Categories
мэдээ цаг-үе

Академич Ц.БААТАР: Эрдэмтэн бидний судалгаа дэлхийн шинэ нээлтийг гаргахад хувь нэмрээ оруулдаг

Шинжлэх ухааны академийн физик, технологийн хүрээлэнгийн Их энергийн физикийн лабораторийн эрхлэгч, академич, физикийн шинжлэх ухааны доктор Ц.Баатартай ярилцлаа.


-Та хэрхэн эрдэм шинжилгээний ажилтан болж байв?

-Би Увс аймгийн Цагаанхайрхан суманд 1945 онд төрсөн хүн. МУИС-ийн физикийн ангийг дүүргээд Цэргийн ерөнхий дээд сургуульд багшаар жил гаруй ажиллаад Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэндээ эрдэм шинжилгээний залуу ажилтнаар орсон. Ингээд ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний лиценз төвд зургаан жил суралцаж дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Амьдралын талхаа олж идэх гол мэдлэгээ энэ газраас авсан. Мөн суурь судалгаа хийх суурь маань болсон. ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт манай улстай олон жилийн хамтын ажиллагаатай явж ирсэн. Цөмийн энергийн суурь судалгаа явуулдаг тус институт гишүүн орнуудын олон улсын Засгийн газар хоорондын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага. Надаас гадна манай улсын цөмийн физикийн чиглэлийн 200 гаруй хүнийг бэлдсэн газар. Би ШУА-д буцаж ирж ажиллахдаа Физик техно-логийн хүрээлэнгийн захирлаар ажилласан. 1990 онд Цөмийн физикийн суурь судалгааны чиглэлээр шинжлэх ухааны доктор цолоо хамгаалсан. Үүний дараа ШУА-ийн жинхэнэ гишүүн болоод ёстой магнай хагартлаа их баярлаж байсан юмдаг. Энэ жил манай улсаас Дубнагийн Эрдмийн зөвлөлийн гишүүнд хоёр хүн томилогдсоны нэг нь би. Тиймээс эрдмийн зөвлөлийн гишүүнээр тэнд ажиллахаар болж байна. Одоо би нас нас 70 гарсан ч академидаа ажиллаж буй нь өөрийн сурсан мэдлэг, туршлагаа залуучууддаа сургаж, зөвлөчих санаатай.

-Гадны нэр хүндтэй хэвлэлд нийтлэл олныг хэвлүүлсэн, таны эшлэл үг олон байдаг гэж сонссон. Таны судалгааны гол цөм суурь юу байв. Нээлт, бүтээлүүдээсээ танилцуулахгүй юу?

-Өнгөрсөн 2006 онд Хамбург хот дахь Цөмийн судалгааны төв (DESY)-тэй холбоо тогтоож үүнээс хойш өнөөдрийг хүртэл урт богино хугацааны томилолтоор ажиллаж байна. Анх доктор Р.Тогоо, Б.Хүрэлбаатар бид гурав нэг групп болж ажиллаж байлаа. Бид олон улсын эрдэмтэдтэй хамтран харилцан үйлчлэлийн системийн энерги, энергитэй электрон протоны мөргөлдөөнөөр үүссэн саармаг гаж бөөмсийн шинж чанарыг судалсан. Мөн тэдгээр бөөмсийн хөндлөн огтлол, тэгш хэмт биш чанар, тэдгээрийн харьцааг дамжуулалтын импульсын 100ГэВ2 -аас бага утганд бусад туршлагаар гарсан үр дүнтэй харьцуулаад, хүчтэй харилцан үйлчлэлийн гол онол болох квант хромодинамикийн дээд эрэмбийн засварыг тооцоолсон ЖАНГО (DJAN­GON) онолыг загвараар сайн тодорхойлогдож буйг илрүүлсэн гэх мэт олон ажлуудыг нэрлэж болно. Миний үндсэн судалгаа болох Их энергитэй адрон, цөмийн үйлчлэлээр олон бөөмс үүсэх процессийн судалгааны хүрээнд олон нийтлэл бичжээ. “DESY” байгууллага нь дэлхийн материйн бүтцийг болон эгэл бөөмийн хэсгийг судалдаг тэргүүлэх байгууллага. 40 гаруй жилийн хугацаанд 140 орчим бүтээл гаргаснаас дийлэнх нь гадаадын хэвлэлд нийтлэгдсэн. Эшлэлийн тоо 600 гаруй давсан байна. Гадны ертөнцөд эрдэмтдийн нэг ишлэл гэдэг судалгааны суурь төдийгүй нэр хүндийн, эрдмийн ажлын баталгааны нэг болж өгдөг эд. Ер нь эрдмийн суурь судалгаа явуулж байгаа хүмүүс чинь хамгийн “тэнэг” хүмүүс. Яагаад вэ гэвэл, судалж, нотолж, эргэлзэж, баталж байн бүтээлээ гадны болоод дотоодын хэвлэлд нийтлүүлчихээд түүнийгээ дараад “хэвтээд” байхаас өөр үг байдаггүй. Бид ийм судалгааг гаргалаа гэдгээ олон нийтэд зориулж ярьсан ч тийм амархан ойлгогдож өгдөггүй. Физик, математикийн гүнзгий нарийн ойлголт явдаг учраас бид чинь даруухан байхгүй бол болохгүй ээ. Тиймдээ ч би хэвлэлд бараг ярилцлага өгдөггүй дээ. Дэлхий нийтийн томоохон суурь судалгаа, онолын нээлтүүдийг харахад 50 жил, 100 жил болж байж батлагдаж хүмүүст ойлгогдох хэмжээнд хүрч байна. Тухайлбал, таталцлын харьцангүй онолын хуулийн баталгаа өнгөрсөн онд гарч салбартаа шуугиан тарьсан. 1905 онд Эйнштейны харьцангуйн онол гарсан гэхээр бараг 100 гаруй жилийн хугацаанд онолчид эрэлхийлж судалсаар сая батлагдаж байна.

-Литийн ионы батарейг Монголд анх удаагаа хийсэн. Энэ батарейн давуу тал нь юу байна?

-Миний өөрийн үндсэн суурь судалгааны ажил биш ч Цөмийн физикийн хүрээлэнгийн даргаар ажиллаж байхдаа анхдагч төслийн удирдагчаар ажиллаж байсантай холбогддог юм. Судалгааны ажлын үр дүнд батарей гаргаж авсан. Бидний гаргаж авсан батарей нэлээд сайн ажиллаж байна. Гүйдэл хүчдэлийг нь унагаад дахин сэргээж ашиглах боломж байна. Тийм учраас гарааны компани байгуулаад үйлдвэрлээд эхлэнэ. Товч маягийн батарей юм. Үүнийг гар утас, болон зурагны удирдлага зэрэгт хэрэглэж болно. Гэхдээ хуруу зай биш. Энэ бол литионы хэмээх сүүлийн үед их ашиглагдаж байгаа батарей. Литийн ионы батарейг хийхэд маш их судалгаа гарна. Түүхий эдээ гаргаж авахад маш их судалгаа хийнэ. Бэлэн юм авчраад хийхээр доторх түүхий эдийг мэдэхгүй. Материалаа гаргаж авч байгаа хольц байгаа. Тэрийгээ гаргаж авч ашиглаад батерей хийж байгаа.

-Батарейг нэг муудвал хаячихдаг. Энэ батарейг бол хаяхгүй дахин ашиглах боломжтой юм байна гэж ойлгосон?

-Нэг ашиглаад хаяхгүй. Олон дахин цэнэглээд ашиглах боломжтой. Цэнэглэдэг аппарат гэж байгаа. Түүнд өөрсдөө цэнэглээд ч барьж болно. Цэнэггүй батарей цэнэглэхээр эхлээд улаан асч байгаад сүүлдээ ногоон гэрэл асна. Нарны тусгалаар ажилладаг зайн проекторийн төсөл бидний эхлүүлсэн ажлын нэг. 1990-ээд оны эхээр хөдөөг гэрэлтүүлж байсан. Тухайн үедээ маш гайхалтай явдал болж байлаа. Өмнөговь аймагт нарны зайн хоёр ч томоохон төсөл хэрэгжиж байна. Бидний анхны гаргаж авсан нарны зайн батарей 450 ам.доллар. Сүүлд нь 100 мянган айлын нарны зайн төслийн хүрээнд энэ үнээсээ 30-50 хувь хямдруулсан. Хөдөөний айлууд одоо ч үүнийгээ хэрэглэдэг. Би саяхан нэг хөдөө айлд очсон жижиг телевизтэй, гэрэлтүүлгээ тавьчихсан бараг Улаанбаатараас дутаж байгаа юм алга. Их л сайхан санагдаж байлаа.

-Приус автомашины батарейг Монголдоо үйлдвэрлэвэл эрэлт хэрэгцээ их. Батарей хийж байгаа дээрээ тулгуурлаад автомашины батарей хийх нөөц боломж бий юу?

-Эрэлт хэрэгцээ их гэдэг нь үнэн. Хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа би приус машины үйлдвэртэй очиж танилцаж байлаа. Үүний технологийг хийх амаргүй. Гэхдээ манай хүрээлэнгийн Сэвжидсүрэн гэдэг залуу суурь судалгаа хийж эхэлсэн байна лээ. Гол нь энэ технологийг Монголдоо нэвтрүүлэхэд маш их хөрөнгө хэрэгтэй.

-Батарей хийх технологи нь тийм үнэтэй байдаг юм уу. Яг юундаа үнэ нь байна?

-Эхлээд хүнээ бэлдээд, дараа нь технологийг нь эзэмшчихвэл болохгүй ч юм биш. Мөн суурь судалгааг маш сайн хийх хэрэгтэй.

-Дан ганц автомашины батарей биш гар утас, камер, компьютер зэрэг эрэлт хэрэгцээ ихтэй батарейг хийх боломж бололцоо хэр байгаа бол?

-Гадаадаас авахын оронд Монголдоо хийх юмсан гэж ярьдаг л даа. Үнэндээ эдгээрийг хийхэд ордог нарийн технологи гэж бий. Технологийг нь өөрсдөө эзэмшиж чадахгүй байвал, эзэмшээд мэддэг болсон хүмүүстэй засаг төр гэрээ хийгээд шуударвал болохгүй ч юм байхгүй. Түүнээс биш хүрээлэнгийн хэмжээнд эрдэмтэд дан ганц судалгаагаараа хийчих ч асуудал биш л дээ. Шинжлэх ухааны нээлт, амжилтын суурь нь судалгаа, урт хугацааны хөгжлийн цогц бодлоготойгоор байж хийгддэг. Манай улсын хувьд эрдэмтдээ дэмжихэд хөрөнгө оруулалт хийдэггүй. Урт хугацааны судалгааг эцсийн бүтээгдэхүүн болтол нь дэмждэггүй.

-Манай улс ураны тодорхой хэмжээний нөөцтэй. Үүн дээрээ түшиглэж ямар боломжийг ашиглах ёстой гэж та харж байна вэ?

-Манайд цахилгаан үйлдвэрлэж байгаа гол үүсвэр нь нүүрс түлдэг станц л байна. Аймгуудад нүүрс ашигласан өнөө л цахилгаан станцаа нэмж барина гэж байна. Энэ нь буруу. Нүүрснээс гарч байгаа хүлэмжийн хий болох хар утаа дээр очоод хар давхарга үүсгэдэг. Нарнаас ирж буй гэрэл сарниаж, хүлэмжийн хий байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулж улмаар дэлхийн дулааралд нөлөөлж байна. Эрчим хүчийг солонгоруулахын тулд олон үүсгүүрээс буюу усыг ашиглах, сэргээгдэх эрчим хүч, атомын цахилгаан станцын үйл ажиллагаа зэргийг нэрлэж болно.

-Өнгөрсөн хугацаанд та бүхний судалгаан дээр үндэслэн ямар нээлт, шинэ технологийн бүтээгдэхүүн гарч байв?

-Нарны зайн төсөл үүнд багтах байх. Зөвлөлтийн үед манай хийсэн электрон багажийг Орос руу авч байсан. Манай инженерүүд зөөврийн компьютер угсарч дотооддоо үйлдвэрлэж байлаа. Хими, физикийн чиглэлээр ажилладаг эрдэм шинжилгээний ажилтнуудын бас нэг зовлон нь бага цалинтайгаасаа болж хувийн компаниуд үнэ амлаад технологийн инженерээр ажиллуулчихдаг тал бас бий. Эрдэмтэн бидний хийж буй судалгаа нь эцэстээ дэлхий нийтийн шинэ нээлтийг гаргахад өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулдаг даа.

-Хүн болгон физикч, математикч болох ёстой, ёсгүй гэдэг тал дээр таны үзэл бодлыг сонсвол?

-Ерөнхий физикийг хүүхдүүдэд заахаас өөр ямар ч арга байхгүй. Физикийн хичээлийн ач холбогдол өндөр. Өөрөөр хэлбэл, цахилгаан соронзон орон яагаад гарч ирэв, хагас цэнэг нэмэх цэнэг хаанаас үүссэн гэх зэргийг ганцхан физикээс л мэдэж авна. Өөр юунаас ч биш.

-Дэлхий ертөнцтэй холбоотой сонин содон сайхан мэдээллээс та хуваалцаач?

-Дэлхий тэлсээр байгаа нь нотлогддог. Үүнээс хамааран янз бүрийн судалгаа явуулж байна. Бид учиргүй мухардалд орчихоогүй. Гэхдээ 100 хувь таньж мэдээгүй. Таталцлын харилцан үйлчлэл, цахилгаан соронзон орон, сул, хүчтэй харилцан үйлчлэл гэсэн дөрвөн зүйлийн нарийн учрыг олоогүй цагт дэлхий ертөнц, харилцан юмсыг бүрэн ойлгоход бэрх.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *