Categories
мэдээ нийгэм

Боом өвчний халдвар нэмэгдэж бүртгэгдээгүй байна

Хүн, малын халдварт “Боом” өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, 24 цагийн хяналтын дөрвөн пост ажиллаж, хоёр цаг тутамд нэгдсэн мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлж байна. 2018 оны наймдугаар сарын 15-16-ны өдөр хүртэлх хугацаанд Жаргалант сумын хэмжээнд 3405 автомашин зорчиж, 3405 автомашинд үзлэг шалгалт хийж, ариутгажээ.
Голомтын бүсэд гарал үүслийн бичигтэй амьд бог мал (хонь, ямаа) нийт 149-ыг шалгаж оруулсан бол гарал үүслийн бичиггүй 25 бог мал(хонь, ямаа) 3 үхэр, 3 тугал зэргийг буцаасан байна. Түүнчлэн малын гаралтай мах, түүхий эдийг голомтын бүсэд нэвтрүүлэхгүй гэсэн захирамж гарсны дагуу 9 ширхэг бог малын гулууз, 2 үхрийн гуяа, 85 кг мах, 160 литр сүү, буцааж 2 тарваганы мах, малын арьс зэргийг хураан авчээ.

Үүнээс гадна “Боом” өвчин гарсан голомтын бүсийн 122 ямаа, 11 үхэр, 35 хонь болон өвчний голомтын бүсийн ойр орчмын 8 өрхийн 1520 толгой малд вакцинжуулалт хийж, ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээ авав. Мөн Буянт голоор нутаглаж байгаа 69 өрхийн 7201 толгой малд мал эмнэлгийн анхан шатны үзлэг хийж, тандалт судалгаа авсан байна. Одоогийн байдлаар иргэдээс 4 мал үхсэн талаар мэдээлэл хүлээн авч, холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, шинжилгээ хийхэд малын халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *