Төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн зээнцэр М.Аминаг “Удам судар” булангийнхаа зочноор урилаа. Тэрбээр Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлагийн “Амина” сургуульд урлаг судлалын багшаар ажилладаг юм.
-Ү.Ядамсүрэн гэж түүхэнд үлдсэн их хүний нэрээр овоглож явна гэдэг асар том хариуцлага байх. Өвгийнхөө нэрийг өндөрт өргөн амьдарч чадаж байна уу?
-Ёстой мад тавихаар асуулт байна (инээв). Би урлагийн гэр бүлд өссөн. Ээж, аав, эмээ, өвөө, элэнц, хуланц бүгдээрээ зураач хүмүүс байсан. Энэ дундаас би ганцаараа зураг зурдаггүй. Бүтэн жилийн турш ээжийнхээ Дүрслэх урлагийн сургуулийн уран зургийн ангид суралцсан мөртлөө уран зурагт гүн автаагүй. Миний хийх зүйл биш гэж мэдэрсэн л дээ. Үүнээсээ болж их шаналж байсан. Гэр бүл, удам судар минь тэр чигтээ зураачид байхад яагаад би авьяасгүй юм бэ гэж боддог байлаа. “Хоёр дүү маань хүртэл сайн зурдаг. Би л гэр бүлийнхнээсээ өөр хүн юм байна. Намайг өргөж авсан юм уу” гэж асууж байсан удаатай. Гэр бүлийнхээ удам судрыг үргэлжлүүлэх хүн мөн үү гэж өөрөөсөө асуусан үе олон. Гэхдээ юм гэдэг цаанаасаа байдаг юм билээ. Бурхан тэгж тохируулсан уу яасан би зурах төрлийн хүн биш харин судлах чигийн хүн болж таарсан. Урлаг судлал луу орсон. Энэ салбараараа дамжуулж ээж, аав, эмээ, өвөөгийнхөө бүтээлийг олон нийтэд хүргэх боломжтой болсон. Ингэж удам судраа үргэлжлүүлж байна даа.
-Элэнц өвгийнхөө бүтээлүүдийг нь судалж байна уу. “Өвгөн хуурч” зургийг нь олон зураач хуулбарлах гээд чаддаггүйн шалтгаан юу юм бол?
-Монголын урлагийн түүх өрнөдийнхөөс их ялгаатай. Тусдаа том судлагдахууны салбар. Мөхөс миний бие Монголын урлагийн салбар руу хараахан орж амжаагүй явна. Мэдээж элэнц өвгийнхөө цуглуулга, бүтээлүүд дунд өссөн учраас урлаг судлалын том дүгнэлт гэхээсээ илүү өөрийнхөө бодлыг хуваалцъя. “Өвгөн хуурч” гэдэг зураг монгол зургийн их нарийн аргаар зурагдсан. Хэвлэл дээр анзаарагддаггүй мөртлөө эх хувилбарыг нь харах юм бол арын дэвсгэрт нь боронзон алтлагдуу баран дүрст хээ байх жишээтэй. Нарийн деталь ажлууд их орсон байдаг. Сахал, дээл, үсийг нь сайн ажиглах юм бол нарийн ажилласан нь харагддаг. Хүмүүс “Өвгөн хуурч”-ийг хуулбарлаад зуръя гэдэг. Хуулбарлаж зурахдаа ганцхан юман дээр маш их алддаг. Нүүрэн дээр нь их алддаг. Энэ зургийг европ, өрнөдийн хөрөг зураг шиг фоточлоод, яг адилхан гэрэл сүүдэр гаргаад зурахгүй. Нүүрний дүр төрх нь хэдхэн зураас юм шиг харагддаг. Хэдхэн зураасаар бүтсэн мөртлөө характер ихтэй дүрслэгдсэн.
-“Өвгөн хуурч”-ийг амжилттай эсвэл арай дөхүүлж хуулбарлан зурсан тохиолдол байгаа юу. Зураачид хуулбарлахдаа нүүрний хэсэгт их алддаг гэлээ. Яагаад энэ хэсэг ийм онцгой байгаа юм бол?
-Ээж маань (зураач Я.Булган) өвөөгийнхөө бүтээсэн “Өвгөн хуурч” зургийг хуулбарлаж үзсэн. Ээж минь хэдий Монгол зургийн хүн биш ч гэсэн нүүрийг нь маш амжилттай гаргаж ирсэн. Энэ бол маш хэцүү даваа. Яагаад гэвэл “Өвгөн хуурч”-ийн нүүрэнд маш нарийн, гүн сэтгэлгээ шингэсэн байдаг. Монгол хүний зан чанар, характер, монгол гэдэг үгийн утга “Өвгөн хуурч”-ийн нүүрний хувирлаар гараад ирдэг. Үүгээрээ энэ зураг үнэхээр агуу бүтээл. Чингис хааныг дүрсэлсэн гэдэг. Гэхдээ яг үнэндээ Чингис хааныг зурсан зурагтаа бас л монгол хүн гэдгийг маш гүн шингээсэн байдаг. Хэдийгээр Чингис хаан дэлхийг эр зоригоороо байлдан дагуулж байсан хүн боловч цаанаа энгийн монгол хүн шүү гэдгийг “Чингис хаан” бүтээлээрээ гаргахыг зорьсон. Монгол хүний мөн чанарыг харуулсан зураг юм. Ард түмний нүүр царай гэх юм уу даа. Монголын ард түмнийг нэг хүний царайгаар илэрхийл гэвэл “Өвгөн хуурч” л байхгүй юу.
-Та Ядамсүрэн гуайн бүтээл дунд өссөн. Түүнийг зураач гэхээс өөрөөр хүндэлж, биширдэг зүйл юу байна?
-Амьд ахуй цагт нь би байгаагүй л дээ. Би 1991 онд төрсөн. Харин элэнц өвөө маань 1986 онд бурхан болсон. Гэхдээ манай гэр бүлд өвөөгийн маань сүнслэг шинж чанар гэх үү дээ уур амьсгал нь нэвт шингэсэн байдаг. Түүний хүмүүжил, ярьдаг сургаал, номлол, эдэлж хэрэглэж байсан зүйлс дунд бид байдаг учраас тэр байх. Би өөрөө өвөөгийнхөө гэргий Люня буюу буурай ээж дээрээ өссөн. Буурай ээж маань өвөөгийн талаар их хуучилдаг байсан. Телевиз, сонинд ярилцлага өгдөггүй мөртлөө бидэнд их л дурсаж өгүүлдэг байсан юм. Буурал ээжийн ярианаас би өвөөгөө уужуу тайван, шашнаар зүйрлэвэл гэгээрсэн хүн байсан гэж ойлгосон. Өвөө маань их гэгээрсэн, амьдралын аахар шаахар зүйлсээс хол юм шиг ном, зохиолд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Гэхдээ ойроос нь сайн судлаад үзэх юм бол энгийн сайхан хүн шиг санагддаг. Аахар шаахар зүйлд санаа зовдоггүй нь маш сайн гэргийтэй байсантай нь холбоотой. Люня буурал ээж маань гэр орны ажил, хоол унд, үр хүүхдээ хүмүүжүүлэх бүх зүйлийг зохицуулдаг байсан. Буурал ээж маань уран бүтээлч хүн бүтээлээ л хийх ёстой гэж үздэг учраас бүтээлдээ анхаарах нөхцөлийг нь бүрдүүлчихдэг. Багадаа би өвөө шигээ хүнтэй гэрлэх юмсан гэж боддог байсан шүү дээ. Өвөө маань тийм л түшигтэй, ганган хүн байсан.
-Ядамсүрэн гуайг дандаа дээл өмсдөг байсан гэх юм билээ.
-Энэ ганган дээр чинь их юм байгаа. Нэг талаас сайхан дээл өмсөнө. Нөгөө талаас хуучин ЗХУ-д сурч ирчихээд цагаан костюм пиджак өмсөөд, ясан таяг тулаад явдаг байсан гэдэг. Залуухан хүн байгаа шүү дээ. Таягийг бол зүгээр гангараа маягаар тулдаг байж л дээ. Урлаг судлаач С.Лувсанвандан гуай өвөөгийн амьд ахуйдаа ярьсан яриаг тэмдэглэн үлдээсэн байдаг юм. Тэр тэмдэглэлд “1937 онд юмсан. Намайг Маршал Х.Чойбалсан дуудаж билээ. 1934 онд Москва хотод Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль төгсөж ирээд, Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж байсан цаг. Цагаан костюм өмсөж, хар зангиа зүүж, тохойдоо гоёлын таяг тохсон ухаандаа их л дэгжин залуу очиж билээ. Х.Чойбалсан гуай таягийг минь эргүүлж, тойруулж үзсэнээ “Хаан хүний таяг уу” гэж огцом асуусан. Тэгэхэд нүүрнээс гал бутарч, хэл татах шиг болсон юм. Залуу савсаг явж, омтгой, хуумгай юм хийснээ бодох бүр ичдэг юм. Одоо ёстой таяг тулах насандаа ч түүнийг барихгүй байгаагийн учир тэр ээ гэж Ядамсүрэн гуай гэмшин ярьдаг юм аа” гэсэн байдаг. Энэ тэмдэглэл их сонирхолтой. Өвөө залуудаа их гангалдаг байсан. Охид, хүүхнүүд тайван байлгадаггүй гэж ярьдаг байсан юм билээ. Энэ түүхүүдийг сонсож байхад яг л сайхан сэхээтэн монгол хүн байсан юм байна даа гэж бодогддог.
– Та хэд бүгдээрээ буурай ээжийнхээ гараар хүмүүжсэн үү?
-Буурай ээж миний амьдралд маш том байр суурь эзэлж байсан. Нас барахад нь надад хүнд цохилт болж байсан. Газар хөдөлж байгаа юм шиг л санагдаж билээ. Хэдий тухайн үед манай гэрийнхэн гаднаа зүгээр байгаа юм шиг хэрнээ бүгдэд нь хүнд байсан. Яагаад гэвэл буурай ээж маань амьдралынхаа туршид манай гэр бүлийн хувьд дэлхий ээж шиг газар, суурь нь байсан. Бид бүгдийг олон үеэр нь өсгөсөн. Өөрийнхөө хүүхдүүдийг, ач, зээгээ, дараа нь бидний үеийнхнийг өсгөж, хүмүүжүүлсэн. Би эхээс гурвуулаа. Бага байхад бид зуны турш буурай ээжийн зусланд өнждөг байлаа. Боргоцой, түлээ түүж, ус зөөснийхөө үр дүнд нэг чихрээр шагнуулна. Ер нь хатуу гараар биднийг өсгөсөн дөө.
-Зарим хүмүүс эмээг тань орос хүн, зарим нь гүрж хүн гэлцдэг. Яг хаанаас гаралтайг нь хүмүүс төдийлөн мэддэггүй. Яаж яваад Монголд ирж суурьшсан юм бол?
-Буурай ээжийг минь Ликанида Андреевна Фараносова гэдэг. Орос хүн байсан. Дуудахад амар гээд Люня гэж авгайлдаг болсон гэдэг. Буурай ээжийн маань аав Фараносова харц гаралтай хүн байсан гэдэг. Харин ээж нь Оросын язгууртан гаралтай хүн байсан гэдэг. Тухайн үеийн нийгэмд харц хүн язгууртантай гэрлэхийг эсэргүүцдэг байсан шүү дээ. Зэрэг зиндааны ялгаанаас болоод эх орондоо гэрлэж чадахгүй учраас Хятад руу дүрвэхээр болсон юм билээ. Оросоос гараад Хятадад очиж чадалгүй Монголд үлдэж л дээ. Тэгээд Төв аймгийн ойролцоо газар тариалан эрхэлж амьдрах болсон гэнэ лээ. Буурай ээж минь Монголд төрсөн орос хүн. Сүүлд еврей гаралтай байж болзошгүй гэсэн таамаг гарсан. Гэхдээ үүнийг нарийн судалж тогтоогоогүй байна.
-Люня гуай амьд ахуйдаа их уран хүн байсан гэсэн. Зээгт наамал урладаг байсан гэл үү?
-Бага байхад нь эцэг, эх нь сургуульд сургаагүй юм гэсэн. Охид нь гэртээ үлдэж юм оёж, хоол унд хийдэг, хөвгүүд нь сургуульд явдаг байсан үе шүү дээ. Буурай ээж дээрээ хоёр ахтай. Ах нарыгаа дагаад сургууль руу явж хэд гурван багшаас нь юм сонссоор байгаад бичиг үсэг тайлагдсан юм билээ. Өвөөтэй суусны дараа тэр хоёр цалингаа буух болгонд ном худалдаж авдаг байсан. Одоо тэр нь манайд том номын сан болоод байж байна. Буурай ээж өвөөг дагаж ном их уншдаг болсон. Суусан газраасаа шороо атгадаг, учирсан хүнээсээ эрдэм ном суралцдаг тийм л хүн байж дээ гэж боддог. Буурай ээж маань өвөөг дагаад урлахуйн ухаанд суралцсан. Зээгт наамлын эх зургийг өвөө зурж, буурай ээж зургийнх нь дагуу торгоор зээгт наамал хийдэг байсан. XIX зууны зээгт наамлыг үргэлжлүүлж социализмын үед үндэснийхээ урлалыг авч явж байсан ийм хүн байсан даа.
-Хэдэн онд гэр бүл болсон юм бол?
-Яг оныг нь санахгүй байна. Гэхдээ буурай ээж их л залуухан байхдаа өвөөтэй байхдаа суусан гэдэг. Өвөө маань 15 насаар ах байсан. Буурай эмээ маань залуухан хөөрхөн орос охин байсан гэдэг.
-Ядамсүрэн, Люня гэдэг хүмүүсийн үр сад бүгдээрээ зураач уу?
-Тэд маань гурван хүүхэдтэй. Том нь ардын зураач Үржнээ гэдэг хүн байсан. Зайсангийн хөшөө, Гадаад хэргийн яаман дахь Чингис хааны чулуун шигтгэмлийг хийсэн хүн. Дундах нь Заяа гэж хүн бий. Залуудаа орос хэлний багш байсан. Бас л зураач хүн. Хамгийн бага нь Туяа гэдэг зураач бүсгүй байсан. Дунд охин Заяагийнх нь охин нь манай ээж юм. Ядамсүрэн гуай ээжийн өвөө нь гэсэн үг. Ээж маань Ядамсүрэн гуайн гэрт өссөн учраас Ядамсүрэнгийн Булган гэж өвөөгөөрөө овоглодог юм.
-Я.Булган Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан Дүрслэх урлагийн “Амина” сургуулийн захирал, зураач хүн. Нэг ярилцлагад “Намайг бага байхад өвөө маань Гандан маш сайхан шашны газар, энд гар урлалын газар байгуулах юм сан гэж чихэнд хоногштол ярьдаг байсан” гэснийг уншиж байсан юм байна. Ээжийнхээ энэ үйл хэргийн талаар ярихгүй юу?
-Манай ээж их өвөрмөц дотоод ертөнцтэй хүн л дээ. Нийгмийн салхины аясаар явж үзээгүй. Үргэлж өөрийнхөөрөө байдаг. Гурван хүүхдээ өсгөхийн хажуугаар шантралгүй урлагийн хатуу замаар явж ирсэн. Ямар ч хэцүү зүйл тохиолдсон бууж өгөлгүй, дайчин байж чаддагаар нь би бахархдаг. Миний үлгэр дуурайл болсон эмэгтэй. 1994 онд “Анима” сургуулийг нээсэн. Анима гэдэг нь сэтгэл гэсэн утгатай латин үг. Ээж минь хүнд эд хөрөнгө, эрх мэдэл хэрэгтэй ч гэлээ сэтгэл нэгдүгээрт байх ёстой, ингэж чадвал аз жаргал ирнэ гэсэн философиор амьдардаг. Бага байхаас эхлээд биднийг байгалиа хайрла, өнчин хүүхдэд тусал гэж сургаж ирсэн. Тэр ч байтугай гудамжны хүүхдийг гэртээ авч ирээд, усанд оруулаад, хооллож ундалж байсан удаатай. Загас өгөхөөсөө илүү загас барих аргыг нь зааж өг гэдэг. Энэ утгаараа аав, ээж хоёр маань нийгмийн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан сургуулиа байгуулсан. Манай сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөнгөлөлттэй тарифаар суралцах боломж олгодог.
-Ээж тань Ү.Ядамсүрэн гуайн талаар сонирхолтой сайхан хууч яриа өрнүүлнэ биз?
-Ээж гэхээсээ илүү Заяа эмээ маань бага байхад сонирхолтой зүйл хуучилдаг байж билээ. Ядамсүрэн өвөөг зургаа зурж эхлэхээр нь Люня эмээ хүүхдүүдээ өрөөнөөс нь хөөгөөд гаргачихдаг байж л дээ. Нэг удаа Заяа эмээ аавынхаа зураг зурж байсан өрөөнийх нь үүдээр өнгөрч. Гэтэл их хурц гэрэл харагджээ. Тэгээд зогтусаад хаалгаар нь шагайж хартал Ядамсүрэн өвөөгийн толгой дээр нь бурхны зураг дээрх шиг гэрэл цацарч байсан гэнэ лээ. Хүмүүс сонсохоороо инээгээд байдаг юм. Эмээгийн хувьд бол энэ явдал их гүн сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Эмээ минь тэр үйл явдлаа дурсахаараа аавыгаа “Их гэгээрсэн хүн байж дээ” гэж ярьж суудаг нь санаанаас гардаггүй юм. Хүүхэд байхдаа энэ яриаг нь олон дахин яриулах дуртай байж билээ. Нээрээ гэрэл цацарч байсан юм уу гээд л шалгаана. Та фото зургийг нь дарчихгүй яасан юм гэхээр эмээ одоогийнх шиг гар утас байх биш дээ гэж хариулдаг байсан. Ийм түүх сонсож өссөн болохоор энгийн хүн биш байжээ гэж хааяа бодогддог. Ингээд ярихаар энэ өвөөгөө гэгээрсэн хүн болгочихоод үр удам нь болохоороо гэгээнтэн нэр зүүх гээд байна гэж бодох вий. Нүгэлтэй бид хэд өвөөгөө гүйцнэ гэж юу байх вэ.
-Я.Заяа эмээгийнхээ тухай яриач?
-Эмээ маань 70 гаруй настай хүн бий. Залуу ахуйдаа зурсан зургуудыг нь харахад их романтик хүн шиг санагддаг. Миний санахын бага байхад зуслан дээр цэцэг, навчийг их уран тансгаар зураад суудаг байсан. Абстракт буюу хийсвэр урлагаар дагнан зурдаг. Зургууд нь яг Пушкиний шүлэг шиг мэдрэгддэг. Өөрөө ч гэсэн Пушкиний шүлгийг их сайхан уншдаг. Ээжийн маань аав Орос Баяраа гэж бас л зураач хүн байсан. Эмээ хойно сурч байхдаа Баяраа өвөөтэй танилцсан гэсэн. Баяраа өвөө Пушкиний шүлгийн эхний хэсгийг уншихад нь эмээ хоёр дахь хэсгийг нь уншаад танилцаж байсан гэж ярьдаг юм.
-Зураач хүн зураач хүнтэй гэр бүл болно гэхээр их л сонин юм. Аав, ээж хоёр тань хоёулаа зураач хүмүүс байдаг. Ингээд бодохоор бурхан цаанаас нь тохируулаад байдаг юм шиг ээ.
-Тохируулна гэснээс их сонин зүйл байдаг юм. Ядамсүрэн өвөө янз бүрийн бүтээл туурвиж байсан. Энэ дунд Монголын сэхээтнүүд, хөдөлмөрч ард түмний хөргүүд олон бий. Хөдөлмөрийн гавьяат зүтгэлтэн, жолооч Самбуу гэдэг хүний хөргийг тухайн үедээ зурсан байдаг. Монхор хамартай хүний хөрөг зураг. Зүгээр л гавьяат хөдөлмөрчний хөрөг л дөө. Тэгсэн явсаар манай ээж аав хоёр гэрлэсэн чинь аавын өвөө нь жолооч Самбуу гуай байж таарсан. Тэгэхээр цаанаасаа байдаг юм шиг. Аав, ээж хоёр маань гал хүмүүс. Өөр өөр ертөнцтэй хүмүүс хоорондоо уусна гэдэг бол бараг боломжгүй. Энэ хоёрын маань хамтын амьдрал хайр дурлалтай, маргаантай, дүрэлзсэн тийм л байсан даа. Аав маань сонгодог зураач хүн ямар байх ёстой тийм л хүн. Нэг талаас их үндсэрхэг үзэлтэй, нөгөө талаас анархист буюу өөрийнхөө эрх чөлөөг дээдэлсэн үзэлтэй.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Ямар ч хамаагүй аргаар олон нийтэд урлагийн тухай анхан шатны боловсрол олгохыг зорьдог. Үүндээ зориулаад олон төрлийн ажил хийж байгаа. Үүнээс гадна Монголын уран зургийн салбарыг судлахыг хүсдэг. Монголд авьяаслаг, гайхалтай зураач олон бий. Тэдгээрийн бүтээлийг судлаад, дэлхийд таниулах мөрөөдлийг дотроо тээж явдаг.
Э.ЯНЖМАА