Categories
мэдээ нийгэм

Д.Эрдэнэчимэг: Хүүхдийн өмчлөх эрхийн дагуу тэтгэмжийг нь тогтоож, тухайн хүүхэд хүчирхийлэлгүй орчинд өсөх нөхцөлийг харгалзан шийдэх боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслөөс санаачлан “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар хэлэлцье” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр хүүхдийн өсөж хөгжих, боловсрох, аюулгүй орчинг бий болгоход Төрийн бус байгууллагууд, хуульч, өмгөөлөгчдийн оролцоо, хууль, эрх зүйн боломжийн талаар санал бодлоо солилцсон юм. Мөн салбарын Төрийн бус байгууллагууд, про-боно хууль зүйн туслалцаа үзүүлэх хуульч нар хамтран ажиллах талаар харилцан мэдээлэл солилцлоо. Хэлэлцүүлэгт Хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд, хуульч, өмгөөлөгчид оролцлоо.

Энэ талаар “Эрх зүйн хөгжлийн төлөө” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Эрдэнэчимэг “2017 оны арваннэгдүгээр сараас хойш гэр бүл цуцлах талаар шүүхийн шийдвэрт хүүхдийн өмчлөх эрхийг хэрхэн тусгаж байгаад дүн шинжилгээ хийсэн. Гэр бүл салахад хамгийн ихээр хүүхэд хохирч үлддэг. Хүүхдийн эрхийг зөрчсөн зарим шийдвэрийн шүүхээс гаргаж байгааг судалгаагаар тогтоосон. Үүнээс хүүхдийн тэтгэмжийн асуудлыг шийдэхдээ хүүхэд тус бүрт биш нийт дунд нь шийддэг нийтлэг дутагдал байгаа нь тогтоогдсон. Шүүхээс тэтгэмж тогтоогдсон байхад эцэг, эх нь орлогогүй гээд олгодоггүй. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж шийдүүлэхээс өөр аргагүй. Гэрлэлт цуцлах явцад долоон наснаас дээш насны хүүхдээс эцэг, эхийнхээ хэнтэй хамт байхыг асууж асрамжийн асуудлыг шийддэг. Гэтэл энэ хууль хэрэгжихгүй байна. Хүүхэд өөрөө аав намайг зоддог гэж хэлээд байхад аавыг нь асран халамжлагчаар нь тогтоосон хэд хэдэн нийтлэг алдаа ажиглагдсан. Ингэхдээ эдийн засгийн хувьд хэн нь илүү боломжтой байгааг харгалзан шийдэж байна. Хүүхдийн өмчлөх эрхийн дагуу тэтгэмжийг нь тогтоож, тухайн хүүхэд хүчирхийлэлгүй орчинд өсөх нөхцөлийг харгалзан шийдэх боломжтой. Харин эдийн засгийн боломжийг харгалзаж байгаа нь учир дутагдалтай байна” гэлээ. Энэ мэт шүүх, эрх зүйн орчинд хүүхдийн эрх зөрчигддөг тохиолдол байгааг хэлэлцүүлэгийн үеэр хуульч, хүүхдийн эрхийн ажилтнууд хэлж байлаа.

“Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ш.Лхагвасүрэн “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Цагдаагийн ерөнхий газартай хамтран хүүхдүүдийн дунд хар тамхины хэрэглээний талаар судалгаа хийсэн. 1067 хүүхдээс 74 хувь нь хар тамхи хэрэглэж үзээгүй. 26 хувь нь ямар нэгэн байдлаар хэрэглэж үзсэн байна. Эдгээрийн тэн хагас нь донтсон гэдэг нь тогтоогдсон. Өмнөх судалгаанаас харахад өссөн үзүүлэлттэй байгаа нь эцэг эх, багш нар хүүхдүүддээ анхаарах цаг болсныг харуулж байна. Төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөр үр дүнгээ өгөхгүй байна. Хүүхдүүдийн дунд нийтийг хамруулсан урьдчилан сэргийлэх лекц хийх нь хангалттай биш байна. Эцэг эхчүүд хүүхдээ дунд ангид орсноос нь хойш анхаарахаа больж, хараа хяналтаа сулруулдаг. Энэ нь хүүхдийн буруу замруу орох нэг шалтгаан болж байна. Дотны зөвлөгч нь байж, хүүхдээ анхаарч байх хэрэгтэй. Ингэснээр аливаа буруу хэрэглээнээс урьдчилан сэргийлж чадна. Хар тамхи, мансууруулах бодис нь сэтгэхгүй, эрүүл мэнд цаашлаад нөхөн үржихүйд нөлөөлдөг. Хэрэв цаашдаа энэ хэвээр байсаар байвал удмын сан мөхөх аюулд орохыг үгүйсгэхгүй” гэв.

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд мансууруулах бодис хэрэглэх тохиолдол гарсаар байна. Түүний хор уршгийг мэдэхгүйгээсээ хохирч байгааг мэргэжилтнүүд хэлж байв.

Э.ЯНЖМАА

One reply on “Д.Эрдэнэчимэг: Хүүхдийн өмчлөх эрхийн дагуу тэтгэмжийг нь тогтоож, тухайн хүүхэд хүчирхийлэлгүй орчинд өсөх нөхцөлийг харгалзан шийдэх боломжтой”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *