Тэрбээр Бээжингийн Их театр, Солонгосын Үндэсний их театр, Оросын Большой театр, Франц дахь Юнескогийн танхим, Нью-Йорк дахь НҮБ-ын хурлын их танхим гээд дэлхийн гурван тивийн том, том тайзнаа гарч хуурдаж амжсан нэгэн билээ.
Түүний шинэхэн тоглолтын талаар Урлаг судлалын ухааны доктор, профессор Н.Жанцанноров хэлэхдээ, “Б.Шарав, Х.Билэгжаргал нарын хийл, морин хийл, төгөлдөр хуурын гурвал Монголын хөгжмийн XX зууны ололтыг бүрнээ илэрхийлэх бүтээлүүд. Хийлийг морин хуураар орлуулан хөгжимдсөн нь Н.Жигжиддоржийн зориг, чадварыг илэрхийлж байгаа хэрэг. Миний “Саруул талын дээгүүр” гэх гурвалыг энэ цомогт оруулсанд талархахын ялдамд уг бүтээлийг шинэ сэргэг дуурьсал, уран чадварын сайхан охь оргилуулан хөгжимдсөнд баярлууштай. Н.Жигжиддорж хуурчийн хөгжимдөх өндөр эрэмбэ, хуурынх нь өрнүүн эрчимт дуурьслыг сонссон хэний ч сэтгэл хөдөлж, баяр баясал, ухаарал гэгээрэл өгнө гэдэгт итгэнэм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.