Өнөөдөр буюу 2018 оны 07-р сарын 27-ны өдөр Турк сургуулийн Монгол талын захирал Б.Ганбат дараах мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “Монгол улсад тасралтгүй 24 жил үйл ажиллагаа явуулсан Монгол Туркийн хамтарсан сургуулийн Veysel Akcay захирлыг “үл таних” хүмүүс өнөөдөр өглөө 09 цагийн үед гэрийн гаднаас нь хулгайлсан” тухай мэдээллээ.
Энэ талаар тус сургуулийнхнаас тодруулахад “Түүнийг нисэх онгоцонд суулган авч явах гэж байна. Үүнийг эсэргүүцэн бид Буянт-Ухаа нисэх онгоцны буудал руу хүмүүсийг уриалж байна” гэв.
Гадаадын иргэн, харьяатын газраас “Вейсел Акчай гэх иргэн нь Монгол Улсад суурьшсан анхдагч туркуудын нэг. Монголд амьдарч байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргаж байгаагүй. Хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сард Монгол Улсын хилээр орж ирснээс хойш гараагүй байгаа. 2019 оны аравдугаар сар хүртэл оршин суух зөвшөөрөлтэй байна” гэв.
Энэ үйл явдлын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Бид тусгаар тогтносон улс. Хэн дуртай нь эх оронд минь дураараа ирж гүйцэтгэх ажил хийн, хүн хулгайлж болно гэж үү” хэмээн жиргэжээ.