Түрээсийн дугуйн үйлчилгээ нь автомашины түгжрэл, агаарын бохирдлын эсрэг хийх үр дүнтэй алхам төдийгүй иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн бодит ажил болох нь дэлхийн олон хотын туршлагаар батлагдсаар байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 600 гаруй хотод түрээсийн дугуйн үйлчилгээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү хямд, ухаалаг тээврийн хэрэгсэл их хотын иргэдийн үйлчлүүлэх дуртай тээврийн хэрэгсэл болсоор байгаа юм.
Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны гуравдугаар сард “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд түрээсийн дугуйн “UBIKE” төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Ubike” төслийн сонгон шалгаруулалтын дүн гарч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг зарласан.
Төслийн сонгон шалгаруулалтад “Никель ганбаа” ХХК, “Петровис” ХХК, Хас банктай хамтарсан консерциум ялалт байгуулж, Улаанбаатар хотын Түрээсийн дугуйн “UBIKE” төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан юм.
Өнгөрсөн баасан гаригт “Дугуйн зам” дэд хөтөлбөрийн хүрээнд “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох “UB Bike” төслийнхөн түрээсийн дугуйн үйлчилгээгээ нэвтрүүлээд эхэллээ. Тэд төслийн дугуйнуудаа үйлдвэрлэж дуусчээ. Энэ онд 43 байршилд 500 ширхэг дугуйг түрээсийн үйлчилгээнд гаргах юм. Цаашид 2020 он гэхэд 150 зогсоол, 2000 унадаг дугуйтай болох юм. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Энэ сарын 6-наас эхлэн түрээсийн унадаг дугуйнуудыг найман зогсоолд байршуулсан. Иргэд түрээсийн дугуй үйлчилгээг ашиглах боломжтой болж байгаа. Ирэх даваа гаригт албан ёсны нээлтийн ажиллагааг зохион байгуулна” гэв.
Энэ жилийн хувьд түрээсийн дугуй үйлчилгээний хамрах хүрээ нь баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой хойшоо их тойруугийн дотор байхаар төлөвлөгөөнд тусгагджээ.
Түрээсийн дугуйн үйлчилгээний үнийн хувьд нэг цагийн хөлсийг 1000 төгрөг, хоёр цаг нь 1500 төгрөг, гурван цаг нь 2000 төгрөг байхаар тооцсон байна. Хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогдох гэнэ. Унадаг дугуйн түрээсийн төлбөрийг төлөхөд төлбөр тооцооны ухаалаг шийдлийг ашиглаж, “UBIKE” аппликэйшн нэвтрүүлж эхэлжээ.
Анх бүртгүүлэхдээ 10 мянган төгрөгийн хураамж төлөх бөгөөд дансаа цэнэглэснээр таны дугуй унах эрх нээгдэх юм. Ингэснээр өөрт ойрхон зогсоолоос өөрийн сонгож авсан дугуйны QR кодыг уншуулж дугуйны түгжээг тайлна. Дугуйг зөвхөн хамрах хүрээн дотор зогсоолоос зогсоолын хооронд унах аж.