Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний зөвлөл хуралджээ. Хуралдаанаар цалингийн доод хэмжээг нэмэх асуудлыг хэлэлцэж, улмаар 80 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цалингийн доод хэмжээг 320 мянган төгрөг болгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн 2020 онд цалингийн доод хэмжээг 420 мянган төгрөг болохоор төсөвт оруулсан байна. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
С.Чинзориг: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өдөрт 15200 төгрөг
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Өнөөдөр Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, 2017 оны улсын төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ийн 29-р тогтоолд өөрчлөлт оруулах, 2013 онд нийгмийн зөвшлийг бэхжүүлэх талаар Засгийн газраас гаргасан 370-р тогтоолын хэрэгжилт гэсэн гурван асуудлыг хэлэлцлээ. Хөдөлмөрийн хуулиар хоёр жил тутам нэгээс доошгүй удаа хөпөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтооно гэсэн хуультай. Уг хуулийг дахин шинэлэхийн тулд инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн харьцаа, эдийн засгийн өсөлт гэсэн хүчин зүйлүүдийг харгалзан үзэж тогтоодог. Үүний дагуу нэг цагийн 1904 төгрөг 76 мөнгө, өдөрт дунджаар 15200 төгрөг, сарын 320 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо. Дараа нь УИХ-ын 2017 оны төсвийн тухай хуулийн 29-р тогтоолыг гурав, дөрөв, тав дугаар заалтыг хүчингүй болгох асуудлыг гурван талт хэлэлцээрээр шийдээд байна. Мөн 370-р тогтоол хэрэгжилтийг явц удаашралтай, хүссэн үр дүнд хүрч чадахгүй байна гэж дүгнээд УИХ-д танилцуулж тодорхой шийдвэрт хүрнэ” гэв. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр төрийн алба хаагчдын цалин нэмэгдэхгүй. Энэ бол тусдаа асуудал. Уг асуудлыг одоо дахин хуралдаж шийдэх гэжбайгаагаа хэлэв.
Х.Амгаланбаатар: Найман хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхэд торгуульд өөрчлөлт орохгүй. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нугалж төлнө гэхээ болиод Зөрчлийн хуульд тодорхой нэгжээр хэмждэг болсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг бол арван хоёр дугаар анги төгссөн, цэргээс халагдсан, тодорхой мэргэжилгүй хүнд өгч буюу цалингийн доод хэмжээг хэлнэ. Манай тэтгэвэрт гарсан хүн хамгийн багадаа 280 мянган төгрөг авдаг. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянга байна. Иймээс залуучуудаа ажил хийх урам зориг өгөх зорилгоор ирэх онд 320 мянга, 2020 онд 420 мянга болгохоор шийдсэн. Иймээс жижиг дунд үйлдвэр, аж ахуй нэгжүүд ирэх жилийнхээ төсөвт оруулан цалингийн доод хэмжээг шинэчлэн батлаарай гэх үүднээс эрт зарлаж байгаа юм. Улсын хэмжээнд нэг сая 100 мянган хүн цалин авч байна. Үүний найман хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг” гэлээ.
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэг удаа тогтоож байсан. Хоёр жилд нэг удаа тогтоогоод үүний яагаад заавал хоёр жил барих ёстой вэ гэдгийг хэлэлцээрээр шийдсэн. Тухайн эдийн засаг бололцоотой байвал жилд нэг удаа нэмэх боломжтой гэж үзээд санал нэгдсэн. Ингээд жил дараалан нэмэх шийдвэр гаргалаа” гэв.
С.ОЮУНЖАРГАЛ
Б.БОЛОРЧИМЭГ