ОХУ-ын Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар шөнийн 02 цагаас хөлбөмбөгийн ДАШТ-ий гуравдугаар тойргийн G хэсгийн Панам-Тунисын шигшээ багуудын халз тоглолт болж, Тунисын шигшээ Панамыг 2:1-ээр хожлоо.
Энэ тоглолтын анхны гоолыг 33 дахь минутад Тунисын хагас хамгаалагч Яссин Мэрия өөрийн хаалганд авто гоол оруулснаар эхний хагас 1:0-ээр завсарлалаа.
Харин сүүлийн хагаст Тунисын довтлогч Фехреддин Бен-Юссеф 51 дэх минутад тэнцээний гоол оруулсан бол, Вахби Хазри 66 дахьминутад дахин гоол оруулснаар, анх удаа ДАШТ-д оролцсон панамчууд Тунисын шигшээ багт 2:1-ээр хожигдлоо.
Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий G хэсгийн Англи-Бельги улсын шигшээ багуудын халз тоглолт Мосвагийн цагаар 21 цагт /Улаанбаатарын цагаар 2018.06.29-ний 02 цагт/ ОХУ-ын Калининград хотын “Калининград” цэнгэлдэх хүрээлэнд болж, 0:1-ээр бельгичүүдийн ялалтаар өндөрлөв.
Энэ тоглолтын ганц гоолыг Бельгийн хагас хамгаалагч Аднан Янузай 51 дэх минутад оруулсан юм. Ийнхүү энэ удаагийн ДАШТ-ий G хэсэгт гурван тоглолтод ялалт байгуулсан Бельгийн шигшээ баг хэсгээ тэргүүлж, англичууд хоёроор шалгарлаа.
Ингээд хасагдах шатны шөвгийн 16-д Бельгийн шигшээ Японы шигшээтэй тоглох бол Английн шигшээ баг, Колумбын шигшээ багийн эсрэг тоглохоор болж байна.
ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий Н хэсгийн гуравдугаар тойргийн Япон-Польшийн шигшээ багийн халз тоглолт энэ үдэш /2018.06.28/ Волгоград хотын “Волгоград-Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж, Польш 1:0-ээр хожлоо.
Энэ тоглолтын ганц гоолыг сүүлийн хагасын 59 дэх минутад хагас хамгаалагч Рафала Кужавын дамжуулалтаар хамгаалагч Ян Беднарек чөлөөт цохилтоор Японы хаалганд гоол оруулсан юм.
Японы шигшээ баг энэ мөчид хэсгээсээ нэгэнт хоёроор гарах нь Сенегалын шигшээ Колумбын шигшээг хожих эсэхээс хамаарах учраас ширүүн довтолгоо хийхгүй, хамгаалалт хийсээр 1:0-ээр тоглолтыг өндөрлүүлэв. Учир нь хэсгээ тэргүүлж байгаа колумбчууд Сенегалын хаалганд хожлын нэг гоол оруулчихсаныг япончууд мэдэж байлаа.
ОХУ-ын Самара хотын “Самара арена” цэнгэлдэх хүрээлэнд энэ үдэш /2018.06.28/ хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий Н хэсгийн гуравдугаар тойргийн Сенегал-Колумбын шигшээ багуудын тоглолт болж, 1:0 колумбчууд хожиж, сенегалчууд нутаг буцахаар боллоо.
Энэ тоглолтын 74 дэх минутад Колумбын хамгаалагч Иерри Мина гоол оруулснаар хэсгээ тэргүүлэх нь тодорхой болж, энэ үр дүнгээ хамгаалсаар эцсийн шүглийг дуугаргалаа.
Ийнхүү Колумбын шигшээ баг өнөө шөнө болох G хэсгийн хоёроор гарах баг /Англи-Бельги/-тай тоглохоор болж байгаа юм. Энэхүү тоглолтыг 41 970 үзэгч “Самара арена” цэнгэлдэхэд үзжээ.