Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр 2018 оны 7 дугаар сарын 23-30-ны хооронд ихэнх нутгаар бороо хуртай, зарим газраар усархаг аадар бороо орж, 26-28-ны өдрүүдэд зарим нутгаар сэрүүсэх төлөвтэй байгаа тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, дараах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Хүнс, хөдөө аж ахуйн газруудад анхааруулж, зөвлөмж хүргүүлж байна. Үүнд,
- Энэ сарын 27-29-ны өдрүүдэд нийт нутгаар түр зуурын дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас хамгаалах арга хэмжээ яаралтай авч, сонор сэрэмжтэй байх
- Аймаг, нийслэл, орон нутгийн малчид, тариаланчид, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үер, усны болзошгүй эрсдэл, аюулаас сэргийлэх анхааруулга, зөвлөмж өгч, малчид, мал бүхий иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хянах, тариалангийн талбайг хамгаалах арга хэмжээ зохион байгуулах
- Хур бороо, үерийн уснаас хамгаалах богино хугацааны тандалт, судалгаа явуулж, үерийн усны гольдролыг өөрчлөн, газар тариалангийн талбай, бэлчээрийг усжуулах арга хэмжээ авч, энэ жилд орон нутгийн байгууллага, иргэдийг дайчлан ажиллах
- Ирэх 8 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 хэмээр халах төлөвтэй байгаа тул мал аж ахуй, газар тариаланг усаар хангах ажлыг төлөвлөн зохион байгуулж, түр зуурын аадар бороо, үер усны аюул, эрсдэлийг тооцоолон, бэлэн байдлыг хангаж ажиллах
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ