Categories
мэдээ нийгэм

Түрээсийн 28 дугуй хулгайд алдагджээ

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачлагаар авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилго бүхий “UBike” түрээсийн дугуйн үйлчилгээ өнгөрөгч долоодугаар сарын 9-нөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ үйлчилгээнд иргэд, олон нийт ам сайтай байгаа. Гэвч түрээсийн дугуйг хулгайлах болжээ.

Түрээсийн дугуйг Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой, хойшоо Их тойруугийн дотор унаж, хэрэглэх ёстой. Энэхүү заасан хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогдоно. Хамрах хүрээнээс гадна дугуйгаа түгжиж орхисон тохиолдолд орхисон дугуйнаас хамрах хүрээний хил хүртэлх километрийн зайг 500 төгрөгөөр үржүүлэн төлбөр дээр нь нэмж бодно. Дугуйг зогсоолоос зогсоолын хооронд унана, зогсоолоос өөр газар дугуйгаа үлдээвэл торгууль 500 төгрөг таны данснаас хасагдана гэдгийг маш тодорхой, энгийнээр, хэн ч уншаад ойлгохоор түрээсийн дугуйн цэг бүрт бичиж, байршуулжээ.

Гэтэл үүнийг уншаагүй, эсхүл ойлгоогүй юу дугуй түрээслэсэн зарим нөхдүүд хүссэн газраа орхичихдог. Зарим нь бүр гэртээ унаж хариад, өглөө ажилдаа унаж ирэх зэргээр “өөрийн өмч” мэт ашиглах тохиолдол ч гарчээ. Тухайлбал ХУД, Зайсангийн “Оргил” супермаркетын замын эсрэг талын “Оргил стар” хотхоны үүдэнд түрээсийн дугуй 2-3 хоносон бөгөөд түрээсэлж авч явсан “нөхөр” өглөө ажилдаа явахдаа унаад, орой гэртээ унаж харих маягаар өөрийн юм шиг хэрэглэжээ.

“Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням өнөө хэдэн дугуйныхаа араас “хөөцөлдөж”, цуглуулсаар өдрийг өнгөрөөж байна. Тэрбээр “Битгий эвдэл, битгий хулгайл. Зогсоолдоо тавиарай” хэмээн хүссэн. Түрээсийн дугуй содон учраас олон нийт мэдээлэл сайн дамжуулж, иргэдийн мэдээллийн дагуу араас нь явсаар дугуйгаа олж авдаг аж. Одоогоор түрээсийн дугуйны 28 нь хулгайд алдагджээ. Энэ талаар “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашнямаас тодрууллаа.

-Түрээсийн дугуй хулгайд алдагдах болсон талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Одоогоор нийт 28 дугуй алга болоод байна. Ерөнхийдөө өдөрт 3-4 дугуй хулгайд алдагдах, эсвэл хулгайлах оролдлого гардаг, 6-7 дугуй эвдэрдэг. Зарим алга болсон дугуй нь эргээд олддог, зарим нь олдохгүй байна.

-Дугуйнууд бүгд GPS-тэй шүү дээ. Үүгээр алга болсон дугуйг олох боломжтой биз дээ?

-Боломжтой. Гэвч GPS-ийг нь салгаж аваад эвдэлчихдэг. Тэгээд гэртээ аваачаад хүүхэддээ унуулах тохиолдол байна. Тэрнээс GPS бол найдвартай.

-Дугуй хулгайлсан этгээдүүдэд хариуцлага тооцож байгаа юу?

-Бид цагдаагийн байгууллагад хандсан. Дугуйг түрээслэгч, үйлчлүүлэгчид хулгайлах тохиолдол цөөн. Харин гудамжны архичин, гэр оронгүй, тэнэмэл иргэд авч яваад, түгжээг нь эвдлэх тохиолдол байна. Хэдий GPS-тэй, түгжээтэй ч гэр оронгүй тэнэмэл хүмүүс эвдлээд л аваад явчихаж байгаа юм.

-Цаашид яавал дээр вэ?

-Түрээсийн дугуйн үйлчилгээнд суралцахад манайханы ухамсар, соёлд нэлээд цаг орох бололтой. Бид ч үйлчилгээгээ улам сайжруулахыг хичээж ажиллана. Гол нь зогсоолдоо авчирч тавиад, дүрмийн дагуу унаж хэрэглээсэй гэж л хүсэх байна.

-Түрээсийн дугуйн үйлчилгээ хэдэн сар хүртэл ажиллах вэ?

-Энэ жилийн хувьд түрээсийн дугуйн үйлчилгээ ирэх аравдугаар сарын дунд хүртэл хэрэгжинэ.

Манайхан яагаад ийм хариуцлагагүй, сэтгэлгүй юм бэ дээ гэж халагламаар. Хийж, хэрэгжүүл гэж “нэхэхдээ” сайн хэр нь эхлүүлсэн, бүтээсэн бүхэнд “өөриймсөг” ханддаггүй нь олон зүйл дээр харагддаг. Тухайлбал Хан-Уул дүүрэгт байгуулагдсан “Амьтны хүрээлэн” бүхий 49 сая төгрөгөөр бүтсэн барималуудыг эвдэж, сүйтгэсэн. Баарнаас гарч явсан согтуу нөхөр хэнд ч гэм хийгээгүй Сөүлийн гудамжинд 20 сая төгрөгөөр босгосон барималд бас л уураа гаргасан удаатай. Одоо харин түрээсийн дугуйг хулгайлах, хүссэн газраа хаячихдаг увайгүй зан гаргасаар…

Дугуйг зогсоолоос зогсоолын хооронд унаагүй, зогсоолд авчирч тавилгүй өөр газар орхисон тохиолдолд төлбөр бодогдсоор байх бөгөөд, 500 төгрөг үйлчлүүлэгчийн данснаас хасагдана. Энэ боломжийн, үйлчүүлэгчээ бодсон хөнгөхөн “шийтгэл” гэлтэй. Гэтэл үүнийг буруугаар ашиглаж, их төлбөрт унахгүйгээс хойш гэсэн шиг хүнийрхүү хандаж буй нь “ичмээр” юм. Заавал дааж, давашгүй их төлбөрт унаж, зайлшгүй торгуульж байж ухаардаг, ойлгодог, гэмшдэг, эргээд хариуцлагаа ухамсарладаг энэ сэтгэхүйгээ өөрчилж, сэтгэлдээ “өөриймсөг” хөрөнгө оруулалт хиймээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *