Categories
мэдээ нийгэм

​О.Баасанхүү: Өртэй байж эдийн засаг сайжирч байна, цалин нэмнэ гэж худлаа ярих хэрэггүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн баасан гаригт Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирлыг хулгайлсан үйл явдал болж, нийгэм дээр дооргүй л шуугилаа. Та уг үйл явдлыг хуульч хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Хулгайлагдсан уу, үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Намайг Эрдэнэт рүү тойрог руугаа явж байхад нийгмийн сүлжээгээр Монгол талын захирал нь шууд бичлэг хийж, болж буй үйл явдлын талаар мэдээлж байсан. Тэр хүн “Манай нөгөө талын захирлыг үл таних хүмүүс хулгайлчихлаа. Түүнийг Турк руу авч явах гэж байгаа юм шиг байна” гэсэн асуудлыг ярьж байна лээ. Би энэ үйл явдлыг үзээд өөрийн фэйсбүүк хуудаснаа нэг зүйлийг жиргэсэн. Тэр нь “Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн хулгайлах эсвэл гүйцэтгэх ажил хийгдэх нь буруу. Хэрэв хууль зөрчин хүн хулгайлсан гэх асуудал үнэн болж тогтоогдвол энэ Засгийн газар, ийм Хууль зүйн сайд байгаад ч яах юм” гэдэг асуудлыг жиргэсэн. Үнэхээр уг асуудал шалгагдаад үнэн байх юм бол Хууль зүйн сайд, түүнийг өмөөрөх Засгийн газрыг огцруулахын төлөө явна. Хулгайлагдсан нь тогтоогдвол манай улс тусгаар тогтнолоо алдсаны илрэл юм. Одоогийн байдлаар уг асуудал үнэн үү, худлаа юу гэдэг талаар мэдээлэл надад алга.

-Туркийн иргэнийг хулгайлсныг тус улсад болоод буй улс төрийн үйл явдалтай холбон тайлбарлах хүмүүс байна. Та хуульч, улстөрчийнхөө хувьд юу гэж үзэж байна?

-Улстөрчийнхөө хувьд туркийн иргэн хулгайлагдсан уу, үгүй юу гэдгээс илүү тус улстай холбоотой нэг бодол байдаг. Туркт өнөөдөр иргэний дайн гэх үү эсвэл шашин хоорондын зөрчилдөөн гэх үйл явдал болж байгаа. Ийм цаг үед бид нэн даруй визний асуудлыг ярих хэрэгтэй. Цаашид дүрвэгсэд нэртэй хүмүүс орж ирэн манай улсыг ашиглаж, өөрсдийнхөө зөрчлийн нэг бай болгохыг үгүйсгэхгүй. Мөн Туркаар дамжаад лалын янз бүрийн хэт үндсэрхэг шашны урсгал ороод ирвэл яах вэ. Тиймээс манайх шиг цөөн хүн амтай улс саяын үйл явдлаас сургамж авч нэн яаралтай визтэй болох шаардлагатай.

-Ерөнхийлөгч ээлжит бус чуулганыг товлон хуралдуулах шаардлагаа УИХ-ын даргад хүргүүлсэн. Таны хувьд ээлжит бус чуулган зарлах шаардлагатай гэж үзэж байна уу?

-Ээлжит бус чуулган зарлах нь хуулиар бүрэн нээлттэй асуудал. Гэхдээ хэнд ч хэрэггүй, хоёрын хооронд сэдвээр зарлан хуралдуулах хэрэггүй юм. Өөрөөр хэлбэл ээлжит бус чуулган зарлах гэж байгаа бол жижиг сэдвийг битгий оруулж ирээч ээ л гэж хэлмээр байна. Жижиг сэдвээ ярьж болно. Гэхдээ хажуугаар нь бусад асуудлаа давхар хэлэлц л дээ. Жаран тэрбум гэж хоорондоо ярьсан л байгаа биз. Ганц хүний асуудлыг битгий яриач л гэж байгаа юм. Энэ бол ганц өдрийн л яриа болно шүү дээ. Үүнээс илүү Монгол Улсын тусгаар тогтнол, эрх ашиг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой олон асуудал байна. Энэ бүгдийг ярья л даа.

-Тухайлбал ямар асуудлууд байна?

-Таван толгой, Оюу толгойгоо яриач. Оюу толгойн асуудлаар ажлын хэсэг гарлаа л гэнэ. Би саяхан дэд ажлын хэсгийг ахалсан. Дүгнэлтээ гаргаж өгсөн. Энэ талаар яриач. Гэтэл ярьдаггүй. Гаднынхны гар хөл болчихсон юм уу эсвэл ярихыг хүсдэггүй юм уу. Харин тэд зурагтаар их сайхан зүйл ярьдаг. Гэрээг сайн байгуулсан уу, муу байгуулсан уу гэдэг нь нэгдүгээр асуудал байх. Байгуулсныхаа дараа тус гэрээг зүйл заалтаар нь дагаж, мөрдсөн үү гэдэг бас нэг асуудал. Тэгэхээр энэ асуудлаа хэлэлцээд тус гэрээ Монгол Улсад хохирол учруулж байгаа бол цааш нь явуулаад байх шаардлагагүй. Ийм асуудлуудыг хэлэлцэнэ үү гэхээс хоёр хэрээ нэг нэгнийхээ харыг гайхна гэдэг шиг Х.Энхжаргалыг 100 хувь ажиллаж чадахгүй байна гэж яриад дэмий. Түүнийг авч хаяад оронд нь гарч ирсэн хүн бүрэн гүйцэд ажиллах уу. Адилхан л ажиллана шүү дээ. Тэгэхээр том зүйл ярих гэж байгаа бол ээлжит бус чуулганаа хуралдуул. Харин ганц, хоёр хүн ярих гэж байгаа бол хэдэн сар хүлээнэ л биз. Ядаж багш нар эсвэл эмч нарын цалинг нэмэх асуудлаар ээлжит бус чуулган хуралдаж болно.

-Цалин гэснээс ОУВС-гийнхан манай улсад ажиллаж байгаа. Энэ удаад тус сангийнхантай цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар тухайлан ярилцана гэж байна. Нөгөө талаараа цалин нэмэх асуудлыг ОУВС-тай ярилцаж, тэднээс асуух ёстой юм уу гэдэг асуудлыг иргэд шүүмжилж байна. Энэ асуудлаар таны байр суурь ямар байгаа вэ?

-ОУВС-нд яагаад орсон бэ гэдгээ эхлээд ярих учиртай. Тэдний хүсэлтээр бид тус санд ороогүй. Харин бидний хүсэлтээр тэд тус сандаа оруулсан. Нөгөөтэйгүүр ОУВС бидэнд мөнгө өгч байгаа. Тэд өгсөн мөнгөө буцааж авахын тулд төлөвлөгөө, график тооцооллоо гаргаж хоёр талдаа ярилцаад баталдаг. Тиймээс тус санд бид орохоос өөр аргагүй байдалд хүрсэн үү гэдгээ ярих хэрэгтэй. 2012-2016 онд Н.Энхбаяр гэх хүн өөрийнхөө үзэмжээр сайдуудаа тавиулдаг байсан. Нөгөө талд нь Ардчилсан нам дотроо хөлөө жийлцэж, Н.Алтанхуягаа унагааж, Ч.Сайханбилэгийг гаргаж ирсэн. Тэр үед манай улсын эдийн засаг шалдаа унасан, мөнгө хүүлэлт дээд цэгтээ хүрчихсэн, зээлжих зэрэглэл буурчихсан, улс орнууд манай улсад зээл өгөхгүй гэсэн ийм ноцтой нөхцөл байдал бий болчихсон байсан. Тухайн үед би энэхүү нөхцөл байдлыг хараад харамсаж байлаа. Үүнээс болж намтайгаа, намын даргатайгаа ч тэр зөрчилддөг байсан. Өөрөөр хэлбэл, намаа санхүүжүүл гэж хэлээд хүн явуулж болохгүй, сая ам.доллар олж ир гээд намын гишүүдээ дарамталж болохгүй шүү дээ. Жагсаалтаар гарч ирсэн гээд намын төлөө ажилла гэсэн үг биш. Бид Монгол Улсынхаа төлөө ажиллах гэж гарч ирсэн. Гэтэл албан тушаалыг наймаалцал болгочихсон, авлига хэрээсээ хэтэрчихсэн байдал чинь өнөөдөр улсын эдийн засгийг унагаасан. Одоо ч энэ байдал зогсохгүй байна. Тиймээс эдийн засгийн энэ уналт ОУВС-д орохоос өөр боломжгүй болгосон юм.

-Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаа, цалин тэтгэвэр,тэтгэмж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх боломжтой болсон гэдэг асуудлыг ярьж байгаа. Манай улсын эдийн засаг үнэхээр сайжирч байна уу?

-Эдийн засгийн өсөлт сайжирсан гэдэг бол өргүй болсон тухай л асуудал. Өр тавиад эдийн засгаа босгочихож. Нүүрсээ зараад мөнгө олчихлоо. Олсон хэдэн төгрөгөөрөө бид өрөө дарах ёстой биз дээ. Түүнээс биш өртэй байж мөнгө олсон тухай яриад яах юм. Өртэй байж эдийн засаг сайжирч байна, цалин нэмнэ гэж худлаа ярих хэрэггүй. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр хангалттай дарагдаад, төлөгдөөд яваа юм байхгүй. Харин эсрэгээрээ өрийг өрөөр дараад л энэ эдийн засаг чинь явж байна. Эрх баригчид орж ирсэн орлогоо ард түмэнд харуулчихаад эдийн засаг өслөө гэж хуурч байна. Орж ирсэн орлогоосоо зарлагаа хасаад үлдсэн мөнгө буюу ашгаа ард түмэндээ харуулах хэрэгтэй. Тэр ашгаасаа бид хуваарилалт хийх ёстой. Ийм ашгаар цалин, хөлс нэмнэ гэдэг ойлголт байхгүй. Энэ зүгээр л улс төрийн оноо авах гэсэн улстөрчдийн хийрхэл. Ардын нам 65-уулаа. Хоорондоо зодолдохгүйгээр, амбицлахгүйгээр энэ улс орныг өөд нь татаад явах боломж тэдэнд байсан. Харамсалтай нь тэр боломжоо алдсан. Хотын фракц гэж М.Энхболдын дүү нар байна. Зүүний хүчний фракц гэж У.Хүрэлсүх тэргүүтэй хэдэн залуучууд байна. Тэр залуус дунд ганц хоёроор зогсохгүй хулгай бас бий. Эдгээр фракцууд хоорондоо эрх мэдлийн зодоон хийгээд л явж байна. Хэн нь ч хэнийгээ дийлэхгүй. М.Энхболдыг УИХ-ын даргаас нь унагааж чадахгүй. Учир нь хуулиараа тэр хүн өөрөө сайн дураараа татгалзахгүй юм бол хэн ч түүнийг УИХ-ын даргын суудлаас буулгах боломжгүй. Тэглээ ч Ардын нам дотор урвагчид их бий. Манайхан тус намыг 32, 33-ын хоёр бүлэг байна гэж буруу ойлгодог. У.Хүрэлсүхийг тойрсон хэсэг залуус, М.Энхболдыг тойрсон хэсэг хүмүүс. Үүнээс гадна тус хоёр бүлгийн ялсных нь талд орно гэсэн хэсэг хүмүүс бас байна. Тэднийг “Я” намын хүмүүс гэж хэлж болно. Тиймээс хэн нь ч хэнийгээ унагааж чадахгүй.

-Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдах асуудал яригдаж байгаа. Зарим улстөрч уг сонгуулийг болохгүй гэх юм. Зарим нь хуулиараа болох л ёстой гэнэ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Тус сонгуулийг болно, болохгүй гэж үзэмжээрээ яриад хэрэггүй л дээ. Хуулиараа болох ёстой бол болж л таараа. Төр юм бол хөрөнгийг нь гаргах л ёстой. Тэртээ тэргүй хуультай шүү дээ. Бид хуулиа л дагана.

-Ирэх намрын чуулганаар та ямар хуулийн төслүүдийг өргөн барьж, хэлэлцүүлэхээр ажиллаж байна?

-Хаврын чуулган завсарласан энэ өдрүүдэд би гурван хуулийн төсөл дээр сууж байна. Манай Ерөнхийлөгч ахмадуудын тэтгэврийг 500 мянган төгрөг болгох хуулийн төслийг өргөн барина гэж гарч ирсэн. Одоо энэ ажил таг чиг байна. Өөрт нь олон л ахмад санал өгсөн байлгүй. Тэр хүмүүсээ Ерөнхийлөгч маань мартчихсан бололтой. Яагаад өнөөдрийг хүртэл дээрх хуулийн төсөл УИХ-д орж ирэхгүй байгаа юм. Би үүнд харамсаж байна. Тиймээс Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд тус хуулийн төсөл дээр ажиллаж чадахгүй бол би өмнөөс нь хийхээс. Ерөнхийлөгч өр тэглэж чадахгүй юм бол ахмадуудынхаа тэтгэврийн мөнгийг ядаж 500 мянгад хүргэсэн бол аштай юу даа. Ийм хуулийн төслөө оруулж ирэхгүй юм байна. Тиймээс би оруулахаар ажиллаж байна. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн тавдугаар заалт гэж бий. Тэнд “14 насанд хүрсэн охинтой бэлгийн ажил хийсэн бол 350 мянган төгрөгөөр торгоно” гэсэн бузар заалт байна. Уг хуулийн өөрчлөлтийг Нямбаатарыг хийчих юм болов уу гэсэн тэр чадсангүй. Уг нь өөрөө Эрүүгийн хуулийн эцэг болохыг мөрөөддөг хүн л дээ. Тэр утгаараа уг хуулийн төслийг бариад авчих болов уу гэсэн бас худлаа юм байна. Тиймээс дээрх хууль дээр ажиллахаар ажлын хэсэг гаргаад судалж байгаа. Гуравдугаарт, Эрдэнэт хөгжлийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Энэ хуулийн төслийг уг нь эрт гаргаж ирэх байсан боловч 49, 51 гэж хэрэлдээд алга болгосон. Сүүлдээ тус үйлдвэрийг Монгол Улсын иргэн бүрд тарааж өгөх юм ярьсан. Тэгвэл эрдэнэтчүүд яах юм. Тиймээс хөгжлийн сан гаргаад 51, 49 хувиас тус бүрээс нь 100 сая ам.доллар авч, 200 сая ам.долларын сан бүрдүүлж хуримтлал үүсгэнэ. Уг хуримтлалаараа хотын хөгжлийн төлөвлөлтөд зарцуулах хэрэгтэй. Тиймээс дээрх хуулийг зайлшгүй батлуулах шаардлагатай байгаа юм. Үүнээс гадна 60 тэрбум гэж яриад байгаа зүйлийг анх эхлүүлснээс нь эхлээд үндсээр нь байхгүй болгохын тулд Монгол Улсын Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй.

-Үндсэн хуульдаа яг ямар өөрчлөлт оруулбал энэ хууль бус зүйл зогсоно гэж үзэж байгаа юм бэ?

-Ердөө гуравхан заалтыг нэн яаралтай өөрчлөөч гэж гуйж байгаа. Нэгд, төрийн албыг улс төрөөс хараат бус болгоё. Ингэснээрээ тухайн хүн ажилласан жил, туршлага, ур чадвар, мэдлэг боловсролынхоо хүчээр дээшээ дэвшинэ. Харин өчүүхэн төдий л улс төрийн намыг дэмжин ажиллавал тэр хүнийг төрийн албанаас чөлөөлнө. Бүр дахиж төрд ажиллахгүй болно. Ингэж цэвэрлэгээ хийх ёстой. Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоогоо нэг болгох шаардлагатай байна. Найман удаа сонгууль болоход сонгуулийн тухай хуульд найман удаа өөрчлөлт оруулсан байгаа юм. Ерөөсөө ялсан намын зохиосон дүрмээр л өдийг хүртэл явж ирлээ. Одоо үүнийгээ больё. Гуравдугаарт нь дагуул хот байгуулъя гэж. Бидэнд 300 мянган хүнтэй хот хэрэгтэй байна. Үндсэн хуульд ийм л гурван заалтыг нэн яаралтай оруулж өгөх шаардлагатай байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *