Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Түүнийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс угтан авлаа.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр 14.30 цагт ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийж Сайд нар баримт бичигт гарын үсэг зураг ёслол ГХЯ-нд болох юм. Дараа нь 14.35 цагт Сайд нар хэвлэлийн мэдээллийн төлөөлөгчдөд ГХЯ-нд мэдээлэл хийнэ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Төрийн ордны Гэр өргөөнд, УИХ-ын дарга М.Энхболдод Төрийн ордонд тус тус бараалхахаар төлөвлөсөн байна.
Тэрбээр 23-25-ны хооронд манай улсад айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог урагшлуулах, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И орон нутагт зочилж бүс нутаг, хилийн хамтын ажиллагааны асуудалтай танилцана. Мөн Увс аймагт зочилно гэж Гадаад харилцааны яамны хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээллээ.