Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Н.Сүрэнчулуунтай ярилцлаа. Түүний эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хичээл зүтгэлийг үнэлж “Алтан гадас” одонгоор шагнажээ.
-Та аль нутагт төрж өссөн хүн бэ. Эмч мэргэжлийг хэрхэн эзэмшиж байсан талаар ярилцлагаа эхэлье?
– Монгол орны үзэсгэлэнт байгальтай газруудын нэг Дундговь аймагт төрж өссөн. Тэндээ 10 жилийн сургуулиа дүүргэж байлаа. Ажил амьдралын гараагаа ч төрсөн нутгаасаа эхлүүлж байсан.
-Эмч гэх хариуцлагатай мэргэжил рүү таныг хэн хөтөлж оруулж байв. Хүүхэд байхдаа эмч болохыг мөрөөдөж байв уу?
-Эмч гэдэг бол өөрийн тань хэлснээр бахархалтайн хажуугаар нь өндөр хариуцлагатай сайхан мэргэжил шүү. 10 жилийн хүүхэд байхад ямар нэгэн мэргэжлийн гоё сайхныг харж мөрөөддөг шүү дээ. Би эмч хүн гэдэг маш хүндэтгэлтэй бусдад сайхан харагддаг, буянтай мэргэжил учраас л үүнийг сонгосон. Миний бага байхад гэр бүлийнхний минь бие чилээрхэхэд эмч, сувилагч нар ирж анагаадаг байсан учраас энэ мэргэжилд илүү татагдсан байх гэж өөрийгөө санадаг юм. Хэн нэгэн хөтөлсөн гэхээс илүү өөрөө гоё сайханд нь татагдсан хэрэг.
-Эмч мэргэжлийг эзэмшихэд амар байгаагүй болов уу. Таны үед энэ салбарын мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэж байв?
-Эрүүл мэндийн чиглэлийн сургуулийн оюутнууд өглөө лекцэд суугаад залгуулаад үдээс хойш практик, дадлагын хичээлдээ ордог. Хүний амь настай холбоотой мэргэжилтэн бэлтгэж байгаа учраас багш нар нь ч хариуцлагатай ханддаг байсан. Бусад мэргэжлийн сургуулиудтай харьцуулахад анагаахын сургуулиуд практик дээр суурилдгаараа онцлог. Бидний үед ч тийм байсан. Одоо ч хэвээрээ. Харин оюутнууд нь цаг үеэ дагаад технологи, хэлний мэдлэг илүү болсон байх . Бид багш нарынхаа лекцийг нэг бүрчлэн гараараа бичиж тэмдэглэдэг байлаа шүү дээ. Өнөөдөр хүүхдүүд гар утсаараа лекцийг бичлэг хийх, файлаар авдаг болсон. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, цаг хугацаа хожиж байгаа давуу тал юм даа. Гэхдээ миний оюутан байхад багшийн лекц гүйцэд тэмдэглэж авахад толгойд илүү үлддэг байсан. Тийм ч учраас тэр үед чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэж гаргасан юм шиг санагддаг.
-Жаргалант тосгоны эмнэлэгт хэдэн оноос ажиллаж эхэлсэн бэ?
-Би сургуулиа төгсөөд Дундговь аймагт ажиллаж байгаад 2004 онд Сонгино хайрхан дүүргийн Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвд дотрын эмчээр ажиллахаар ирсэн. Хүн ам цөөнтэй, дээр үеийн хөдөөний сумын бороо дусдаг барилгатай эмнэлэг шиг л орчин намайг угтаж байсан. Иргэд нь ийм орчинд хэвтэж эмчлүүлэхээс цааргалдаг байж билээ.
-Жаргалант тосгоны эмнэлгийн барилгыг шинэчлэхэд их хичээл зүтгэл гаргасан гэсэн. Тухайн орчинд ажиллахад хүндрэлтэй байсан хэрэг үү?
-Хэцүү байсан л даа. Бүр хүндэрсэн өвчтөнүүд л ирнэ. Иргэд нь ямар нэгэн өвчнөөс сэргийлж эмнэлэгтээ очиж шиэжилгээ өгөх ховор байсан. Улмаар хөөцөлдөж тус орон нутгийн удирдлагуудын тусламж дэмжлэгтэйгээр шинэ эмнэлэг бариулж байсан даа. Өнөөдөр тэр эмнэлэг маань хэвтэн эмчлүүлэх 15 ортой стационарийн хэсэг, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх амбулаторийн хэсэгтэй, 361-н гарамд салбар эмнэлэгтэй, хороо тосгоны 10000-аад иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ба эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлээд явж байна. Мөн жилд дунджаар 500-550 хүнд стационарийн үйлчилгээ, 17000-20000 хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ 120-140 хүүхдэд 540-550 удаагийн дархлаажуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Эмнэлэгт нэн тэргүүнд шаардлагатай байсан сургалтын кабинет, лабораторийн өрөө, бариа засал, физик эмчилгээний өрөө, ажиллагсдын алжаал тайлах өрөө зэргийг байгуулан үйл ажиллагааг нь жигдрүүлэн эмчилгээ үйлчилгээндээ ашиглаж байна.
-Жаргалант тосгоны ахмад настнууд эрүүл мэндийн төвийнхөө үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг юм билээ. Өндөр настнуудад хэр их анхаарал халамж тавьж ажилладаг вэ?
-Манай эмнэлэг тосгоныхоо 750-800 хүнд алсын ба ойрын дуудлагын үйлчилгээ үзүүлж сар бүр хөдөө багаар тойрч өндөр настан болон 0-5 насны хүүхэд жирэмсэн эхчүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж хяналтад авах үйлчилгээ үзүүлж хэвшсэн. Ахмад настнуудад шаардлагатай тохиолдолд сувилагч гаргаж үйлчлүүлдэг. Хүүхэд, хөгшид, бие давхар эхчүүд өвчлөлд өртөх магадлалтай байдаг учраас илүү анхаарч ажилладаг.
-Танай орон нутагт ямар өвчлөл элбэг байна вэ?
-Улирлаа дагаад тохиолдож байгаа өвчлөлүүд өөр өөр л дөө. Халуун дулааны улиралд бага насны хүүхдүүд гэдэсний халдварт өвчин тусах нь олон. Харин хүйтний улиралд ханиад, томуу тусах гээд байдаг. Мөн иргэдийн дунд дотор эрхтэн элэг, цөс, ходоодны өвчлөл сүүлийнүед нэмэгдэх хандлагатай байгаа.
-Энэ төрлийн өвчлөлөөс сэргийлэх талаар ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Энэ бүхнээс сэргийлж хөдөө багаар тойрч айл өрхүүдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч байгаа. Иргэд бага насны хүүхдийг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд ариун цэвэр сайн сахиж, эрүүл хоол хүнс хэрэглэх нь чухал. Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийж гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл газраас авах хэрэгтэй. Өргөн хэрэглэдэг өндөг, хиам, зайдас, зууш зэрэг түргэн гэмтэх хоол хүнсийг хөргүүргүй нөхцөлд борлуулж байвал худалдаж авахаас татгалзах нь зүйтэй. Энэ мэт энгийн зүйлсийг мөрдөхөд гэдэсний халдварт өвчинд өртөхгүй байх боломжтой.
-Цаашид ямар зорилго тавьж үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, эмнэлгийн ирээдүйн зорилго, зорилтыг тодорхойлж, хэтийн төлөвлөгөө гарган үе шаттайгаар шийдвэрлэж, магадлан итгэмжлэлээ дөрвөн жилийн хугацаатайгаар авч ажиллаж байна.
-Хүн эмчлэхэд авьяас чухал уу. Аль эсвэл мэдлэг, туршлага чухал байдаг юм болов уу. Хүмүүс тэр гуай үнэхээр авьяастай эмч гэж ярьдаг шүү дээ?
-Аль аль нь байх ёстой л доо. Эмч хүн зөвхөн авьяастай байгаад мэдлэг байхгүй бол яах билээ. Энэ мэргэжлийн хүнд хувийн зан чанар, туршлага гэдэг үнэхээр чухал. Эмчлүүлж буй иргэд өвчнөөсөө болж солиорох, ухаанаа алдах, элдэв буруу зөрүү ярих гээд өчнөөн зүйл болно шүү дээ. Тэр болгонд эмч хүн нуруутай байж мэдэрч, тохирсон зөвлөгөө өгч, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж байх хэрэгтэй. Эмч хүн мэдрэмжтэй байх шаардлагатай.