-ХУЛГАЙЧ ЗАСГИЙН ГАЗРЫГ БУШУУХАН СОЛИХ ЁСТОЙ-
МАХН-ын дэд дарга Сайнхүүгийн Ганбаатартай ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа манай сонинд ярилцлага өгснөөс хойш уулзаагүй юм байна. Нэг жилийн хугацаанд та ямар ажил амжуулав. Мэдээж Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд танай нам бэлдэж байгаа байх. Ер нь хэнийг нэр дэвшүүлэх бол?
-“Өдрийн сонин”-ы уншигчдад үргэлж талархаж явдгаа энэ ярилцлагын эхэнд онцолмоор байна. Монголын ард түмэн шударга үнэний төлөө чин сэтгэлээсээ явж буй хүмүүсээ хайрладаг, хамгаалдаг. Ард түмнийхээ тэр их буянаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд би ялсан. Даанч нөгөө хоёр тэрбумтан маань намайг луйвардсан. Луйвардсан гэдэг нь би ялагдсан гэдэг үг биш. Шударга үнэний төлөө гэсэн миний ажил хором ч зогсоогүй. Энэ зуны тухайд Архангайн Чулуутаар явж, Баянхонгор аймгийн ангийн маань төгсөлтийн баяр болж түүнд оролцоод ирлээ. Одоо харин Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд намынхаа хамт олонтой оролцохоор бэлтгэл ажлаа базааж байна. Энэ сонгуульд МАХН ялна. МАН, АН царцаанууддаа итгэж байгаа бол МАХН Хэнтий аймгийн иргэддээ итгэж байгаа. Тэд луйврын аргандаа итгэж байгаа юм. Хэнтий нутгаас Монгол Улсын хөгжлийн томоохон гараа эхэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
-СЕХ Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдөх 13 намд батламж гардуулсан. Ганц тойргийн нөхөн сонгууль болохоор өрсөлдөөн ширүүн болох магадлалтай байгаа. Танай намаас Н.Энхбаяр дарга нэр дэвших үү, та нэр дэвших үү?
-Хэнтийн нөхөн сонгуульд МАХН-аас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ гэж би бодож байгаа. Н.Энхбаяр дарга дэвших байх. Гэхдээ намын эрх бүхий байгууллагаас хэн нэр дэвшихийг шийддэг. Монгол төрийн толгойд бугшсан луйварчдыг зоригтой, хүчтэй хүн орж байж байранд нь тавина. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Таван толгой, Оюу толгойг Монголын ард түмэнд авч өгье гэж зориглож боссоныхоо төлөө амь насаа алдахаа шахсан. Гэтэл анхны Ерөнхийлөгч нь хаана явна вэ. Таван толгойн хувьцаа эзэмшигч болчихсон явна гэдэг мэдээлэл авсан. Хоёр дахь Ерөнхийлөгч хаана явна вэ. Оюу толгойн ТУЗ-д хэдэн зуун мянган ам.долларын цалин аваад явж байгаа гэдэг мэдээлэл бий. Харин Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Хэнтий нутгаас ялалт байгуулбал төрд бугшсан идээч, уугаачдад маш том хатуу цохилт болно. Монголчууд ядуу учраас зовж, зүдрээд байгаа юм биш. Ард түмнийг ядууртал нь идэж, ууж байгаа улстөрч нэртэй хулгайч нараас болоод бид хэцүү амьдарч байна шүү дээ. Энэ байдлыг таслан зогсоохын тулд зоригтой, дайчин, туршлагатай хүн хэрэгтэй. Мөн УИХ-д шинэ дээд хуулиа оруулж ирэх, батлуулах том боломж гэдэг утгаараа Хэнтий аймгийн нөхөн сонгууль бидний хувьд УИХ-ын гишүүний ганц суудал төдий биш, ард түмний төлөө хийх ажлаа эхлүүлэх том боломж гэж харж байгаа. Үүнийгээ бид Хэнтийн иргэддээ ойлгуулж, итгэлийг нь авч чадна гэдэгтээ итгэж байна.
-МАН, АН-ынхан Хэнтий аймагт ажиллаад эхэлсэн байна. Танай нам Хэнтий аймагт анхаарал хандуулж байгаа бол мөн л ажлаа эхлүүлсэн байх, тийм үү?
-Нөгөө хоёр нам ноёны хүүхэд шиг байна шүү дээ. Тэдэнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шүүх, цагдаа, прокурор, АТГ, олигархуудын дэмжлэг нь бий. Тэд үнэндээ бардаж байна. Энэ хоёр нам сонгуулийн тойрог дээр хэдийнэ оччихсон хүмүүсийг худалдаж авах ажилдаа орчихсон, 1000, 1000-аар нь амралтын газар амрааж, янз бүрийн зүйл тарааж байгаа. Бид хэнтийчүүддээ л итгэж байна, үнэндээ. Хэнтийчүүд өнөөдрийн хэдэн халтар төгрөгөөр ирээдүйгээ худалдахгүй, Монголын ирээдүйд гэрэл нэмэх сонголтоо хийнэ. Бидэнд үнэн бий. МАН, АН ард түмнийг хуурсаар байгаад тэдэнд ярих зүйл ч үлдээгүй. Амлах зүйл ч үгүй болсон. Тэдэнд царцаа, мөнгөнөөс өөр юу ч алга. Бидэнд хэнтийчүүдийн итгэл, найдвар байгаа шүү.
-Н.Энхбаяр дарга нэр дэвшээд яллаа гэхэд 76 гишүүний ердөө нэг л суудал дээр очно. Эрх баригчид 64-үүлээ. Өөрчилж чадах зүйл байгаа юм уу. Хууль шүүхийн байгууллага чинь Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлэхгүй, хөөн хэлэлцэх хугацаа гээд хориглочихвол яах юм бэ. Нөгөө талд нь О.Баасанхүү гишүүн намын дарга болсон гээд мөн л нэр дэвшүүлнэ гээд байгаа юм биш үү?
-О.Баасанхүү маань хүний бууны нохой болж, өөрийгөө ингэж хэн ч биш болохоо болих байлгүй дээ. Ухаантай хүн үүнийгээ ойлгож байгаа байх. Харин шүүх, прокурор, хүчний байгууллагууд дахин Н.Энхбаяр даргыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргаж онигоонд орохгүй байлгүй дээ. Монгол Улсад төр бий. Шударга ёсыг сахиулдаг хууль хүчний байгууллагууд улс төр, олигархуудын бүлэглэлийн халаасанд орсон гэдгээ нотолъё гэж байгаа юм бол удаа дараа хийсэн луйвраа хийнэ биз. Гэмгүй хүнийг гэмтэй болгодог луйвраа зогсоох хэрэгтэй. Энэ удаа тэд эрх биш ичих байлгүй дээ. Манай намаас нэр дэвшигч нөхөн сонгуульд ялна гэдэгт итгэлтэй байгаа.
-МАН, АН-ын зүгээс Н.Энхбаяр даргатай хүмүүсээ уулзуулж байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Үнэн үү?
-Нөгөө хоёр намын дээд түвшний удирдлагуудын хүрээнд санал солилцох, зөвлөлдөх зүйл байлгүй яахав. Шинэ дээд хуулиараа бид шударга ёс тогтоохын төлөө явж байгаа. Үүнийг хэн ч хазайлгаж чадахгүй. Монголын улс төр бүхэлдээ барьцаанд орсон. Сүүлдээ МАН, АН дотроо барьцаалагдаж, хоорондоо зодолдож байна. Ноёдын зодоон харцын хормойд цус үсэргэдэг гэдэг үг бий. Ноёдын зодооноос болж ард түмэн зовж байна шүү дээ. Сүүлдээ ноёдын зодоон нь АТГ-аараа дамжуулж бизнесмэнүүдийг дарамталж, мөнгө саадаг боллоо. Ц.Элбэгдорж, Б.Хурцын үеэс эхлээд өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна. Бизнесмэнүүдийг зовоож улстөрчид мөнгө авна гэдэг нь ард түмний халаасыг дээрэмдэж байгаатай адил. Хов, хонзонгоор дүүрсэн яамдын аймшигтай нөхцөл байдлыг зогсооё гэвэл хүчирхэг, шударга үнэн, барьцаанд ороогүй хүн Хэнтийн сонгуульд ялаасай.
Саяхан Сомали улсын ерөнхийлөгч “Бид Монгол шиг улсаа самруулахгүй” гээд мэдэгдэл хийчихсэн байна лээ. Дэлхийн хамгийн хөгжил буурай орны тэргүүн ингэж хэлж байна гээд бод доо. Монголын өдөр тутмын тэргүүлэгч “Өдрийн сонин”-оор энэ бүхнийг яриад сууж байгаа минь ч гэсэн МАНАН-гийн савраас Монголыг салгах гэж байгаа сэтгэлийн минь илэрхийлэл юм шүү.
-Зам, тээврийн хөгжлийн яаман дээр хоёр газрын дарга маргалдаж нэгнийхээ аминд хүрлээ. Төрийн алба хаашаа яваад байна вэ. Төр төр шигээ байж чадахаа больсны илрэл мөн үү?
-Яамдад архидалт, бие биенээ хүчирхийлэх, бэлгийн дарамт, авлига гаарсан байгаагийн илрэл энэ. УИХ, Засгийн газар үүний талбар нь боллоо. Мөсөн уулын оргил нь л дөнгөж цухуйж байна. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар ард түмний Засгийн газар болохоос хэн нэгэн хүний, олигархуудын Засгийн газар биш. Төрд орсон сайхан залуусаас төлбөрөө төлж чадаагүй нь хөөгдөн гарч байна. Хүн л юм чинь эсэргүүцлээ илэрхийлж таарна. Үүний илрэл нь ийм золгүй явдлаар харагдлаа. Богдын бодол зөв бол босгоны шороо нь ч зөв байдаг. Төрийн толгойд байгаа гурван өндөрлөгийн алсын хараа нь зөв бол яамдуудад байгаа төрийн албан хаагчдын үйлдэл нь ч зөв болно. Төрийн албан хаагчид төрд итгэж ажиллахаа больж, төрд байгаа мафийн бүлэглэлийн кранд итгэдэг болсон. Үүнийг зогсоохын тулд хэцүү ч гэсэн бид зүтгэж байна. Хүчний байгууллагаар зэвсэглэн, рецетивүүдээр хамгаалуулсан аймшигтай бүлэглэлийн өөдөөс дуугараад явна гэдэг амаргүй ч ард түмэндээ бид итгэж байгаа. Ард түмэн ухаантай. Үүний баталгаа нь өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийн сонгууль юм. Мөнгө, олигарх бүлэглэл хүчтэй биш гэдгийг харуулсан том нотолгоо шүү дээ.
-Олигархжсан төрийг яаж задлах ёстой бол. Яриад байгаа ч үнэндээ өөрчлөгдөх зүйл алга?
-Шатыг дээрээс нь шүүрддэг болохоос доороос нь шүүрддэггүй. УИХ-ын сонгуулиар Монголын ард түмэн шударга сонгуулиа хийдэг байх ёстой. Хэдэн төгрөг өгөөд сонгогддог гишүүд үүнийхээ хариу болгож улс орныг худалдаад байгаа юм аа. Муу улстөрчдөөс болж улс орон аймшигтай дээрэмчдийн гарт орсон юм биш. Муу улстөрчдийн өмнөөс жирийн иргэд бид юу ч хийхгүй байгаа тул мафийн гарт орчихсон. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газрыг Рио Тинто удирдаж байна. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч яагаад Оюу толгойн талаар таг дуугүй байгаа юм бэ. Тэр баялгийг ухуулахын тулд Монгол Улс байгаа юм биш. Бид ашигтай баймаар байна шүү дээ. Оюу толгой ашигтай байхад нь би ашиггүй байна гэж яриад байгаа бол би гэмт хэрэг хийж байна гэсэн үг. Би баримттай ярьдаг. Тэд нэр хүндээ хамгаалж намайг шүүхэд өгөх ёстой. Оюу толгойн гэрээ яагаад чимээгүй болчихов. Төрд байгаа томчууд барьцаалагдсан. Энэ барьцаанаас гарах хэрэгтэй. Оюу толгойд барьцаалагдсан биш, ард түмэндээ барьцаалагдсан хүмүүсээ сонгох нь бидний нэн тэргүүний асуудал. Ингэж үнэний төлөө яваа хүмүүсийн ясыг нь хугалахаас нэр хүндийг нь хугалах нь тэдэнд илүү амар байдаг.
-УИХ-аас Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэг ажиллаж байгаа. Дүгнэлт нь удахгүй гарах байлгүй дээ?
-Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийг эхэнд нь Д.Дамба-Очир толгойлон ажиллаж байсан. Д.Дамба-Очир худадалдагдсан юм шиг бушуухан алга болсон. Одоо Д.Тэрбишдагва гишүүн ажиллаж байгаа юм шиг боловч худалдагдах гээд наймаагаа тохирох гээд байгаа юм уу, чимээгүй байгаа нь хардлага төрүүлж байгаа. Би ажлын дэд хэсэгт орж өөрийн дүгнэлтээ гарган өгсөн. Тэд хав дараад дүгнэлт гаргахгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Энэ жил 97 сургууль, 134 цэцэрлэг ашиглалтад оруулна гэж УИХ баталсан. Харамсалтай нь дөнгөж таван сургууль, есөн цэцэрлэг ашиглалтад орох маягтай байна л даа.
-МАН Их хуралд үнэмлэхүй олуулаа. Засгийн газраа сольж үзсэн. Өөрчлөлт гарсан болов уу?
-МАН үнэндээ иргэдийн амьдралд ямар ч нэмэргүй, эрх мэдлийн төлөөх тулаан хийж байна. Ард түмний амьдрал таг зогсчихлоо. Хэрээс хэтэрсэн эрх ямба эзнийхээ толгойд хүрдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэдийн амьдрал доройтох тусам үг хэл нь хурц, үйлдэл нь ширүүн болж байна шүү дээ. Эрх баригчид үнэндээ шоронд байна. Ямар ч эрх чөлөө алга, тэдэнд. Зайсанд байгаа тансаг хаус, том жийпнийхээ боол болчихсон. Ийм хямдхан эрх чөлөөгөөр тэд яах гээд байдаг юм бол гэж би олон жил бодож ирлээ. Би 13 дугаар хороололдоо амьдраад, приус машинаа унаад болоод л байна. Хамгийн гол нь би эрх чөлөөтэй. Бизнес хийгээд хауст амьдарч, жийп унаад явж байгаа хүнийг хараад би хайрладаг. Улс төр хийгээд ингэж яваа хүмүүсийг гайхдаг. УИХ, Засгийн газраас гарлаа л бол шоронд явах гээд байгаа юм шиг сэтгэлгээгээ өөрчилж, эр зоригтой байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ улс орноо аварна. Миний хувьд надад тэдэн шиг чинээлэг амьдраад байгаа юм алга. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр тэрбумтнаа нам цохих хэмжээний дэмжлэгийг ард түмнээсээ авсан. Би тансаг хэрэгцээнд барьцаалагдсангүй, үнэний төлөө асар их доромжлуулах эр зоригтой л хүн. ОУВС-гийн атганд боолчлогдохын оронд тэднийг турхираад байгаа Рио Тинтогийн эзэдтэй халз үзэх эр зориггүй улстөрчидтэй улс үргэлж боолоороо байх вий дээ. Миний зовнил энэ. Одоо би бизнес хийгээд амьдарч байна.
-Засгийн газарт итгэх иргэдийн итгэл алдарч байна. Засгийн газрын үйл ажиллагааг хөндлөнгөөс харахад ямар бодол төрж байна вэ?
-УИХ, Засгийн газар аль аль нь зоримог шийдвэр гаргаж чадахгүй бол огцорсон нь дээр. Засгийн газрыг ард түмний төлөө ажиллаарай гэсэн болохоос хулгай хийгээд байхад нь “Засгийн газар тогтвортой ажиллах ёстой” гээд байгааг ерөөсөө ч ойлгохгүй юм. Хулгайч, цаг наргүй хоорондоо нүдэлдэж байгаа хүмүүсийг тогтвортой байлга гээд байгааг яаж ч хичээгээд ойлгож чадахгүй байгаа юм даа. Хулгайч Засгийн газрыг бушуухан солих ёстой. Улстөрч, живх хоёр муудсан л бол бушуухан солих хэрэгтэй шүү дээ. УИХ, Засгийн газар амласнаа биелүүлэхгүй бол даруйхан хөөж гарга. Засгийн газар ард түмний гэр болохоос хэдэн хүний хувьчилаад авсан, зайдагнадаг байшин биш. Та гэртээ будагчин хөлсөлж авч ирээд нэг сайхан ногоон өнгөөр будаад өгөөч гэтэл дураараа улаан, эсвэл цэнхэрээр будаад байвал тогтвортой ажиллуулна гээд байлгах уу. Бушуухан болиулж дараагийн будагчинг олж ирнэ биз дээ. Үүнтэй чинь агаар нэг. Би ээжээс төрсөн болохоос ээж надаас төрөөгүй. УИХ, Засгийн газарт байгаа хэдэн хүнээс монголчууд төрөөгүй. Харин Монголын ард түмнээс эд төрсөн, бидний хүүхдүүд байхгүй юу. Хүүхдүүддээ дөрлүүлчихсэн яваа бид өөр сонголт хийх цаг болсон.
-Засгийн газар огцрох ёстой юм уу?
-УИХ, Засгийн газар төр түмнийхээ төлөө ажиллахгүй бол бушуухан зайлж үз. Болсон болоогүй жижиг хулгайтай зууралдаж байснаас хамгийн том хулгайгаа зогсоо. Бусад нь аяндаа засагдана.
-2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирж байна. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгуулиас ерөнхий дүр зураг харагдах байх. 2020 оныг та хэрхэн төсөөлж байна вэ?
-2020 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулахаар бүх шатандаа бэлдэж байгаа. Монголчуудын амьдралыг өөд нь татаад явчих чин хүсэлтэй өөр намын болон жирийн иргэд ирж бидэнтэй уулзаж байна. 2020 оны монголчуудын сонголтод бид итгэж байна, үнэндээ. Бид Засгийн газраа байгуулж, Шинэ дээд хуулиа батална. Сайд, дарга нарыг хулгай хийхэд шүүдэг шүүгч нарыг ард түмнээс сонгодог болгоно. Цэцийн хэдэн гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд тавьж байна. Тиймээс тэд дархлагдсан хулгайч нар болчихсон. Цэцийн гишүүд, шүүгч нарыг ард түмэн сонгодог болсноор энэ хулгай, дээрэм өргөс авсан мэт алга болно. Адуу хулгайлсан хөдөөний хүнийг би буруутгаж байна. Адуу хулгайлах хэмжээнд иргэдийн амьдралыг туйлдуулсан улстөрчид хамгийн том хулгайч нар.
Үнэн хүчтэй, буян ачтай. Монголчууд ирээдүйдээ итгэлтэй байх ёстой шүү.