүхэд ч байхгүй халиун азаргаа аваад Хэнтий явсан. Сүхбаатарын Амараа гэж уяачийн хүүг нь гуйж унуулаад хурдтай нутгийн бүсийн наадмын айргийн дөрвөөр хурдалж Хэнтийнхнийг баярлуулсан” гэж Г.Баянжаргал гуай ярив.

2018 он гарахад Б.Баттөр уяач “Бидэрт” халиун азарганыхаа уяа сойлгын эвийг сая нэг сайн тааруулж сурчээ. Дүнжингараваас өөр уралдаанд сойсонгүй. Тэвчээртэйхэн хүлээж байгаад улсын наадамд жинтэйхэн тавихаар төлөвлөсөн байна. Угтаалцайдамд ч хавар эрт тавдугаар сард л ногоо гарч тарга тэвээрэг сайтай бярдаж уралддаг халиун азарганы уяа сойлго эвлэг сайхан таарчээ. Уяач, азарга хоёрын олон хоног хүлээсэн төрийн наадам ч хаяанд ирж дунд сунгаа Цагаан хөтөлд болоход айргийн дөрөвт хурдлаад буцсан аж.

Долоон сарын есөнд сумаасаа гарахдаа Хөвсгөлийн Түдэндоржийн Болдбаатарын халиун азарганы уяа сойлгыг тааруулдаг Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ уяачтай холбогдож Жаргалантын аманд хамтдаа буудаллажээ.

“Наадмын өмнө бороотой байхад нь халиуныгаа нэмнэж байгаад уралдах өдрийн өглөө авахад өнгө зүс нь засраад сайхан харагдаж байсан шүү. Эхний аравт бол найдвартай. Бороо шивэрч байхад “Халиун маань тарган мордож байгаа. Балчигтай, газар татуургатайд бярдаж уралдаад айрагдчих юм биш биз гэж” дотроо горьдож зогссон доо” гэж уяач нь хэлэв.

Цагаан хөтөл уруудаад ирэхэд халиун азарга цээжинд гарч нутаг ус, аавынх нь нэрийг орон даяар зарлахад залуухан уяач Баттөр туршлагатай унаач хүү Атарбаярын Буянжаргалдаа итгэж “Айрагдуулчихаасай даа” гэж залбирч, уул усандаа сүсэглэж байжээ. Удсан ч үгүй азарганы түрүүч барианы тавлин руу дөхөж халиун нь Ононгийн Батбилэгийн халзан азаргатай цуваад орж ирэхэд сэтгэл нь хөөрсөн уяач чухам аль нь түрүүлснийг тухайн мөчид мэдээгүй байна. Цагаан хоолойгоор “Хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Баянжаргалын Баттөрийн “Бидэрт” халиун азарга түрүүллээ” гэж зарлахад барианы хашаа руу хар хурдаараа гүйчихсэн гэнэ. “Тухайн үед яг юу болсныг одоо хэр нь санадаггүй юм. Сая нэг сэхээ ороход л айргийн морины хашаанд хүмүүс баяр хүргээд би халиуныгаа хөтлөөд алхаж байсан” гэж наадмын үеийн дурсамжаа хуваалцлаа. Нэг газраас мордсон өнгөрсөн жилийн төрийн наадмын түрүү Хөвсгөлийн Т.Болдбаатарын магнай халиун азарга нь есд хурдалсан юм.

“Хүүгээ морь дагаад явахад нь төрийн наадмын түрүү авчихна чинээ санаж байгаагүй ээ. Хүмүүс уяагаар ирж халиуныг худалдаж авах гэхэд хүү минь тэр бүрт нь татгалздаг байсан. Уяж байсан хүн том юманд орохыг нь мэдрээд байсан юм шиг байгаа юм. Би ч дотроо адуунд хайртай хүмүүст өгчихөд болохгүй нь юу байх уу гэж боддог байсан” гэж аав нь хэлсэн юм.

Наадмын дараа Төрийн тэргүүн түрүү азарганы уяагаар зочилдог уламжлалтай. Эгэл жирийн малчин айлд хурдан морь унаж, эмнэг хангал адуу ноцож өссөн залуу 27-хон насандаа төрийн наадамд азарга түрүүлгэж, төрийн тэргүүнийг гэртээ зална чинээ санаа ч үгүй явсан талаараа дурсана лээ. Хүндэтгэж ирсэн төрийн тэргүүндээ хурдан халиун азарганыхаа төл толин сартай халиун даагаа бэлэглэжээ.

“Бидэрт” халиун азарга Булган аймгийн түүхт 80 жилийн ойн их баяр наадмаас эхлэн Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Наранхүүгийн нэр дээрээс уралдаж эхэлснийг морь сонихогчид мэднэ. Шинэ эзэндээ очсон халиун азарга хурдалж анхдагчийн өлгий Булган хангайн түүхт ойд торгон жолоо өргөж гүйцэгдэхгүй хурдан адуу гэдгээ дахин баталсан. “Одоо үед алтан тууртын буянаар амьдрал нь дээшилж, адуугаараа сайхан амьдарч буй олон хүн бий. Халиун азарга маань адуунд хайртай, хийморьтой сайхан эр хүний нэр дээр очсон болохоор нутгийн өвгөчүүл сэтгэл тэнүүн байгаа” гэж Баттөр уяач хэлнэ лээ.

Домогт шарга азаргаараа төрийн наадмын зургаан түрүү авсан УИХ-ын гишүүн Б.Наранхүү ийнхүү өнөө жил найман настай “Бидэрт” халиун азаргаар улс, бүсийн уралдаануудад наадахаар болсон. Тэрээр шинэ залуу уяачид сүүлийн үеийн загварын шинэхэн төмөр хүлэг бэлэглэж, орон байрны асуудлыг шийдэж хөдөлмөрийг нь үнэлж өгчээ. Олны дунд яригдаж буй үнэ хэлцэл, өгөө аваа ортой л бололтой.

“Миний ээж Я.Шөхөө зоо техникч мэргэжилтэй эмэгтэй. Хурдан адууны төлийг авч үлдэх тал дээр ээж минь үргэлж үнэтэй зөвлөгөө өгдөг юм. Надад халиун азарганы төл хурдан хар даага бий. Энэ жил их хурдан байсан ч ханиад хүрээд уралдсангүй. Ирэх жилээс сайн уралдах байх гэж харж байна. Халиуны төл хоёр охин дааганаас ч сайн хүлэг гарна гэж хүлээх юм. Би ер нь охин төл гадагшлуулдаггүй” гэж Баттөр уяач ярив.

Адууныхаа цусыг холдуулахаар Сэлэнгэ аймгийн Отгонболд гэж залуугаас таван гүү авч халиун азаргандаа хураалгаж байгаа аж. Мөн өвөөгөөс нь уламжлагдаж ирсэн хар гүүгээ халиуныхаа адуунд тавьжээ.

Сумын алдарт уяач Б.Баттөр эхнэр Н.Үржин, хүү Б.Төгс-Очирын хамт

Залуухан уяачийн гэргий Н.Үржин гэж даруухан эмэгтэй Угтаалцайдам суманд өсчээ. Эдний хүү Төгс-Очир ердөө хоёр ойтой ч хурдан адууны зурагтай хуанли руу заагаад алдалгүй нэрлэх юм билээ.

Зорьсондоо хүрч, аав ээжийгээ баярлуулж хурдан хүлгийнхээ буянаар өрх гэрээ өөд нь татаж, бусад залуу гэр бүлүүдэд үлгэр жишээ болж буй сумын алдарт уяач залуугийнд саатахад ийм байна. Төрийн наадмын морь бариан дээр Тод манлайн тийм хүлэг түрүүлж ирлээ гэдгийг л ард түмэн сонсож заншсан. Тэгэх ч ёстой юм шиг боддог болсон. Гэтэл энэ жил хэн ч танихгүй 27-хон настай залуугийн хурдан хүлэг төв асарт цоллуулсан нь онцгой байлаа. Тийм ч учраас наадмын хууч дуусаагүй энэ цаг дор манай сонин “Танайд өнжье” буландаа Баянжаргалын Баттөрийг онцлон заллаа.

Гэрэл зургуудийг Ц.Мягмарсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *