Categories
мэдээ нийгэм

Хүрээ ​цам харайх ёслол маргааш болно

Жил бүрийн зуны адаг сарын шинийн есөнд хүрээ цам харайх ёслолыг үйлддэг. Энэхүү ёслол Богд хаант Монгол Улсын үеэс эхлэлтэй ч нэг хэсэг тасарч 2003 оноос сэргээн үйлдэх болжээ. Энэ талаар Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тамгын газрын дарга Ц.Алтанхүүгээс тодрууллаа.

-Хүрээ цамын ёслол хэзээ эхлэх вэ?

-Маргааш буюу билгийн тооллын шинийн есөн, аргын тооллын долдугаар сарын 21-ний 13 цагт Зүүн хүрээ Дашчойлон хийдийн хашаанд болно.

-Хүрээ цам харайх ёслол гэж юу вэ?

-Цам нь өөрөө нууц тарнийн шашин хөгжсөн газар гардаг номын зан үйл. Зуны адаг сарын шинийн зургаанд лам хуврагууд бүгд дотоод гадаад бэлтгэлээ хийгээд, Цамыг гурван өдөр хурдаг. Үүний дараа гадаа цам буюу хүрээ цам харайх ёслолыг үйлддэг. Мөн сор зална. Энэ зан үйлийг хийснээр хүн ард гурван муу хорлол буюу уур, шунал, мунхагаас хагацаж энх амгалан тайван болох, байгаль дэлхий лус савдагийг баярлуулж, эх дэлхийн амар амгалан, бороо хуртай, тэгш дүүрэн, мал сүрэг өсч, хүн ард амгалан нигүүлсэнгүй байх, сайн сайхны төлөө үйлддэг ёслол юм.

-Сүсэгтэн олон Хүрээ цам харайх ёслолд даган баясахдаа ямар нэгэн өргөл барьц бэлдэж авчрах уу?

-Манай хийдэд даган сүсэглэдэг, сүсэгтэн олон энэ зан үйлийг сайн мэддэг. Хэзээ болох гээд өөрсдийн зурхайн номоосоо хараад мэдчихсэн, хүрээд ирдэг. Ямар нэгэн өргөл барьц авч ирэх шаардлагагүй. Сүсэгтэн олон өөрсдөө ирж, сайн сайхан бүхнээ бодон дотроо залбирч, гурван муу хорлолоос өөрийгөө амирлуулж, даган баясахад болно.

-Лам хуврагууд энэ ёслолдоо яаж оролцдог вэ?

-Зуны адаг сарын шинийн зургааны орой хувцас хэрэглэл, баг, балин тахил, номын эд зүйлсээ бүгдийг нь адислаад бэлтгэлээ хангадаг. Ингээд гурван өдөр номоо хурж, сүүлийн өдөр хүрээ цам харайдаг. Энэ бол нууц тарнийн ёслолын номын зан үйл. Ард иргэд чөлөөтэй ирж даган баясах нь нээлттэй байдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *